38.2.4. “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч банкны нэгжийн удирдлага, Хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр…”-ийг мэдээлнэ гэж заасан байгаа.
Бүр нарийвчилбал,
3.1.12. “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаараа болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээдийг” гэж нарийвчлан заасан байгаа. Энэ ёсоор бол банкны нөлөө бүхний этгээдүүдийн нэрс өнөөдөр хэн бүхэнд тодорхой байх ёстой авч, хууль хэрэгжээд даруй найм хоноод байхад таг чиг. Өмнө нь хуулиар дээрх заалтыг хийхээс өмнө хувь нийлүүлэгч, гүйцэтгэх удирдлагынхаа талаар аль хэдийнэ мэдээлсэн байсан ХААН, ХАС, Голомт зэрэг цөөн хэдэн банкийг эс тооцвол. Мөн цөөн хэд нь удирдлагын бүтцийн талаар мэдээлэл суулгасан боловч, хувь эзэмшигч үүсгэн байгуулагчдын талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй хэвээр байгаа юм. Уг нь зах зээлийн системтэй бусад орнуудад ийм мэдээлэл ил тод байх нь наад захын соёл, шаардлага байдаг ч Монголд бүр хууль гарган шахамдуулаад байхад ч банкууд нь мэдээллээ ил гаргадаггүй ээ.
Уг нь энэ талаар “Ардын эрх” сонин долдугаар сарын 6-ны дугаартаа хөндөж, банкны албан ёсны вэб сайтуудад ямар мэдээлэл буйг шүүж харуулсан. Үнэндээ бол дээр дурдсан цөөн банкийг эс тооцвол ихэнх банкны мэдээлэл байхгүй байсан л даа. Мөн бид банкууд тун удахгүй энэ мэдээллээ ил гаргаж тавих байх гэж найдаж байгаагаа илэрхийлсэн билээ. Гэвч өчигдрийн байдлаар лав ямар ч шинэ мэдээлэл нэмэгдсэнгүй. Хууль хэдийнэ хэрэгжиж эхлэх хугацаа нь болчихоод байхад хэрэгждэггүй монгол жишээнүүдийн нэг нь энэ. Уг нь нэр хүндээ боддог, бас тэгээд олон нийтээс онцгой их нууж, хаах зүйлгүй л бол банкууд энэ зэргийн мэдээллийг веб сайтдаа гаргаж тавихад ядах зүйлгүй мэт.
Тэгвэл хууль ёсоор ил гаргах ёстой мэдээллийг нууж хаах тохиолдолд “хэн” түүнийг хянаж, хариуцлага тооцох ёстой вэ? Хуулиа биелүүлэхийг шаардах субьект байх л ёстой биз дээ уг нь.
Юуны түрүүнд Монгол Улсын төв банк хариуцах ёстой биз гэсэн хариулт гялсхийгээд орж ирж байгаа биз. Энэ талаар Монголбанкнаас тайлбар хүсэхэд тун удахгүй албан ёсоор хариулт өгнө гэлээ. Дээр дурдсан гол хуулиас мөн “шүүрдэхэд” энд яригдаж буй асуудалд хамаарах заалт гэвэл:
3.3 Монгол банк нь банкнаас нийтэд мэдээлсэн цахим хуудсан байрлуулсан санхүүгийн тайлан мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй буруу алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж биелэлтэд хяналт тавьж ажиллана гэсэн хэсэг “олдлоо”. Гэхдээ нэгэнт тавьсан мэдээллийг зөв буруу эсэхэд л хяналт тавих ёстой бололтой юм. Ерөөсөө мэдээлээгүй, цаашид ч бас мэдээлэхгүй, мэдээлэхийг хүсэхгүй байх тохиолдолд хэрхэхийг чөтгөр бүү мэд. Бодвол хууль зөрчсөн тохиолдолд авах ёстой ерөнхий арга хэмжээнд л хамаарах ёстой юм байлгүй. Энэ талаар ч мөн төв банкныхан албан ёсоор хариулт өгөх байлгүй гэж найдья. Дахин сануулахад, хууль ёсоор нийтэд зарлах ёстой мэдээллээ банкууд, нуусаар байна, яах вэ, Монголбанкны ерөнхийлөгч өө.
Бас дашрамд арилжааны банкууд маань мэдээллээ ил тод болгоно гэдэгт найдаж буйгаа дахин илэрхийлье. Хэрвээ баяр наадмын дуулиан, айраг цагааны хөлд мартагначихаагүй л бол албаар, хүчээр нууж, хаагаад байх мэдээлэл тэдэнд үгүй биз ээ гэдэгт итгэлтэй байгаа учраас. Хэрвээ нуух “нууц”-тай бол харин нууж л байг. Түүнд шаардлага, хяналт тавих ёстой байгууллага нь үүргээ бас санах байлгүй дээ.
А.ТУЯА