Холливудын студиуд Оросын найруулагчдад итгэн 100 сая ам.долларын төсөвтэй кино хийх санал тавих нь ховор. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нд Ж.Дилейнигийн “Шулмын шавь” романаар сэдэвлэсэн “Долоо дахь хүү” нэртэй уран зөгнөлт кино дэлхий даяар гарах бөгөөд тус киног ОХУ-ын найруулагч С.Бодров бүтээжээ. Чингисхааны тухай “Монгол хүн” киногоороо манай үзэгчдийн эчнээ танил болсон ОХУ-ын орчин үеийн тэргүүлэх кино найруулагчдын нэг Сергей Бодровын “РБК” агентлагт өгсөн ярилцлагыг толилуулж байна.
-Та Чингисхааны тухай “Монгол хүн” зэрэг бодит түүхэн материал дээр түшиглэсэн кино хийх тал дээр нэлээд туршлага хуримтлуулсан. Гэтэл гэнэтхэн уран зөгнөлт “Долоо дахь хүү” киног бүтээлээ. Ийм тэс өөр кино хийх адилхан сонирхолтой юу?
-Уран зөгнөлт зохиол дотроо янз бүр шүү дээ. Зарим нь бодит ертөнцтэй ямар ч холбоогүй нь ч бий. Гэхдээ би “Долоо дахь хүү”-гийн найруулагчаар ажиллахаар болохдоо энэ материалд тодорхой утга учир байгааг олж харсан. Кино бүтээнэ гэдэг цаг хугацаа, нерв бардаг ажил шүү дээ. Иймд өөрийн чинь сонирхлыг үнэхээр татсан тийм зүйлийг л барьж авах хэрэгтэй.
-Тэгвэл “Долоо дахь хүү”-гийн юу нь таны сонирхлыг татав?
-Нэгд гэвэл, уран зөгнөлт кино эрэлт хэрэгцээтэй төрөл. Хоёрт гэвэл, үүгээр дамжуулан үзэгчдэд тодорхой нэгэн зүйл хэлж болох нь таалагдсан гэх үү дээ. Ер нь кино элдэв коодгүй, энгийн байлаа ч хүн үзээд ямар нэгэн зүйл бодох нь бий. Үзэгч бүхэн тэгэхгүй, ихэнх нь зүгээр л үзээд өнгөрдөг ч гэсэн миний хувьд энэ киногоор муу зүйл гэж яг юу юм бэ гэдэг асуудал хөндөх нь гол байлаа. Энэ кинонд шулмууд гэж хэн бэ, хаанаас гарч ирсэн юм бэ гэдгийг харуулдаг.
Зураг авалтын явцад хүмүүс бид хэн нэгнийг ямар нэгэн зүйлд буруутгах хичнээн их дуртайг ойлгосон доо. Ямар нэг юм буруугаар эргэвэл бид, “Би буруугүй, үүнд тэр муу шулам л буруутай” гэж хэлэх нь элбэг юм шиг. Яагаад тэр буруутай юм бэ гэсэн асуултад, “Яагаад гэвэл тэр чинь хэвийн хүн биш, нэг л өөр, тэгээд л элдэв хараал хэлсэн биз” гэж хариулдаг тал бий шүү. Ийм үзэгдэл бүх улс оронд байдаг. Хаана ч ялгаагүй сэжиг бүхий боловч ямар ч гэм буруугүй хүмүүсийг “Би буруутай, учир нь би шулам” гэж хэлтэл нь хэрцгийгээр эрүүдэн шүүж байсан тохиолдол цөөнгүй. Ингэж гэмгүй хүмүүсийг гэмтэн болгосон хүн хэзээ нэгэн цагт өөрөө шийтгүүлж, эсвэл үр саддаа шийтгэл хүлээлгэдэг тухай л кино юм.
-Энэ кино орчин үетэй ямар холбоотой вэ?
-Шууд утгаараа холбоотой. Юу гэвэл бид буруу бүхэнд өөрсдийгөө бус өрөөлийг буруутгасаар л байна шүү дээ. Хүмүүс, “Үгүй ээ, бид муу биш. Тэд л муу, угаасаа ч тийм байсаар ирсэн. Харин бид сайн хүмүүс” гэсээр байгаа биш бил үү.
