“Яамгүй сайдын саналыг МАН тавиагүй”

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

“Яамгүй сайдын саналыг МАН тавиагүй”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр орой Засгийн газрын бүтцийг өргөн барьсан билээ. Гэхдээ тэрбээр “Шударга ёс” эвсэлд бүтцээ танилцуулаагүй өргөн барьсан гэж Н.Батцэрэг дарга мэдэгдлээ. Харин МАН-ынхантай зөвшилцөлд хүрсэн эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин дараах тайлбарыг өглөө.
 
-АН-ынхан өчигдөр бүтцээ хүчээр өргөн барьчихсан юм биш биз дээ. Танай намтай зөвшилцөж чадсан уу?
 
-Зөвшилцөлд хүрсэн. Ажлын хэсгийнхэн маань хоёр талаасаа байр сууриа тавьж багагүй хугацаанд маргалаа. Зарим үед уур амьсгал ч нэлээд ширүүссэн гэдэг үнэн. Гэхдээ ярьсаар байгаад зөвшилцөлд хүрсэн байгаа.
 
-Танай намаас удаа дараа тавьж байсан цомхон гэдэг шаардлага хангагдсангүй. Засгийн газрын бүтэц данхайсан юм биш үү?
 
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 13 яам, 16 сайдтай. Гол маргаан үүнийг л тойрч өрнөсөн. Тэд ямар тайлбар хийсэн гэхээр “Та нарын хэлсний дагуу нэг яамыг нь татан буулгая. Гурвыг бол чадахгүй. Гэхдээ яамгүй нэг сайдыг нэмэе. Мэдээж яамгүй учраас орон тоо байхгүй. Хоёрдугаарт, төсвийн зардлыг бууруулъя. Төсвийн зардлыг бууруулахдаа яамны хүрээнд ярихгүйгээр агентлагууд болоод дэргэдэх газруудын орон тоог багасгая” гэж ярьсан. Дээрээс нь 2015 оны төсвийг ярих үедээ орон тоо хасна гэдгээ гүйцэтгэхээр тохирсон. Ингээд бодоод үзэхэд нийт дүнгээр улсын төсвийг хэмнэх боломжтой гэж хэлнэ лээ. Тооцоог нь ч гэсэн удахгүй танилцуулна гэсэн.
 
-Монгол Улсын сайд гэсэн албан тушаал байна. Энэ ямар учиртай алба вэ?
 
-Ер нь Монгол Улсын сайд гэдэг чинь Хэрэг эрхлэх газрын даргыг хэлдэг. Гэхдээ энэ удаад  яамгүй сайд гэж давхар байх шиг байна.
 
-Яамгүй сайдтай байх саналыг хэн гаргасан юм бэ?
 
-Манайхаас лав тавиагүй. Яаж хуваарилалтаа хийхээ удахгүй хэлэлцэх байх. Аль яамыг хаанаас удирдах вэ гэдгээ дараа ярилцана.
 
-Яамгүй сайдын эрх үүрэг нь юу байх бол?
 
-Тэрийгээ ярьж байгаа юм билээ. Тэр бол бидний санал биш учраас тэр талаар мэдсэн юм алга. Ямар ч байсан мега төсөл эсвэл яамны ажилтай давхардуулахгүй томоохон асуудал гардаг. Түүнийг яамгүй сайддаа хариуцуулаад явна гэсэн ерөнхий бүдүүвч одоогоор ярьж байна.
 
-Танай намд ногдох зургаан салбарын сайд хэн байх нь тодорсон уу?
 
-Одоогоор энэ тухай яриагүй.
 
-Эргээд Засгийн газар данхар боллоо. Танай намынхан үүний эсрэг байсан даа?
 
-Орон тоо бүтцээс гадна агентлагийг багасгаад ирэхээр гайгүй байх.
 
 
С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж