ЗГ-ын бүтцийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

ЗГ-ын бүтцийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 71.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү төсөлд Засгийн газар нь 15 яам, 19 сайдтай байхаар тусгасан юм.

Хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүдийн ирц хангалтгүй байсан ч санал хураах болоход олонхи нь орж ирсэн юм. Тодруулбал, энэ удаагийн санал хураалтад 76 гишүүн оролцох ёстойгоос 60 нь оролцов.

Мөн уг хуралдаанаар дээрх хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх ёстой байлаа. Гэвч хуулийн төсөл гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хэлснээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж батлах шаардлагатай чухал төсөл аж. Тиймээс уг төслөөр санал хураалтыг дахисан ч олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна. Энэ хооронд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлэгдсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд оруулж ирэхээр болов.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж