Хэрэлдэх сэдэв олон ч хийх ажил түүнээс их

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Хэрэлдэх сэдэв олон ч хийх ажил түүнээс их

-Энэ тухай Ерөнхийлөгч санууллаа-

 

Хэрэлдэх сэдэв олон ч хийх ажил түүнээс их байна. Энэ тухай Ерөнхийлөгч санууллаа.

Өвөл боллоо, хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байна. Утаа униар ч болохоо байлаа. Ханиад томуу ч ихэсч, хүүхдийн эмнэлгүүд ачааллаа даахаа больжээ. Асуудал улам зузаарсаар, шийдлээ олоогүй, олон жилийн турш яригдсан улигт сэдвүүд ч дахиад босч ирлээ.

Бүтэц, томилгоо ярьсаар байтал бүтэн жил өнгөрөх нь. Ямар ч үр дүнгүй хэрэлдэж суухаар сайн муу ч гэсэн засагтай болж аваад урагшаа явсан нь дээр биз.  Засаггүй, хариуцлага тооцох хүнгүй, салбар болгонд ажил доголдож, манай улсын хөгжил хэрүүл хийгээд сайжирдаг бол сайжрахаараа нэг боллоо. 

Гэтэл бүх зүйл бахь байдгаараа байгааг Ерөнхийлөгч твийттер  хуудсаараа дамжуулан сануулав.

Тэрбээр “Хариуцсан хүн бүрээс нь бодит шийдэл, ахиц, үр дүн нэхэх 3 тулгамдсан асуудал байна. 1.Утаа 1.Хүүхдийн эмнэлэг 1.Замын осол. Хамт шаардая”  хэмээн жиргэжээ.

Монгол Улс агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Мөн хөрсний бохирдлоороо Улаанбаатар нэлээд дээгүүрт жагсч байна.  Макро төвшний томоохон бодлогын асуудлаас гадна  монголчуудын санааг чилээсэн жижиг хэрнээ, том сэдэв болчихоод байгаа олон асуудал шийдлээ олоогүй хэвээр байна.

Тиймээс бүтэц, томилгоогоо хурдхан шиг шийдээд дараагийн асуудалдаа оръё.

Төрийн ажлыг гацаанаас гаргая.

Утаагаа улиг болсон ч гэлээ ярья, хүүхдийн эмнэлгээ барья. Сургууль, цэцэрлэгийнхээ тоог нэмье. Гэр хорооллыг барилгажуулъя. Амьд явах эрхээ баталгаажуулъя. Хэрэлдэх сэдэв мундахгүй бий ч хийх ажил түүнээс их байгааг сануулахад буруудахгүй биз.

Монгол Улсад зам тээврийн ослоос болж жилдээ 500 орчим хүн амиа алдаж байна гэсэн судалгаа бий. Энэ нь мянган хүнд ногдох үзүүлэлтээр тооцвол дэлхий дээрх хамгийн өндөр төвшинд орох үзүүлэлт юм.  Улаанбаатар өнөөдөр аюултай, эрсдэлтэй хотын тоонд нэлээд дээгүүрт жагсч байна.  Жижигхэн юм шиг хэрнээ маш  улам томорсоор байгаа нийгмийн асуудлаа шийдэх, үүний тулд сайн, муу нь хамаагүй засаг төртэй байх нь чухал байна.

Төрийн ажил гацах тусам шийдвэрлэх олон асуудал ширээн дээр хуримтлагдах нь тодорхой.

Тэгэхээр одоо бүгдээрээ улстөржилтөө зогсоогоод хариуцсан ажлаа хийцгээе. Хэн сайд болох вэ гэдэг өнөөдрийн гол асуудал байвч, маргаашийн чухал сэдэв биш билээ.  Маргааш дахиад л утаатайгаа байх уу. Маргааш дахин хэн нэгэн бусдын санамсаргүй үйлдлээс болж амиа алдах уу. Маргаашийн олон асуудлыг өнөөдөр шийдэхгүй бол  асуудал томорч, гарц нь улам жижгэрсээр байх юм. Эдийн засаг хямарлаа, төмөр зам хаана байна, нүүрс яах вэ гэсэн макро төвшний асуудлыг хөндөхөө больё. Зүгээр л монголчуудын амьдрал үргэжилж байна.  Дэлхий сөнөчихөөгүй бол засаг огцорлоо гээд монголчуудын амьдрал дуусчихгүй.  Саарал ордонд сандал суудлын хэрүүлтэй хамт монголчуудын асуудал шийдэгдэхгүй.  Хамгийн гол нь засгаа хурдхан эмхэлж аваад, ажилдаа яаралтай орохоос өөр сонголт  намуудад үлдсэнгүй.  Эвсч нэгдээд ч болтугай энэ олон асуудлаас ядаж л нэг хоёрыг нь шийдэхийн төлөө ажилдаа орцгоо. Засгаа байгуулъя, ажлыг нь хийлгэе, асуудлаа шийдвэрлүүлье, хариуцлага яръя.  Хэрэлдэж суусан цэцэнээс хийсэн тэнэг илүү харагдана шүү дээ.

 Ж.ЭРХЭС

 

.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж