“Спорт, соёлын салбар өнчин хүүхэд шиг хаягдана”

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

“Спорт, соёлын салбар өнчин хүүхэд шиг хаягдана”

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг яг  одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. 

Бүтцэд хийсэн өөрчлөлтөөр нэг яамыг татан буулгасан нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам юм.

Тус яамыг өнгөрсөн хугацаанд удирдсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс хоёр асуултад хариулт авлаа.

-Таны удирдаж байсан яамыг татан буулгаж, гурван яаманд харьяалуулахаар хуваасан байна. Энэ салбарыг удирдаж байгаа хүний хувьд Засгийн газрын энэ бүтцэд шүүмжлэлтэй хандаж байгаа байх?

-Гурван сая хүний эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг Эрүүл мэндийн сайдаар ямар ч супер хүн ажиллаад, спортынхны зовлон, жаргалыг сонсч суух зав гарахгүй. Тэгэхээр спортын салбарын хөгжил өнчин хүүхэд шиг хол хаягдана. Нөгөө талаас хоёр сая хүний боловсролыг хариуцаж байгаа боловсролын сайдын ачаалал маш их байдаг. Тийм учраас энэ хоёр салбар хамгийн их хүнд сурталтай салбараар тодроод байна.

Боловсролын салбарын ачааллаа дийлэхгүй байгаа яам соёлын асуудлыг давхар хариуцвал соёлын өвөө хамгаалах, сэргээх, буцаан авчрах гээд олон чухал ажил ард хоцорно. Ингэж боломжгүй яамд руу спорт, соёлын асуудлыг шилжүүлж, эзэнгүйдүүлэх гэж байгаа нь буруу. Хүн харахад эзэнтэй юм шиг боловч цаанаа хууль бус соёлын өвийн асуудал цэцэглэнэ. 

Яам байгуулагдсанаар соёлын өвийг хууль бусаар наймаалдаг сүлжээг бид дарж чадсан. Хууль бусаар гарсан соёлын өвийг буцааж авчрах ажлыг дараа дараагийн сайдууд хийх хэрэгтэй. Буцааж авчрах гарц нь тавигдаад явж байгаа. Энэ ажлыг үргэлжлүүлэхэд цаг  зарцуулж, хэлэлцээр хийж чадах, ард түмэндээ хохиролгүй, мөнгө зарахгүйгээр хийх ажлыг манай яам эхлүүлсэн. Хүн харахад жижигхэн барилга дотор цомхон бүтцээр  ажиллдаг ч үнэ цэнэтэй соёлын өвийг буцааж авчирсан, цаашид ч  буцаан авчрах боломжтой. Дээр нь ард түмний соёлоо гэсэн сэтгэл дээр ажилладаг учраас хүний нүдэнд харагдахгүй, улсын төсөвт тусгагдахгүй  олон ажил хийдэг. Өвөрхангай аймаг дээр жишээ авахад тус аймагт 500 гаруй малчин соёлын өвийн сахин хамгаалагч болоод байна.

-Аялал жуулчлалаас олох орлого нэмэгдэж байгаа гэж та ярьсан шүү дээ. Гэтэл энэ салбарыг  Байгаль орчны яаманд шилжүүлэхээр тусгаад байна?

-Монголд ирж буй жуулчид юуг сонирхдог тухай судалгаа явуулахад хамгийн  түрүүнд Монголын уламжлалт соёлыг сонирхож ирдэг нь харагдсан. Өнөөдөр аялал жуулчлалаас орж буй орлого жил ирэх тусам нэмэгдэж  байгаа. Дэлхий даяар уран сэтгэмжтэй эдийн засаг хөгжүүлэх хандлага хүчээ авч байна.

Манайх энэ хандлагын дагуу Засгийн газраа байгуулж, дэлхийд энэ хандлагаараа үлгэр жишээ болж яваа орон. Гэтэл одоо эргээд энэ хандлагаас ухрах шийдвэр гаргаж байгаа нь эдийн засагт хортой шүү дээ.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж