Т.Хулан: Мөрөөдөл минь Жульетта

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Т.Хулан: Мөрөөдөл минь Жульетта

“Сарны нулимс ”-ын Цоомоо, “Лусын дагина ”-ны гүнж, “Норовын намтар”-ын Жимсээ гээд жүжигчин Т.Хуланг олон дүрээр нь тодорхойлж болно.

Гэвч түүнтэй ярилцахад дотоод ертөнцдөө өөрийн гэсэн орон зайг бий болгож, түүгээрээ омог бардам амьдардаг жирийн уран бүтээлч эмэгтэй, ээж хүн шиг санагдсан.

Түүнд хэзээ ч өөрчлөгдөж, хувирахгүй нэг зүйл бий. Тэр бол урлагт хайртай сэтгэл байв.

-Драмын театрт 2006 онд орсон. Драмын урлагт хайртай, энэ урлагт хүчээ сорих хүсэл байсан учир энэ сонголтыг хийсэн. Мөн театрынхаа хамт олон, уран бүтээлч нөхөддөө хайртай.

-Би дунд сургуульд байхдаа их даруухан, дотогшоо охин байлаа. Багшийнхаа үгнээс гардаггүй, дуулгавартай гэх үү дээ. Харин жүжигчин мэргэжил минь намайг илүү нээсэн гэж боддог юм.

-Хүмүүс намайг "Сарны нулимс"-ын Цоомоогоор минь сайн мэддэг. Энэ дүр надаас жаахан хол санагдаж байсан шүү. Учир нь би тухайн үед ээж болоогүй байсан. Мөн хэзээ ч төрүүлсэн үрээ хүнд өгөхгүй. Гэхдээ энэ дүрээ хүндэлж, хайрладаг. Хүмүүст хамгийн их хүрч, намайг таниулсан дүр минь учраас.

Блиц

Төрсөн он сар: 1983.01.23

Төгссөн сургууль: СУИС

Сул тал: Зөөлөн сэтгэлтэй

Давуу тал: Хүнийг  уучилж чаддаг

Дуртай хоол: Цуйван

Дуртай өнгө: Ягаан

Хүндэлдэг жүжигчин: Ардын жүжигчин С.Сарантуяа

Баримталдаг зан чанар: Шулуун шударга

-“Норовын намтар” зохиолд Жимсээ гэж дүр байгаагүй. Найруулагч нэмж оруулсан юм. Жимсээ нь Норовын эсрэг дүр.

Хамгийн цагаан, гэгээлэг номонд дуртай хүүхэд гэж ойлгож болно. XX зууны хүүхдүүд ном уншдаг байсан бол XXI зууны хүүхдүүд компьютероор амьсгалах болсон.

-“Намрын синдром” кинонд аманцар охины дүрийг бүтээсэн. Ер нь сүүлийн үеийн дүрүүд надаас арай өөрийг эрэлхийлсэн. “Хайрын рекорд”, "Намрын синдром”, “Мама миа” зэрэг киноны дүрүүд надаас тэс өөр.

“Хайрын рекорд” гэхэд их хээнцэр хэрнээ нэлээд сахилгагүй охины дүр. Гэхдээ манай мэргэжил давуу талтай. Тэр нь би амьдралд тэр бүр сахилгагүйтээд байж болохгүй.

Тэгэхээр дүрээрээ би сахилгагүйтэж болно. Ямар дүр бүтээмээр байна, яаж өөрийгөө өөрчилмөөр байна, тэр бүхнээ дүрдээ шингээж болдгоороо жүжигчний мэргэжил сайхан.

-Ээж болох мөч үгээр хэлэхийн аргагүй сайхан. Бүх зүйл өөрчлөгдчихсөн юм шиг санагддаг. Илүү уян, зөөлөн сэтгэлтэй болдог. Хүүхдээ харах бүрт аз жаргал, хайр мэдрэгддэг юм билээ.

-Би ээж болохоосоо өмнө жаахан жин нэмсэн. Гэхдээ төрснийхөө дараа амархан хуучин хэвэндээ орсон. Манай удамд махлаг хүн бараг байхгүй. Тиймээс удмаа л дагасан байх. Харин манай охид турах гээд элдэв эм, бэлдмэл хэрэглэх юм. Би үүнийг буруу гэж боддог. Учир нь эмэгтэй хүн өөрийнхөөрөө байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг.

-Би өөрөөсөө өөр дүр бүтээхийг хүсдэг. Жүжигчин хүн өөрийгөө эвдэж, өөрөөсөө өөр хүнийг төрүүлж байж тухайн уран бүтээл үнэ цэнэтэй болдог. Тиймээс залуу уран бүтээлчийн хувьд дүрийн эрэл хайгуул, судалгаа сайн хийхийг хүсдэг. Би тайзан дээр Солонго гэсэн дүрийг бүтээх ёстой бол Хулангаараа байж болохгүй шүү дээ.

-Надад хүүхдийн жүжигт тоглох сайхан байдаг. Эргээд бага насандаа очсон юм шиг гоё мэдрэмж төрдөг. Анх “Лусын дагина" жүжигт тоглож байлаа. Хүүхдүүд алга ташихад тэндээс ямар сайхан энерги ирдэг гээч. Энэ дүрээрээ би “Гэгээн муза” хүртэж байсан.

-Жүжигчин хүн бүхэнд хүсдэг дүр байдаг. Би Жульеттад тоглох мөрөөдөлтэй. Энэ дүрээр өөрийнхөө залуу насыг мөнхлөхсөн гэж боддог. Жүжигчин хүнд харагдах тал гэж бий. Энэ талаасаа Жульетта надад арай ойр санагддаг. Мөн Монголын түүхэн жүжиг, кинонд тоглохыг хүсдэггүй жүжигчин байдаггүй байх.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж