АН-аас Засгийн газрыг хамтран байгуулах санал тавьсантай холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд ИЗНН-ын Улс төрийн зөвлөлөөс томилогдсон Ажлын хэсэг АН-ын Ажлын хэсэгтэй уулзлаа.
ИЗНН Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн томилогдсоныхоо дараа УИХ-д хэлсэн үгийг дэмжиж, Монгол Улсаа тогтвортой хөгжилд хүргэхийн тулд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван тулгуурт бодлого явуулж, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэний бүтээлч үйлсийг дэмжих замаар эдийн засгаа өөд нь татаж, олон түмнийхээ амьжиргааг сайжруулахын төлөө Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн нам болон УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа ч дуулгав.
АН-ын ажлын хэсэг АН нь ИЗНН-тай олон жилийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаатай байдагт сэтгэл хангалуун байдгаа хэлээд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ч хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
Түүнчлэн ИЗНН-ын Улс төрийн Зөвлөлөөс Засгийн газарт хамтран ажиллах АН-ын саналыг хүлээн авч, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны удирдлагаа үргэлжлүүлж, УИХ-аар баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд илүү чармайлттай ажиллах зүйтэй гэж шийдвэрлэснийг АН-ын ажлын хэсэгт албан ёсоор уламжиллаа.
ИЗНН-ын Ажлын хэсэгт намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбат, Улс төрйн зөвлөлийн гишүүн Ц.Ганхуяг, Б.Хүдэр-Ян нар ажиллаж байна гэж ИЗНН-ын ХМА-наас мэдээллээ.