А.Алтантуяа: Дэлхийн оюуны өвд монгол хувцсаа бүртгүүлсэн

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

А.Алтантуяа: Дэлхийн оюуны өвд монгол хувцсаа бүртгүүлсэн

Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан “Болор цом” наадмын тэргүүн байрын хурдан “ажнай”-г оюун ухаан, ур хийцээрээ гайхагдсан дээлээрээ мялаадаг  “Ур ундрах” компанийн захирал, мастер оёдолчин  А.Алтантуяатай ярилцлаа. Түүнийг Монголын алдар цуутай бөхчүүдийн дээлийг урладаг гэдгээр нь монголчууд андахгүй. Ингээд баяр наадам хаяанд ирсэн энэ цагт түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.

-Монгол түмний үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Энэ цагт та улам завгүй байх шиг байна?
-Тэгэлгүй яах вэ. Монголчууд маань үндэснийхээ хувцсаар гангардаг сайхан баяр.  Би оёсон дээлээ тоолж үзээгүй. Миний оёсон дээлний тоо хэд байх нь чухал биш. Хамгийн гол нь миний оёсон дээлийг өмссөн хүн олны дунд сайхан харагдаасай гэж боддог. Аав маань хоёр дайнд оролцож явсан ахмад дайчин хүн юм л даа. Нэг удаа “Миний охин Японы элчин сайдад нэг сайн дээл урлаад өгөөрэй. Бидний дайтаж явсан нь  ч яах вэ. Одоо манай улсад зуд турхан сайн муу юм болно.Тэр үед Японы ард түмэн л тусалж байна шүү дээ” гэж билээ.Би дээлэндээ сэтгэлээ шингээж, ур ухаанаа гаргаж урлахыг хичээдэг.

-Тэгээд та дээл хийж өгсөн үү?
-Тийм ээ. Элчин сайд Ханада гуайд сайхан Монгол дээл урлаж өгсөн.  Тэгээд дээлийг нь мялааж ерөөл хэлэхэд их билэгшээж байсан. Ийм сайхан ерөөл байдаг гэж мэдээгүй гэсэн шүү. Ханада гуай их баярлаж байна лээ.

-Мэдээж та сайхан сэтгэл гаргаж оёж өгсөн байх. Гэхдээ цаанаа ард түмнээ бодож дээ?
-/Инээв/Ер нь хүнд өгсөн сэтгэлийн бэлэг гэдэг л хамгийн том юм шүү дээ.

-Ямарваа нэгэн хүнд мэргэжлийн онцлог гэж бий. Таны нүд сайхан дээл өмссөн хүнийг л нарийн сонждог байх. Дээлнийхээ үлгэрийг хаанаас авдаг вэ?
-Ер нь тийм шүү. Зураач Ү.Ядамсүрэн гуайн зурагнаас харж оёно. Лам дээлнээс эхлээд бүхий л төрлийн дээл оёдог.Уламжлалаа хадгалж дээлээ оёдог.

-Таны оёдлын өрөөнд ороход үнэхээр монгол ахуй нэвт шингэсэн байна. Нүд баясч сэтгэл сэргэлээ. Монгол эмэгтэй хүний эрхэмлэвэл зохих есөн шинж, энэ тэр гээд их чухал хэрэгтэй зүйл нэлээд байна шүү?

-Би чинь адуутай, айрагтай Монгол ахуйтай их ойр өссөн хүн. Тиймээс бүх зүйлд Монгол уламжлалаа дээдлэхийг хичээдэг. Дээлээ урладаг өрөөгөө ч монгол ахуйд ойртуулж тохижуулсан юм. 

-Төгс эмэгтэйд цогцолсон байх ёстой шинжүүдийг нэг нь үйлэнд уран, үгэнд цэцэн байх ёстой гэдэг. Танд дээрх шинж бүрэлдсэн байна шүү?
-Баярлалаа. Эмэгтэй хүн уран байна гэдэг хамгийн нандин зүйл шүү дээ.  Намайг хүүхэд байхаас л ээж маань “Миний охин үйлэнд уран байгаарай. Уран эмэгтэй айл гэрээ өнгөтэй өөдтэй авч явдаг юм шүү дээ” гэж захидаг байсан.  Эгч нь 5-6 настайгаасаа л мөнгөн зүүтэй амьдралаа холбосон доо.

-Ийм жаахнаасаа юу. Хуруу гараа хатгах гээд хэцүү биш үү?
-Зүгээр ээ. Тэгж байгаад л сурчихдаг. Эхлээд ширдэг оёж сурсан.  Анх 13 настайдаа аавдаа дээл урлаж өгөхөд  “Миний  охин их уран эзэгтэй болох нь ээ.  Үнэхээр сайхан болж. Өөлөх юм алга. Улам уран болоорой” гэж ерөөж байсан.   Тэр үед ээж маань бурхан болсон байлаа. Тэгээд л дөрвөн дүүгээ хүний дайтай амьдруулахсан гэж оёдолчин болсон доо. 