-Тэгэхээр, “Долоо дахь хүү”-г үзэгсдийн нэлээд хэсэг нь өөртөө тийм асуулт тавих нь ээ?
-Киног үзсэн дөрвөн хүний нэг нь тийм асуулт тавих юм бол би ихэд баярлана.
-Та тачаал, шунал гээд янз бүрийн сэтгэл хөдлөл, эмооцтой байхдаа кино хийдэг тухайгаа хэлж байсан. Тэгвэл “Долоо дахь хүү”-г ямар сэтгэл хөдлөлтэй хийсэн бэ?
-Мөрийтэй тоглоомд хорхойсдог тийм л эмооцтой хийсэн. Мөн өмнө нь ийм юм хийж байгаагүйгээ байнга мэдэрч байлаа. Бараг л хязгааргүй их боломж, нөхцлөөр хангагдсанаа ч ойлголгүй яахав. Дэлхийн шилдгийн шилдгүүдээс багаа бүрдүүлэх боломж нээгдсэн юм. Энэ кино маань Холливудынх. Харин Холливудад дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан шилдгүүд л ажилладаг. Үүнийг бид төдийлөн анзаардаггүй, Америкийн кино л гэж ярьдаг шүү дээ.
Кино зохиол гэдэг нэг хэрэг. Харин ийм фэнтези кино хийхдээ хүмүүст бусад киноноос огт өөр зүйл харж буйгаа мэдрэх нь чухал. Бид тийм содон шийдэл бараг 30-ийг хийсэн. Тэдгээрээс наймыг нь “Аватар”-ын зураач, топ хүн хийсэн бол 20-ийг нь Рыбинск хотын Антон Кокорев гэж залуу зурсан юм. Бүгд л түүний хийсэн зүйлүүдийг хараад амаа ангайсан, алмайрсан. Би л түүнийг олж гаргаж ирсэн. Тэгэхээр Холливудын энэ киног би Рыбинскийн залуутай хамт хийсэн гэсэн үг.
-Холливуд руу нэвтрэх амаргүй гэж Орост үздэг. Кино зохиолчдын гильд, найруулагчдын холбоо, продюсерүүдийн бараг л үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагыг давах үндсэндээ боломжгүй гэдэг?
-Холливудад бүх мэргэжлийнхэн л өөр өөрийн үйлдвэрчний эвлэл шиг байгууллагатай, энэ бол энгийн зүйл. Тэр байгууллагууд хүмүүсийнхээ эрхийг хамгаалж тэмцдэг.
-Тийм байх. Гэхдээ би өөр зүйл асуух гэсэн юм. Орос найруулагч эсвэл жүжигчин тэр үйлдвэрчний эвлэлийн сүлжээ дундуур нэвтрэх маш хэцүү гэж Орост үздэг. Иймд таныг Холливудад амжилтад хүрсэнд бүгд л гайхширдаг?
-Энэ ганц миний тухай түүх биш. Ийм зүйл хэнтэй ч тохиолдож болно. Хүн хямд төсөр бие даасан кино хийж байхад ямар ч сүлжээ хамаагүй байдаг. Харин студийн блокбастер кино хийх юм бол үйлдвэрчний эвлэлд элсэхэд хүрдэг. Гэхдээ үүний өмнө чи ямар нэг юм үзүүлэх хэрэгтэй. Утсан дээр бичсэн бяцхан кино, клип, ер нь өөрийн авсан ямар нэг юм байх учиртай.
Би Холливудад “Монгол хүн” кинотой ирсэн. Киног сайн, ойлгомжтой, далайцтай хийсэн байна гэж нааштай хүлээж авсан юм. Хэрэв энэ киног би биш, өөр хүн хийсэн байлаа ч үр дүн нь адилхан байх байсан болов уу.
-Гэхдээ та “Монгол хүн”-ийг 2007 онд хийсэн. Харин АНУ-руу үүнээс хавьгүй өмнө, 1990-ээд оны дундуур явсан шүү дээ. Тэгээд олон ч төсөл дээр ажилласан байх?
-Тийм ээ. Би Александр Роквеллд “Дурласан хүн” киноны зохиол, “Өрнө-Дорно” киноны зохиол бичсэн. “Columbia Pictures” студийн захиалгаар Африкт кино хийж явлаа. Испани, Герман, Казахстанд ажиллан туршлага хуримтлуулж байсан юм.
-“Монгол хүн” киноны зураг авалтын үеэр дэлгэцийн энэ бүтээл тань амжилт олохыг хүсэн та бөө, ламд хүртэл хандаж байсан гэдэг. “Долоо дахь хүү” амжилт олохын тулд та хэнд хандсан бол?
-Хэнд нь хандаагүй. Энэ бол киноны огт өөр төрөл. Ийм кино бүтээхэд бөөгийн туслалцаа хангалттай биш. Сайн баг л хэрэгтэй. Би хамтран ажиллахыг мөрөөдөж л болох тийм топ-хүмүүс бүхий шилдэг баг бүрдүүлж чадсан гэж боддог.
-Жүжигчид ээ ч та өөрөө сонгосон уу?
-Тэгсэн.
-Тэгвэл чухам яагаад ийм жүжигчдийг сонгосон бэ. Маркетингийн бодлого нөлөөлсөн гэж санагдах юм. Залуу үеийнхэн “Хаан ширээний тоглоом”-ын Кит Харингтон, арай ахимаг үеийнхэн Жефф Брижесс, Жулианна Мурын тоглолтыг сонирхоно гэж тооцоолсон ч юм шиг?
-“Хаан ширээний тоглоом”-д Кит туслах дүрд л тоглосон шүү дээ. Брижессийн хувьд… Түүний бүтээсэн дүрд өөр хэн ч тохирхохгүй нь эхнээсээ л ойлгомжтой байсан юм. Эр зоригтой, наргианч шулам агнагч настай анчинд Брижессээс өөр хувилбар байгаагүй. Жулианна Мурын оронд өөр хэн ч тоглож болохоор л доо. Гэхдээ би чухам энэ суут жүжигчин бүсгүйтэй л ажиллахыг хүссэн. Түүнтэй ажиллахыг үнэхээр жаргал л гэж хэлж болно.
Жүжигчдийн ялгаа юунд байдаг вэ гэж надаас олон асуудаг. Том жүжигчид бөөн шинэ санаа өвөрлөн ирдэг юм билээ. Жефф Брижесс зохиолыг уншаад өөрөө нэмж 20 хуудас бичсэн. Жулианна Мур бол тэртээ тэргүй зохиолч. Тэр хүүхдүүдэд зориулсан мундаг ном бичсэн юм шүү дээ.
-Тэгээд та Брижессийн бичсэн 20 хуудсаас болж зохиолоо өөрчилсөн үү?
-Яалаа гэж дээ. Сонирхолтой ч, кинонд оруулах аргагүй зүйл байсан. Гэвч Жефф Брижесст сэтгэл зүйн хувьд надаар санаагаа уншуулах чухал байсан байлгүй. Тэр чинь өөрийгөө хэн гэдгийг мэдэх хүн шүү дээ.
-Оросын үзэгчдийн хувьд таны сүүлийн кино бол “Кавказад олзлогдсон хүн”. Орост зориулсан дахиад нэг кино хийх гайгүй санаа бий юу?
-Байна аа. Зөвхөн санаа төдий ч зүйл биш. Тимур Бекмамбетов задгай сансарт анх гарсан сансрын нисгэгч Леоновын тухай кино хийх санал тавьсан. Маш сайн материал. Тэр нислэгийн тухай олон зүйлийг нууж байсан юм шүү дээ. Леоновтой би уулзсан. Жинхэнэ эр хүн юм билээ. Гол дүрд би Женя Мироновыг сонгоод байгаа.
-Энэ киногоо ямар сэтгэл хөдлөлтэйгөөр хийх бол.
-Хийх л юм бол мэдээж байдгаараа хорхойсон байж хийнэ дээ.
Б.Барс
Эх сурвалж: www.polit.mn