Өмнөговь аймгийн Ухаа худаг нүүрсний уурхай болон холбогдох дэд бүтцийн шийдлийг цогцоор бүтээн байгуулах томоохон төслийн хүрээнд Энержи Ресурс компани олон улсад нэр хүндтэй Стандарт Банкнаас 75 сая америк долларын санхүүжилт авахаар боллоо. Хэмжээ, ач холбогдлын хувьд далайцтайд тооцогдох энэхүү санхүүжилтийн дийлэнх хувийг Ухаа худагаас Гашуун Сухайт хүрэх 240 км хатуу хучилттай замын төсөлд зориулах юм.
Энержи Ресурс компани болон Стандарт Банкны бизнесийн хамтын ажиллагаа Ухаа худагийн уурхайд анх олборлолт эхэлсэн үеээс эхлэн амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр цар хүрээгээ тэлэн өргөжиж байна. Төслийн талаар Энержи Ресурс компаний Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлэхдээ “Монгол дахь анхны үйлдвэрлэлийн зориулалтын, хатуу хучилттай зам гэдэг утгаараа энэхүү төсөл уурхайгаас олборлон гаргасан сайн чанарын коксжсон нүүрсийг экспортлох дэд бүтцийн шийдэлд томоохон алхам болж байгаа юм. Нөгөө талаас нүүрс тээвэрлэлт болон дэд бүтцийн асуудлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлаар зохицуулахад ихээхэн хувь нэмрээ оруулна” гэсэн бол Стандарт Банкны Азийг хариуцсан Гүйцэтгэх захирал Эндрю Кинг хэлэхдээ “Ухаа худаг уурхайн олборлолт эхлэхэд манай банкны зүгээс мөн дорвитой хэмжээний санхүүжилт олгож хамтын ажиллагааныхаа эхлэл суурийг тавьж байсан. Энэ ч утгаараа Энержи Ресурс компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, дэд бүтцийн чухал төсөлд нь санхүүжилт олгож байгаадаа баяртай байна. Энэ төсөл өмнийн говийн бүсэд хөгжлийн олон талын ач холбогдолтой” гэж тодотгосон байна.
Өмнөд Африкт төвтэй Стандарт Банк нь хөрөнгө оруулалт, корпорейт санхүүжилтийн чиглэлээр дагнан ажилладаг, олон улсын хэмжээний банк бөгөөд сүүлийн 10 жилийн турш Монголд хөрөнгө оруулалтын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.