УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газрыг байгуулахтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг, УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгүүд өчигдөр орой хуралдсан ч нэгдсэн зөвшилцөлд хүрч чадалгүй завсарлагаар хуралдаанаа өндөрлүүлжээ. Энэ нь Ардчилсан намаас 16 яам, 19 сайдтай байхаар Засгийн газрын бүтцийг оруулж ирсэнтэй холбоотой гэж тэрээр мэдэгдлээ. МАН-ын хувьд одоогийн бүтцээ хадгалах ёстой гэж үзжээ. Ингэхдээ Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманд нэгтгэх, Тэргүүн шадар сайдын албыг шинээр бий болгохгүй байх ёстой гэж үзсэн байна.
Мөн тэрээр УИХ-дахь суудлынхаа тоогоор Засгийн газрын бүтцийг бүрдүүлнэ гэж зөвшилцсөн нөхцөлд Ардчилсан нам 8, МАН 6, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл 2 сайдын суудал ногдоно. ИЗНН-ын хувьд парламентад хоёр л суудалтай бүлэг ч үгүй учраас нэг сайдын суудал ч хүрэхгүй гэлээ.
УИХ-д Ардчилсан нам 34 суудлыг авсан, түүнийг хувааж үзэхэд 7.6 хувь, МАН 26 суудалтай 5.7 хувь, Шударга ёс эвсэл 11 суудалтай 2.4 хувийг бүрдүүлж байгаа аж. Үүгээр хөөж үзэхэд сайдын суудлын тоо дээрх хэмжээгээр ногдох гэнэ.
Г.ДАРЬ