-Та жил бүрийн “Болор цом”-ын тэргүүн байрын эзэнд дээл бэлэглэчихээд л чимээгүй алга болчихдог…?
-Би шүлэг найрагт их хорхойтой.  Миний хоёр дахь хобби бол ном унших.  Монголын олон сайхан зохиолчдын  зохиол, яруу найргийг уншиж хүмүүжиж ирсэн.  Гэрийн номын сан маань баян шүү. 2003 оноос өнөөг хүртэл  “Болор цом”-ын тэр­гүүн байрын эзнийг өөрийн  урласан дээлээрээ мялааж байна даа.

-Ном сударт баринтаг оёх их буян юм гэнэ лээ. Уран үгсийн их дархчуудад эгшиглэнт Янжинлхам бурханы адис хишиг оршсон болохоор бурханд дээл хийж өгснөөс ялгаагүй буян хурдаг байх даа?
-Тийм ээ. Би үргэлж сүсэглэж хийдэг. Дээлийг нь урлаж байгаа хүнээ бурхантай зүйрлэж,  баринтаг оёж байна  хэмээн хүндэтгэн сэтгэлээ гаргаж оёдог. Тэр сайхан сэтгэл, зөв бодлынхоо үрээр өдий дайтай явна гэж боддог. Баяр наадам дөхөхөөр би яг л хурдны морь шиг болчихдог юм. Миний оёсон дээлийг өмсөөд явж байгаа бөхчүүдээ харахаар үнэхээр сайхан. Хийсэн дээл маань амилаад ирж байгаа нь тэр дээ.

-Үйлэнд уран эмэгтэй хадмууддаа их нэр хүндтэй байдаг байх даа?
-Би чинь 18-хан насандаа айлын бэр болсон хүн шүү дээ.  Ханийн маань аав ээж нь  намайг уран гэж сонсоод “Бушуухан эхнэрээ болгож ав. Тэгэхгүй бол өөр хүн аваад суучихна шүү” гэж нөхөрт маань хэлсэн гэдэг.

-Та өнгөрсөн тавдугаар сард Сөүлд болсон олон улсын үзэс­гэлэнгээс мөнгөн медаль авсан гэсэн. Энэ талаар сонирхуулна уу?
-Тийм ээ. Энэ үзэсгэлэнд 45 орны 100 гаруй төлөөлөгч оролц­сон. Тэнд гадаадын технологийн өндөр хөгжлийг олж хар­лаа. Үнэхээр гайхамшгийг үзсэн. Гэхдээ Монгол ахуй маань хэзээ ч хоцрохгүй. Цахилгаан хэрэглэхгүйгээр хийж бол­дог монгол ахуйтай хамгийн ойр гайхалтай зохицдог нь үн­дэс­ний маань хувцас. Манайхан сүүлийн үед харийн соёлыг хэтэр­хий их шүтэж байгаад эмзэглэдэг. Гадаадад үйлдвэрлэсэн гэхээр л чанартай, гадаад хүн л сайн гэх юм. Монголчуудын хэрэг­лээний 80 хувь нь импортын  бүтээгдэхүүн байна.  Энэ бол эмгэнэл шүү дээ.

-Та Монгол дээл, хувцсаа дэлхийн өвд бүртгүүлсэн гэсэн?
-Тийм ээ.  Тавдугаар сард Солонгост үзэсгэлэн гаргаж байхад танайх оюуны өвд юугаа бүртгүүлэх вэ гэж Дэлхийн оюуны  өмчийн байгууллагын зохион байгуулагчид нь  асуусан. Тэгээд  манайх:
– Мандах төрийн малгай
Бүтэх төрийн бүс
Дэвжих төрийн дээл
 Тулах төрийн гутлаа  бүртгүүлсэн.  Одоо жинхэнэ Монгол хувцас мөн үү гэдгийг  зургаан сарын  хугацаатай  судалж байна.  Удахгүй хариу нь ирнэ. Дэлхийн оюуны өмчийн захи­рал Сайжира  Солонгост ирж бүх улс үндэстний үзэсгэлэнд орол­цогч­дод оюуны өмчийн талаар зөвлөгөө өгсөн. Монголоос ганц­хан манай компанийнхан  оролцсон. Манай компани Со­лон­гост гурав дахь удаагаа үзэсгэлэн гаргаад мөнгөн медаль хүрт­сэн­дээ сэтгэл тэнүүн байгаа.

-Та бас чамгүй уран уншигч юм билээ?
-Залуу  байхдаа л уншдаг байлаа. Хорь гаруй настайдаа Өвөрхангай аймгийн 18 сумын намын дарга  нарын чуулга уулзалтад Д.Пүрэв­дорж гуайн  “Гэргийн зүрхний бичлэг”  шүлгийг ун­шиж байсан.  Энэ үед аймгийн намын хорооны нэгдүгээр на­рийн бичгийн дарга асан Ухнаа гуай надад оёдлын машин бэлэг­лэсэн. Тухайн үедээ маш том шагнал байсан даа.

-Уучлаарай. Та энэ жилийн “Болор цом” дээр талийгаач хүүгийнхээ шүлгийг уншиж олон ээжийн сэтгэлийн эмзэг утсыг хөндсөн?
-Тийм ээ. Үртэй хүн болгон намайг өрөвдсөн байх. Миний хүү хаа хол Афганистанд байхдаа  ээждээ зориулж бичсэн шүлэг нь хүний сэтгэлд хүрсэн байдаг.  Хүүгийнхээ надад зориулж бичсэн шүлгийг уншихаар ямар их совинтой байсныг мэдрэх юм.
-Одоо том эр болж
Онож алдахын завсарт гэлдэрч явна
Дэргэд чинь байхгүй үедээ
Хальтирч гишгэх гээд байх юм
Дэлгэр зуны цагаар сэтгэл жиндээд горьгүй нь ээ /нүдэнд нь нулимс цийлэгнэж хоолой нь зангирав/. Миний хүү амьдралын төлөө гэсэн зорилготой их ухаантай хүү байсан.  Муу ээжийгээ  сайн яваасай гэсэндээ харь оронд ажил хийхээр яваад бурхан болсон. Тийм болохоор ээж нь ажил үйлсийг нь сайнаар үргэлж­­лүүлэхийг боддог юм.  Хүүгийнхээ шүлгээр  “Орхоны шуугиан” ном хэвлүүлсэн. Эгч нь хүүгээ багад нь хөхүүлэнгээ ном уншдаг байлаа. Би хүүдээ хэтэрхий их хайртай байж дээ. Жаахан л оройтох юм бол ажил дээр нь яваад очдог байсан. Үр минь одоо ч гэсэн өр зүрхэнд маань сэргүүн тунгалагаараа төсөөлөгддөг.

-Том бөх хүний дээлэнд чамгүй их материал ордог байх даа?
-Бөхчүүдийн дээлний захны урт 60 см хүрэх нь ч бий.  Үүнийг нь хүмүүс үзчихээд бүс юм уу, аль эсвэл морины олом юм уу гэж асуугаад байдаг юм.

-Уяачдын дээл их өвөрмөц юм билээ. Дийлэнхийг нь таныг оёдог гэж сонссон?
-Тэд нударгатай дээл хийлгэдэг. Нэрийг нь хэвлэлд хэлэхээр дургүйцээд байдаг юм аа. Ер нь манайхаас өөр газар нударгатай дээл оёдоггүй.

-Манай Монгол хувцсыг гадаадынхан хэр сонирхдог вэ?
-Сонирхолгүй яах вэ.  Би Монгол хувцас, уужаа өмсөөд Сөүлийн гудамжинд зогссон чинь  хүмүүс хамт зургаа авахуулъя гээд ёстой “од” боллоо шүү дээ./инээв/.

-Та дээлийг  нь урласан хүнийхээ нэрийг хэлэхгүй гэнэ. Гэхдээ Асашёорюү Д.Дагвадоржийн дээлийг урласан түүхээ л ярьчих. Бусдыг нь асуухгүй ээ?
-Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө шүү дээ. Их аваргын сүйт бүсгүй Г.Тамирын ээж над дээр ирээд “Би хүүдээ  дээл оёулж бэлэглэх гэсэн юм. Та яваад материалыг нь сонголцоод өгөхгүй юу” гэсэн юм. Тэгэхэд нь хамт “Говь” компани ороод  саарал өнгөтэй цэвэр ноолууран  давуу сонгож авч дээл урлаж өгч байсан.

-Есөн ширхэг алтан товчтой энэ тэр гээд хэвлэлээр шуугиад байсан?
-Тийм ээ. Есөн ширхэг алтан товчтой үнэхээр сайхан дээл болсон. Гэхдээ бэл бэлчин биш оёулж байгаа хүн, оёсон миний сэтгэл нь чухал шүү дээ.  Их аваргынхаа дээлийг урласандаа их билэгшээж явдаг. Их аварга маань 56-57 размерийн дээл өмсдөг юм билээ.

-Та их олон дээлтэй байх даа?
-Харин ч эсрэгээрээ.  Нөгөө “загасчны морь усгүй” гэгчээр /инээв/. Харин хань маань овоо хэдэн дээлтэй шүү.

-Энэ жил ямархуу загварын дээл моодонд орох вэ. Бас өнгөний хувьд?
-Сүүлийн үед манайхан чинь тод өнгөнд их сонирхолтой бол­сон байна лээ.  Бөхчүүд маань ноолууран дээлээр гангарах байх. Торгоны хаан хүр хорхойн шүлсээр нэхсэн торго гэгддэг. Ийм торгоны үйлдвэр Шанхайд байдаг юм. Хоргой, торго,даавуу гээд бүх материал гурван янз байдаг. Муу торго амархан шатдаг. Сайн торгонд ширхэг үс ч наалдаггүй. Энэ дашрамд үндэснийхээ хувцсаар гангарч, элэг нэгт Монгол түмэн маань дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай гэж ерөөе.   Захиалга ихтэй болохоор эгч нь ингээд ажилдаа орлоо.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж