Шатахууны зах зээлийн хувьд хөрш орноос хараат байдаг манай улсын мэргэжилтнүүд өөрсдөө бензин үйлдвэрлэсэн нь олзуурхууштай байна. “ЭКО-92“ ер нь ямар процессоор үйлдвэрлэгдэж, жолооч нарын гар дээр хүрч байна?
“ЭКО-92” бензин нь “Петровис”, “Оргил ойл” болон “Спирт бал бурам” компаниудын хамтын бүтээгдэхүүн юм. Дотооддоо шатахуун үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах зорилготой үндэсний байгууллагуудын хамтын ажиллагаа нэлээд үр дүнд хүрсний илрэл нь “ЭКО-92” бензин болж байна. Үндсэн түүхий эд нь СББ болон энэ чиглэлийн бусад үйлдвэрийн хаягдал бүтээгдэхүүнийг ашигладаг. Улмаар спиртийн холимгийг дээд зэргээр цэвэрлэх ажлыг “Оргил ойл” компанийнхан гүйцэтгэж байна. Тус компанийн үйлдвэрлэж байгаа биоэтанолыг “Петровис” компани тодорхой хэмжээний бензинд нэмж боловсруулснаар “ЭКО-92” шатахуун эцсийн байдлаар боловсруулагдан гарч байгаа.
Манай зах зээлд шатахууны ханш тодорхойгүй хугацаанд байнга шахуу хэлбэлзэж байдаг. Тэгвэл үндэсний уг бүтээгдэхүүн гарснаар үнийн хувьд тогтмол өөрчлөлтгүй болно гэж ойлгож болох уу?
Уг бензинд импортын бензинийг тодорхой хэмжээгээр ашиглаж байгаа учир үнийн хэлбэлзэлд орно. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын импортын энэ төрлийн шатахууны литр тутмын үнэ манайд 1370 төгрөгийн ханштай байна. Тэгвэл “ЭКО-92” бензин литр тутамдаа 1290 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.
Үйлдвэрлэл тогтмол явагдана биз дээ. “ЭКО-92” бензин өнгөрсөн намар анх худалдаанд гарснаас хойш хэсэг завсарласан. Тэгэхээр нэгэнт байнгын хэрэглэгч болсон жолооч нар үйлдвэрлэлийн тогтмол ажиллагааг сонирхож байгаа?
Тийм ээ, өнгөрсөн намар бид бүтээгдэхүүнээ анхлан танилцуулж, Улаанбаатар хотын шатахуун түгээх дөрвөн станцаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэсэн. Тухайн үед жолооч нарын худалдан авах идэвх төсөөлснөөс хол давсан учир бид үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага гарсан юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд хүчин чадлаа өргөжүүлж, долдугаар сарын 2-ны баасан гаригаас нийслэлийн хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байгаа.
Чанарын хувьд АИ-92 шатахуунаас ялгаатай юу?
Хоёр бүтээгдэхүүний хооронд үнийн хувьд зөрүү бий. Харин чанар тал дээр “ЭКО-92” бензин АИ-92 шатахуунтай адил үзүүлэлтүүдтэй. “ЭКО-92” бензин зарим үзүүлэлтээрээ давуу гэж мэргэжлийн хийгээд туршилт судалгааг гардан явуулсан хүний хувьд хэлнэ. Ашиглаж байгаа бензинийхээ үлдэгдэл дээр шууд нэмэн хэрэглэх боломжтой.
Давуу чанарыг нь дурдвал?
“ЭКО-92” бензинийг ашигласан үед хөдөлгүүрт шаталт сайн явагддаг. Ингэснээр хөдөлгүүрийн шатах камерт тортог үүсэхгүй давуу талтай. Тодорхой хугацаанд хэрэглэхэд яндан цайрах, утаа ажиглагдахгүй байдлаар дээр хэлсэн давуу шинж нь илрэх болно. Мөн автомашины хөдөлгүүрийн чадал нэмэгдэж, хурд хүчээр илүү болно.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч гол гурван хүчин зүйлийн нэг болсон автомашины хорт утааг 92 төрлийн шатахуун ашигладаг жолооч нар үүсгэхгүй байх боломжтой гэж ойлгож болох уу?
Мэдээж. Үйлдвэрлэсэн шатахуунаа бид “ЭКО” хэмээн тодотгосон нь учиртай. Нийслэлийн агаарын бохирдол хэрээс хэтэрсэн энэ үед үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээрээ бага ч болов бууруулъя гэж зорьсон юм. Үүнийг төр засгаас болон Монгол улсын Ерөнхийлөгч дэмжиж анхны хэрэглэгч болж байсныг санаж байгаа байх. Тийм ч учраас дээрх асуудалд сэтгэл зовнидог иргэд, жолооч нар маань энэхүү шинэ бүтээгдэхүүнийг баяртайгаар худалдан авч байгаа. “ЭКО-92” бензиний гол давуу тал нь автомашинаас ялгарах хорт утааны хэмжээг маш сайн бууруулдагт оршиж байгаа юм.
Аи-92 төрлийн шатахуун ашигладаг мөртлөө дээрх шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй автомашин гэж бий юү?
Одоогоор манайд цөөнгүй явж байгаа “Тоёото” маркийн GDI, D4 хөдөлгүүртэй машинд хэрэглэхгүй байхыг үйлдвэрлэгчдийн зүгээс зөвлөж байна. АИ-92 бензинд зориулсан хөдөлгүүртэй бусад бүх төрлийн автомашинд тохирно. Харин ашиглалтын горимын хувьд мэдээж бохир шороотой, ус бүхий бактай автомашинд ашиглахыг хориглоно.
Эцэст нь “ЭКО-92” бензинийг нийслэлийн аль ШТС-аас худалдан авч болохыг жолооч нарт дуулгаач?
Одоогоор уг шатахууныг Нийслэлийн шатахуун түгээх найман станцаар борлуулж байгаа. Тодруулбал:, Таван шар, 100-н айл, 7-н буудлаас зуслан явах замд, “Цайз” захын зүүн талд, “Говь” компанийн зүүн тал, Офицеруудын ордноос Улаанхуаран чиглэлд, Замын цагдаагийн газраас “Нарантуул” зах хүрэх зам, “Материал импэкс”-ийн зүүн талд байрлах станцуудаар тус тус худалдаалж байна. Улаанбаатар хотын дөрвөн зүгт, зам дагуу байрлах ШТС-уудыг сонгосон учир жолооч нарынхаа үнэ хямд, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэе гэсэн эрэлтийг хангаж чадаж байгаа гэж бодож байна.
Ярилцсан Э. Туяа