Хүний мөс, нохойн яс мууджээ

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Хүний мөс, нохойн яс мууджээ

1990-ээд оны дундуур юмдаг. Тухайн үед өнөөгийн СБД-ийн Засаг даргын Тамгын газрын замын эсрэг талд нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ өөд өөдөөсөө харсан байрлалтай байв.

Дүүргүүдийг зааглах зам нь дундын өмч байлаа. Урагшаа чиглэсэн урсгал нь СБД-ийнх, хойшоо чиглэсэн нь Чингэлтэйнх. Гэтэл замын голд нохой дайрчихсан байж. ТҮК-ийнхэн ч “Танайх цэвэрлэх ёстой, манайх цэвэрлэхгүй” болж бөөн хэрүүлж болжээ. Хэрүүл томорсоор Засаг даргын хэмжээнд очиж. Тухайн үед Бүдрагчаа, Нармандах нар Засаг дарга байсан гэдэг /андуурсан бол өршөөх биз ээ/. Ингээд хоёр талаас сүртэй нь аргагүй дарга нар уулзаж. Бүдрагчаа гуай сэргэлэн хүн байсан болохоор үхсэн нохойны толгойг сэмхэн Чингэлтэй дүүргийн мэдлийн урсгал руу хөлөөрөө оруулчихаж. Ингээд “Монгол хүн чинь мал, амьтныхаа толгойгоор нь ярьдаг. Толгой нь танай талд байна. Танайх цэвэрлэ” гэснээр асуудал шийдэгджээ. Хөгийн явдал шүү.

Онигоо мэт боловч энэ болсон явдал. Бодох сэхээгүй яарсан амьдралын хэмнэл маань биднийг ийм харгис, хахир, хүйтэн, хөндий, зэрлэг, балмад, өршөөлгүй, адгуусан жинжтэй болгоод ч байх шиг. Хөх чонын удамт гэдэг хэрнээ залуус маань хээрийн чоныг хайр найргүй дахин дахин машинаараа дайран бах таваа хангадаг болжээ.

Өглөө болгон шахуу хотын замын хаа нэгтээгээс зам дээр гэдэс дотор нь цувсан, хүн харахын эцэсгүй болтлоо дайруулсан нохойг харах боллоо. Хоточ сайн хоньч банхараа хайрлаж, үхсэн нохойгоо зөнд нь орхилгүй оршуулж, онголдог өвөг дээдсийн маань шашны гэхээсээ хүнлэг сэтгэлийн хайр, уламжлалт сайхан чанар үгүй болжээ. Тэр болгоныг бяцхан үрс маань харж, түүнийг байх ёстой энгийн зүйл мэтээр төсөөлж, өөрсдөө дайруулчихаагүйдээ баярлан өндийж байна.

Тэр бүхнийг харуулсан аймшигтай бичлэгийг өдөр болгон шахуу үзсээр өссөн хойч маань хэн болох болоо гэхээс айдаст автана.

Аялгуут сайхан монгол хэлэнд нохойг заасан 120 гаруй үг тэмдэглэгдсэн нь дэлхийн ямар ч хэлийг дагуулахгүй үзүүлэлт гэж Зохиогч Г.Аюурзана бичсэн нь бий.

Монголчууд сүнс нохойн төрлийг дамжиж хүний биед ирдэг хэмээдэг учраас нохойг үнэнч нөхөр гэж хүндэтгэн хайрладаг. Нохой эзнээ ядарсан ч, задарсан ч хаяж явдаггүй нь бас л сонин үзэгдэл. Гэтэл сүүлийн үед “нохой хүний амийг хааж, өмнөөс нь дайруулдаг” ч гэх шиг мухар сүсгийн тэнэглэлд бид автсан мэт хаа сайгүй дайруулсан нохой харагдах болжээ.

Анхаарал болгоомжгүйгээс ийм зүйл гардаг байж болох ч хүний урманд замаас зайлуулаад орхихгүй хөлдсөн харагдах нь сэтгэл шимшрүүлэм. Монголчууд үйлийн үр гэж бийд итгэдэг илгэлээ “би л болж байвал бусад нь хамаагүй” гэх аминчхан, харгис үзлээр солиод уджээ. Магадгүй үүнийг золбин нохой олширсноор тайлбарлаж болох байх л даа. Тэгвэл өнгөрсөн онд зам тээврийн 2143 осол гарч, 423 хүн ослын улмаас амиа алдаж, 1282 хүн бэртэж гэмтжээ. Амиа алдсан иргэдийн 117 нь нийслэлд гарсан бөгөөд үүний 102 нь явган зорчигч байсан гэдгийг замын цагдаагийнхан мэдээлж байна. Харин нохойн талаар бодитой мэдээлэл алга. Үүнээс харвал өдөрт нэгээс илүү хүн авто ослоор амиа алддаг гэсэн аймшигтай дүгнэлтийг бид хийж болно. Бидний болгоомжгүй, бие биенээсээ өрсөх гэсэн аминчхан үзлийн гай нь энэ. Үр хүүхэд маань тэр муухай үзлийн золиос болж, биднээс аймаар “мангас” болох вий.

…Гэхдээ л үйлийн үр гэж бий. Хөлөө хугалчихаад Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад Нөөц компанид насаараа ажилласан нэгэн өвөө хамт хэвтдэг байлаа. Өвөө “Хэдэн зуугаад нохой цаашаа харуулсан нүгэлтэй хүн дээ. Одоо гор нь гарч байна” гэж өөрийгөө байнга зүхнэ. Түүний үгийг батлах мэт бие нь огтоос өөдлөхгүй. Түүнээс ч хүнд бэртсэн хүмүүс эдгээд гарч байхад өвөөгийн хөл, гудас нь өтчихнө. Өдөр болгон шархыг нь цэвэрлэж, долоо хоног болгон сувилагч гудсыг нь сольдог ч нэмэргүй өтчихсөн байдаг нь эмч нарыг ч гайхшируулдаг байсан санагдана.

Үүнийг нохой бууддаг байсантай нь холбоотой гэж хэлэх үндэслэлгүй ч бид амьтныг хайрлан энэрч, хамгаалах үзлээ гээгээд идэж болох бүхнийг намнадаг, бүр хэрцгийгээр хөнөөдөг адгийн араатан болоод уджээ. Хүний мөс муудсанаас зам дээр дайруулсан нохойн яс муудахыг харах юутай гаслантай вэ?!

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж