МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд комисс”-оос “Олимпийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн оролцоо сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр МҮОХ-ны байранд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүд, Спортын холбоод, Их дээд сургууль, спортын байгууллагын төлөөлөл болсон эмэгтэй тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, спортын сэтгүүлчид оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд комиссын дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Халтар үг хэллээ.
Үүний дараа МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд комисс, Азийн олимпийн зөвлөлийн Спорт ба эмэгтэйчүүд байнгын хорооны гишүүн П.Тунгалаг “ОУОХ, АОЗ-ийн спорт ба эмэгтэйчүүдийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавьсан бол “Бидний боломжууд” сэдвээр МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургуулийн багш, доктор Б.Номин, олимпод оролцогч Б.Алтанцэцэг, спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар танилцуулга хийлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид спортын нийгэмд хүлээгдэж буй асуудлууд болох тамирчин, дасгалжуулагчийн эрх, спортын салбарын хүнийн нөөц, тамирчны амьдралаас нийгмийн амьдралд шилжих, охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүчирхийлэл болон бэлгийн дарамт гэсэн асуудлаар нээлттэй ярилцлаа.
Мөн спортын салбарын судалгаа, ялангуяа статистик баримт орхигдож байгааг оролцогчид онцлон хэлэлцэв.
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо нь 1990 онд байгуулагдсан. Тэр даруйдаа Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS) болон Азийн спортын сэтгүүлчдийн холбоонд (ASPU) гишүүнээр элсэж, тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх жил МССХ-ны 25 жилийн ой тохиох юм.
МССХ бол гишүүддээ үйлчилдэг, ашгийн бус ТББ юм. Одоо эгнээндээ спортын сэдвээр дагнан ажилладаг сэтгүүлч, зураглаач, зурагчин, тайлбарлагч, найруулагчдыг нэгтгэсэн 100 гаруй гишүүнтэй. Эдгээрийн 20 гаруй буюу дөрөвний нэг орчим нь спортын сэтгүүлч мэргэжил, мэргэшилтэй эмэгтэйчүүд байдаг.
МССХ нь ТББ-ын удирдлагын төвшинд болон холбооны үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн төлөөллөө багтаах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж ирсэн. Тухайлбал, МССХ-ны Удирдах зөвлөл 13 гишүүнтэй. Үүнд эмэгтэйчүүдийг төлөөлөн Eagle TV-ийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Б.Онон багтдаг. Мөн тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн ажилладаг юм.
МССХ-ны эмэгтэйчүүд өөрсдийн ажилладаг байгууллагадаа спортын сэтгүүлч, зураглаач, орчуулагч, нэвтрүүлэгч, редактор, гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалыг хашдаг аж. МССХ эмэгтэй гишүүдийнхээ байр суурийг нэмэгдүүлэх, гадаадад тэмцээн, уралдаан сурвалжлах эрхийг тэнцвэртэй байдлаар олгох, гадаад хэлний сургалт, дамжаанд хамруулах зэрэг асуудалд өөрсдийн боломж бололцоонд суурилан, мөн бусад байгууллагын дэмжлэгтэйгээр анхаарал хандуулж ирсэн. Тухайлбал, Спортын бэлтгэлийн төв, МҮОХ, зарим спорт холбоодын дэмжлэгтэйгээр МССХ-ны эмэгтэй гишүүдээс
- Азийн спортын эмэгтэй сэтгүүлчдийн чуулган
- Азийн орнуудын залуучуудын уулзалт
- Олон улсын олимпийн академийн сургалт зэрэг оролцож,
- Монгол туургатны хүүхдийн спортын наадам
- “Якут 2012” Азийн хүүхдийн спортын наадам
- “Нанжинь-2014” Залуучуудын олимп
- “Серби 2009”, “Шинжинь 2011” Оюутны Универсиад наадам
- Оюутны болон насанд хүрэгчдийн ДАШТ /Таэквондо, чөлөөт бөх, буудлага/
- Азийн наадам, Азийн элсний наадам
- Бээжин, Лондонгийн олимп, паралимпийг сурвалжлах зэргээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гадаад томилолт, сургалтад хамрагдах байдал харьцангуй нэмэгдсэн байна.