-Англид байгаа монголчуудын аж амьдрал сайн уу. Энд хэдэн Монгол иргэн байна вэ?
-Их Британи улсад албан бус тоогоор 7000-8000 монголчууд ажиллаж амьдарч байна гэсэн тооцоо бий. Лондон хотод зургаан мянга орчим нь, Манчестр хотод 1000 гаруй, бусад хотуудад цөөн тооны монголчууд байдаг. Ихэнх нь ажиллаж байгаа монголчууд, 2000 орчим нь ямар нэгэн сургуульд сурч байгаа оюутнууд.
-Энд ирээд уулзсан монголчуудын дийлэнх нь ирэх өвөл, дараа жилээс Монголдоо очно гэж ярьж байна лээ. Нэлээд монголчууд ч нутаг буцсан бололтой юм. Тэгэхээр тэдэнд энд байх нөхцөл боломж хумигдаж байна уу даа гэж бодогдлоо?
-Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Санхүү, эдийн засгийн хямрал Англид бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад хүнд туссан. Америк, Европын хөгжингүй орнууд энэ хямралаас гарлаа гэдгээ өнгөрсөн оны зургадугаар сард мэдэгдэж байсан бол Англи улс дөнгөж энэ оны эхэнд эдийн засгийн уналтыг зогсоолоо гэдгээ зарласан. Санхүү эдийн засгийн хямралаас болж 2.8 сая хүн ажилгүй болсон гэсэн тоо байдаг. Олон хүн ажилгүй болж байгаа нь энд хараар ажиллаж байгаа монголчуудад мэдээж нөлөөлж ажлын байргүй болсон тал бий. Үүнээс гадна Монголд болж байгаа үйл явцтай холбогдуулан манайхан нутаг буцах болсон болов уу гэж бодож байна. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар уул уурхайн чиглэлээр олон төсөл хэрэгжиж эхэллээ. Монголд очоод ажиллахад боломжийн цалин авч, амьдралаа аваад явах нөхцөл бүрдэж байна. Манайх өөрсдөө иргэддээ ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлж чадаж буй нь энд байгаа монголчуудын нутаг буцах, Монголдоо ажиллаж амьдрах бодол төрүүлсэн байх.
Гурав дахь шалтгаан бол энд байгаа монголчууд ихэнх нь хараар амьдарч байгаа. Визнийх нь хугацаа дуусч, визийн зөрчилд орсон. Ийм зөрчил илрэнгүүт маш хурдан нутаг буцааж байна. Цаашдаа Англи визний нөхцөлөө маш хатуу болгох бодлого баримталж байгаа.
-Яагаад визийн нөхцөлөө чангалах бодлого барьж эхлэв. Английн улс төрийн байдалтай холбоотой юу?
-Сая Консерватив нам засгийн эрхэнд гарлаа. Либерал намтай нийлээд Засгийн газар байгуулсан. Гэхдээ Консерватив намын гол зорилт нь визийн дэглэмийг хатуу болгоно гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа. Визний зөрчилтэй иргэд нутаг буцах гол шалтгаан энэ байх.
-Сүүлийн үед Английн виз маш хатуу болсон, бараг зөвшөөрөгдөх нь ховор болсон гэх юм билээ?
-Англи улс 2007 оноос Улаанбаатарт виз олгохоо больсон. Зөвхөн Монголд ч биш дэлхийн 30-аад оронд виз олгох асуудлыг зогсоож, өөр газар руу шилжүүлсэн. Тухайлбал, Европт 3-4 улсад л виз олгох асуудлыг шийдэж байна. Франц, Польш, Швейцарьт виз өгч байна, бусад орнуудад бараг л өгөхгүй байгаа. Прагаас Англид ирье гэсэн хүн гадаад паспортоо Варшав руу явуулж байж виз авах жишээтэй. Энэ бол гайхаад байх зүйл биш. Англи виз олголтыг элчин сайдын яамдадаа суурилуулсан орчин үеийн техник технологи бүхий компьютерийн программаар хийдэг. Олон газар байрлуулах нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс тодорхой газруудад ийм машиныг суулгаж өгч, визний асуудлыг нэг дор төвлөрүүлж байна. Түүнээс биш Монгол, Английн харилцаа муудаж, виз олгохгүй байгаа хэрэг биш. Английн визийн дэглэмийг боловсронгуй болгож байгаа бодлого юм. Энэ нь монголчуудад тийм ч хэцүү, бэрхшээлтэй биш гэж бодож байна. Виз хүссэн Монгол иргэд заавал Бээжин рүү явна гэсэн үг биш. Анкетаа бөглөөд материалаа бүрдүүлээд Их Британийн элчин сайдын яаманд хүргүүлнэ. Заасан хугацааны дараа хариу ирнэ. Тэндээсээ бичиг баримтаа авна.
-Английн хэлний болон бусад сургуулийн сургалт сайн учраас манайхан энд ирж суралцах хүсэлтэй байдаг. Сургалтын визэд шинэ Засгийн газраас баримталж буй бодлого яаж нөлөөлж байна вэ. Тэдэнд боломж олгох үүднээс элчин сайдын яам ямар ажил хийж байна вэ?
-Бид энэ нөхцөлд уялдуулан ажиллаж монголчууддаа виз олгох асуудлыг нааштайгаар шийдэж чадсан. Өнгөрсөн оны зургадугаар сарын 30-нд гэрээнд гарын үсэг зурж, Монголын иргэд Англид зорчих визийг хамгийн бага нь зургаан сарын хугацаатай авдаг болсон. Дээд тал нь 10 жил, Америктай ижилхэн. Манайхан виз хүсэхдээ анкетаа бөглөхдөө их сайн анхаарах хэрэгтэй. Нэг үеэ бодвол зөвлөгөө өгдөг үйлчилгээний газрууд их болсон байна лээ. Тэгэхээр зөвлөгөө авч, англи хэл сайн мэддэг хүнээр анкетаа бөглүүлэх хэрэгтэй. Суралцахаар виз хүсэгчдэд зөвшөөрөхгүй байна ч гэх юм уу бэрхшээлтэй асуудлууд сонсогддог. Би тийм биш байх гэж бодож байна. Сургалтын виз хүсэхэд бүх бичиг баримтыг Англид байгаа сургууль бүрдүүлдэг. Эхлээд сургуульдаа захиалгаа өгнө. Хэлний шалгалтын дүн зэрэг бүх материалаа сургууль руугаа явуулж захиалга өгөхөд сургууль нь хүлээн авахыг зөвшөөрсөн бичиг болон виз олгож өгөөч гэсэн албан бичгийг гаргана. Мөн тухайн виз хүсэгч сургуулийнхаа төлбөрийг төлсөн байх шаардлагатай. Ийм бичиг баримтууд бүрдүүлсэн байхад суралцахыг хүссэн хүний виз гарахгүй байх магадлал асар бага. Английн талаас бүх материалыг бүрдүүлж байгаа.
-Тухайн сургуулиас бүх зүйл шалтгаалдаг гэж ойлгож болох уу?
-Тийм, гэхдээ үүнд нэг асуудал бий. Англи улс сургуулиуддаа жил бүр аттестатчлал явуулж, гадаад улсын оюутан хүлээн авах чадвартай эсэхийг тогтоодог. Олон сургууль энэ аттестачлалаар хасагддаг. Тэдний мэдээлэл Элчин сайдын яаманд ирсэн байдаг. Тэгэхээр ямар сургуулийн урилга авсан бэ гэдгээс бас хамаатай болж байгаа юм. Найдвар муутай сургуулийн урилга авсан бол виз олголтод нөлөөлнө. “Сургуулийн урилгатай мөртлөө виз маань гарахгүй байна” гэсэн гомдол Гадаад харилцааны яам болон манайд ирээгүй. Энэ нь тухайн хүний материал бүрдүүлэлтэд асуудал байсан юм болов уу гэж боддог. Зөв сургуулиа сонгоод, тухайн сургуулиас шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээд өгсөн тохиолдолд виз гарахгүй байна гэж бараг үгүй дээ.
-Ер нь Английн боловсролыг Монголд хүргэх талаар та ямар ажил хийж байна вэ?
-Ерөнхий боловсролын сургуульд Кембрижийн боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэхээр яриа хэлэлцээ хийж, хэрэгжүүлж эхлээд байгаа. Үүнд маш их хугацаа шаардлагатай, магадгүй 20-25 жил ч шаардлагатай байж ч болох юм.
-Монголын ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоонд Кембрижийн сургалтын тогтолцоог нэвтрүүлж байгаа гэсэн үг үү?
-Ерөнхий боловсролын сургууль бол бүх зүйлийн эхлэл суурь боловсрол. Сайн суурь боловсрол эзэмшиж чадсан хүн цаашид барууны аль ч улсын их дээд сургууль чөлөөтэй элсч, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин болж болно. Сүүлийн 20-иод жил Монгол Улс ерөнхий боловсролын сургалтын тогтолцоогоо шинэчилж, өөрчилж сайжруулах гэж оролдоод төдийлөн амжилтад хүрч чадаагүй. Хуучин тогтолцооноос зах зээлд шилжих үед ерөнхий боловсролын тогтолцоог сайжруулах янз бүрийн оролдлого хийж үзсэн ч эцсийн эцэст шалгарсан сайн тогтолцоотой болохыг нийгэм шаардсан. Английн дунд сургуулийн Кембрижийн тогтолцоо бол дэлхийд алдартай маш сайн тогтолцоо юм. Энэ нь хичээлийн бүх программ Английнх болно гэсэн үг шүү дээ. Хичээлүүдийг англи хэлээр заана, гэхдээ зарим хичээл нь мэдээж монгол хэлээр байна л даа. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиуд тодорхой хугацааны дараа гэхэд бүх хичээлээ англи хэл дээр заадаг, дэлхийн жишигт нийцсэн программтай, хаана ч хүлээн зөвшөөрөгдөхүйц сурагчдаа бэлтгэдэг болно. Орон нутаг, аймагт ялгаагүй.
-Кембрижийн тогтолцоог Монголд нэвтрүүлэх ажил одоо аль шатандаа явна вэ?
-Улаанбаатар хотын хоёр сургуульд ирэх намраас хэрэгжүүлж эхэлнэ. Ирэх жил гэхэд бүхэл бүтэн сургууль байгуулна. Мөн багш нарыг бэлтгэх асуудал байна. Математик, физик, биологи гэх мэт хичээлүүдийг англи хэл дээр заах ёстой шүү дээ.
-10 жилийн хугацаатай виз авахад юу шаардлагатай вэ. Манайхан ийм виз хэр их авдаг бол?
-Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хугацаанд манайхаас хэд хэдэн хүн 10 жилийн хугацаатай виз авсан байна лээ. Хамгийн гол нь шаардлага, хэрэгцээгээ сайн ойлгуулах хэрэгтэй. Бизнес эрхэлдэг хүн байлаа гэж бодоход Англид ямар бизнес эрхэлдэг, жилд хэдэн удаа очих шаардлага гардаг гэх мэтээр мэдээллээ сайн өгөх хэрэгтэй.
Б.БЯМБАА