Японы Токио хотноо 6 дахь удаагийн Их Дуулгын тэмцээн маргааш эхэлнэ. Дэлхийн 65 улсын эрэгтэй 253, эмэгтэй 171, нийт 424 жүдочид зодоглож байгаа энэ тэмцээний сугалаа өнөөдөр боллоо. Маргааш орон нутгийн цагаар өглөөний 9 цагаас эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ийн жингийн, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд эхлэх бол нээлтийн ажиллагаа 15 цаг 30 минутаас болох юм байна. Дээрх жингийн хагас шигшээ шигшээ барилдаанууд нээлтийн ажиллагааны дараа буюу орон нутгийн цагаар 16 цагаас эхлэх юм байна.
Энэ удаагийн Гранд Слам буюу Их дуулгын тэмцээнд манай улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй 12, эмэгтэй 8 жүдоч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од багш дасгалжуулагчийн удирдлага дор оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Маргааш эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Г.Болдбаатар, МУГт Д. Амартүвшин нар тэмцээний салхийг хагалах юм. Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлснээр АНУ-ын жүдоч Кунихиро Аарон, Узбекстаны жүдоч Урозбоев Диёорбек нарын аль ялсантай нь Их дуулгын татами дээр хүч үзэхээр болжээ. МУГТ Д.Амартүвшин эхний тойрогтоо гоц мөргөж Испанийн жүдоч Гарригос Франсискотой барилдахаар оноолт таарсан байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Д. Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж, Италийн тамирчин Верде Элиотой барилдахаар болсон байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд сүүлийн үед болсон хэд хэдэн тэмцээнд амжилт гаргасан Г.Отгонцэцэг эхний тойрогтоо хийлснээр Словенийн тамирчин Урсик Кристина, Японы тамирчин Асами Харуна нарын аль ялсантай нь Их дуулгын татами дээр хурд хүчээ сорихоор болжээ. 52 кг-ийн жингийн А.Цолмон ОХУ-ын жүдоч Рязова Юлиятай, 57 кг-ийн жингийн Д. Сумьяа эхний тойрогтоо гоц мөргөснөөр Люксембургийн жүдоч Мьюллер Марийтай татами дээр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр оноолт таарчээ.
Эх сурвалж: likenews.mn