Тогтоол батлагдсанаар төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн харьяа “Эрдэнэс Тавантолгой” охин компанийг байгуулж, түүгээр олборлолт, борлуулалтын үйл ажиллагааг хийлгэх болж байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” охин компани нь Монголын ард түмний компани болж, ард иргэддээ ижил тэгш нөхцлөөр 10 хувийн хувьцаа эзэмшүүлнэ, үндэсний аж ахуйн нэгжүүддээ мөн 10 хувийн хувьцааг ижил тэгш нөхцөлөөр дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах үүргийг хүлээх болж байгаа юм. Түүнчлэн хувьцааныхаа 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид хөрөнгө босгох зорилгоор үйл ажиллагаа явуулах эрхийг УИХ олгов.
Мөн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, борлуулалт хөрөнгө оруулалтын нөхцлийн талаар хэлэлцээр хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн оролцоотой нэгдсэн компани консерциумыг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, бусад бичиг баримтын төслийг танилцуулахыг Засгийн газарт даалгасан юм.
Хэдийгээр чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгой төслийг олонх гишүүн гар өргөн дэмжсэн ч гэлээ цөөн тооны гишүүн яаравчлан батлахыг буруушааж, энэ чиглэлээр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нараас хариулт хүсэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Тавантолгой бол чухал асуудал. Түргэн шуурхай шийдвэр гаргах нь учир дутагдалтай, Монголчууд бид дангаараа хөрөнгө босгож яагаад болдоггүй юм бэ. Монголчууд ажиллуулж чадахгүй тоног төхөөрөмж байдаг юм уу, дэлхийд. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад нарийн мэргэжлийн инженер хэрэгтэй. Монголд ажиллах гадаадын мэргэжилтэн олдохгүй байна гэж үү. Ордыг ашиглахад хэдэн төгрөг хэрэг болох юм, хэдийг нь Засгийн газар босгож чадахгүй байгаа юм. Юунаас болж шантраад, ямар эрх зүйн орчин дутаад байна вэ. Яагаад заавал гадны нөхдүүдийг гуйх гэж. Яагаад Монголын төр 100 хувь хөрөнгөө гаргаад ашиглаж чаддаггүй юм. Тавантолгой нийт дүнгээрээ хэдэн тэрбум төгрөгийн үнэ хүрэх юм гэсэн хамгийн урт асуултыг тавив.
Сайд Д.Зоригт: Компанийг босгоход шаардлагатай хөрөнгийн хэмжээг ойрын хоёр гурван жилээр тооцоход нэг тэрбум 500 ам.доллар шаардана гэж тооцож байгаа. Энэ мөнгийг зээлээр босгоно.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай: -Хэтэрч байна, нэг тэрбум 500 сая доллар олчих юм бол монголчууд өөрсдөө ашиглачих боломжтой юм гэж хэллээ. Энэ мөнгө чинь юу юм бэ, бүхэл бүтэн тусгаар тогтносон орны хувьд. Байгалийн асар их баялагтай орны хувьд. Ухаан муутай хариултыг бид хүлээн зөвшөөрөөд тогтоолыг батлах юм уу?
Сайд С.Баярцогт: -Тавантолгойн орд бол бүс нутаг дэлхийн хэмжээний орд. Монгол Улс үүнийг дангараа ашиглаж болно. Гэхдээ дангаараа ашиглаад гадагш нь гаргахгүйгээр хүсэн хүлээсэн орлого олохгүй. Тийм учраас бид дамжин өнгөрөх тээврийн асуудал, угтуулан тавих нөхцөл, боомт, урьдчилгаа төлбөр, борлуулалт гээд олон хүчин зүйлийг гео-эдийн засгийн хувьд авч үзэх ёстой болсон. Манай улс далайд гарцгүй учраас уул уурхайн бүтээгдэхүүнээ Орос, Хятад хоёроор дамжуулж тээвэрлэхээс аргагүй. Дээр нь дэлхийд нэр хүндтэй 11 компани ордыг ашиглах талаарх саналаа ирүүлчихсэн. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, гадны хөрөнгө оруулагч бүрдүүлэх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалтыг хийж болно гэсэн томъёоллыг оруулж өгсөн.
Сайд Д.Зоригт: Монгол Улсын төсвийн нэг жилийн хөрөнгө оруулалт 400 сая ам.доллар байгаа. Тэгэхээр нэг тэрбум 500 сая ам доллар бол Монгол Улсын зургаан жилийн төсвийн хөрөнгө оруулалттай тэнцэнэ.
Юутай ч наадмаар гуядуулан 6.4 тэрбум нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордоо цаг алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал гэж үзэн УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Гэхдээ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой олон чухал шийдвэрийг Засгийн газар гаргаж, зарим судалгааг ч хийх учиртай. Бас Тавантолгой ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчаа нээлттэй тендэрээр шалгаруулах, шалгаруулсан нөхцөлд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхээ УИХ-аас авах гээд бас л цаг хугацаа нэлээдгүй шаардах их ажлыг эхлүүлэх аянд Засгийн газар өнөөдрөөс мордож байна.
Г.Дарь