УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа ч гишүүдийн ирц хангалтгүй байна.
Хуралдаанд нийт 76 гишүүн оролцох ёстой ч олонхи нь эзгүй, ширээ нь хоосон байгаа юм. Гэхдээ хуралдаанд оролцож байгаа гишүүд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Засгийн газрын бүтцийг шүүмжилж, үгээ дайсан ч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Эрх баригчид хийгээд бие даагчид, мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдийг ухаантай юм ярьж, жүжиг тавих шаардлагагүй" гэж зэмлэв.
"Өнгөрсөн 2.7 жилийн хугацаанд УИХ-д зөвхөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сөрөг хүчин байж, бусад нь эрх баригчид байсан. Тэр үед бие даагчид хүртэл төр цомхон байх тухай яриагүй. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төр өөрөөсөө эхэлж бүсээ чангалах ёстой. Үүний тулд УИХ нь ч тэр, Засгийн газар ч тэр нүдээ аниад буулгах ёстой агентлагийг татан буулгаж, нэгтгэх газрыг нь нэгтгэж, аж ахуйн тооцоонд шилжүүлэхийг нь шилжүүлж байж, хямралаас гарна" гэсэн зөвлөгөөг Ч.Хүрэлбаатар гишүүн өглөө.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