Тахарын алба хэвээр үлдэв

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Тахарын алба хэвээр үлдэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дуусган УИХ-д оруулж ирлээ.

Үүнтэй холбоотойгоор чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болгон нэрийг нь тодотгох санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн дэмжлэг хүлээлээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Тахарын албыг Хууль зүйн сайдын чиг үүрэгт оруулах гэсэн санал гаргасан нь 79.7 хувийн дэмжлэг хүлээлээ. Ингэснээр татан буугдахдаа тулж байсан Тахарын алба хэвээр үлдлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Цөмийн энергийн газрыг Ерөнхий сайдын харьяанд үлдээх гэсэн санал гаргасан байсан ч чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа.

УИХ-ын гишүүн Г.Уянга, Н.Батцэрэг нар Соёл, спорт аялал жуулчлалын яамыг хэвээр үлдээх гэсэн саналыг гаргасан ч гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа.

Мөн Тэргүүн шадар сайдын алба бий болгох, Монгол Улсын сайдын албан тушаалыг байхгүй болгох гэсэн санал гаргасан нь чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм.

Ингэснээр УИХ Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиуд, холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын Төрийн байгуулалтын банйгын хороо хуралдахаар боллоо.

Чуулганы хуралдаан дахин үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж