-Таны утас ойрд холбогдохгүй байх юм, хөдөө их явж байна уу?
-Тийм ээ, манай “Шинэ өөдрөг амьдрал” ТББ ДОХ-ын талаар иргэдэд зөв мэдлэг өгөх, уг халдвараас хэрхэн хамгаалж болох вэ, сайн дурын үзлэг шинжилгээнд хамрагдах нь ямар ач холбогдолтой болох талаар орон нутгаар явж сургалт хийдэг юм. Өнгөрсөн онд ДОХ-ын үндэсний хорооноос эмч, цагдаагийн ажилтан, сэтгүүлч, эмэгтэйчүүдийн байгууллага болон ХДХВ-ын халдвар тээж буй хүмүүсийн төлөөллөөс баг бүрүүлж 18 аймагт “Мэдлэгийн өртөө” гэсэн сургалт зохион байгуулсан. Би тэр багт ороод бүтэн жил ажилласан.
-Халдварын тархалт эрс нэмэгдэж байгааг та бүхнийг бусдад халдвараа тараагаад байгаа юм биш байгаа гэсэн хардлага байна л даа?
-ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүс олноор оношлогдож байгаад энэ чиглэлээр ажилладаг байгууллага болон ХӨСҮТ сайн ажиллаж байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл дээрх халдварын тохиолдолууд ихэвчлэн тандалт судалгааны явцад илэрсэн байдаг. Гэхдээ ингээд тайвширч болохгүй. Хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй. Тухайлбал, дэлхийн түвшинд энэ өвчинтэй тэмцэх хамгийн оновчтой арга бол хүн ёсны эрхийг хүлээн зөвшөөрөх гэдгийг хөгжингүй гүрний удирдагч нар хүртэл дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн байдаг. Халдвартай хүмүүсийг гадуурхаж үзэн ядах нь буруу. Ингэснээр бид улам бүр далд ертөнцөд амьдрах болно. Тэр хэрээрээ аюул нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.
– Манай улсад халдвартай хүмүүс тэр бүр нийгэмд ил гараад байдаггүй шүү дээ. Тэгэхээр гадуурхалыг та яаж мэдэрч байна вэ?
-Төрийн байгууллагад ажилд орохоор анкет бөглөх гэхээр хуудасны хамгийн доод хэсэгт ХДХВ/ДОХ-ын вирус илрүүлэх шинжилгээ өгсөн байх гэсэн заалт байдаг шүү дээ. Бүр энгийн жишээ хэлье. Та бид хоёр яриад сууж байхад ч ширээний наана цаанаас гадуурхал байгааг би мэдэрч байна.
-Уучлаарай, та ХДХВ/ДОХ-ын халдвар ямар хүнээс авсан болохоо олж мэдсэн үү?
-Одоогоос хэдэн жилийн өмнө би Ази, Европын нэлээд олон орноор ажлаар явдаг байсан юм. Тэр үед л вирусын халдвар авсан байх гэж боддог. Монголоос бол халдвар аваагүй.
-Тухайн үед гэр бүлтэй байсан уу?
-Гэрлээд нэг хүүтэй болсон байлаа.
-Тэгээд эхнэр тань халдвар авчихсан уу?
-Үгүй манай эхнэр халдвар аваагүй болох нь ДОХ-ын вирус илрүүлэх шинжилгээгээр батлагдсан.
-Тэгээд?
-Яахав нэгэнт ийм асуудал үүссэн болохоор эхнэр бид хоёр гэр бүлээ цуцлуулсан.
-Одоо бэлгийн амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Найз бүсгүй бий. Бид хоёр нэлээд олон жил үеэрхэж байна.
-Найз бүсгүй тань ХДХВ-ын халдвартай юу?
-Үгүй ээ. Эрүүл.
-Тэгээд халдвар авах эрсдлээс айхгүй байна гэж үү?
-Бид хоёр бэлгийн харилцаанд орохдоо хамгаалах хэрэгсэл байнга хэрэглэдэг. Мөн найз эмэгтэйгээ сайн дурын үзлэг шинжилгээнд хамруулдаг. Мэдээж болгоожлол айдас байлгүй яахав дээ.
-Анх халдвар авснаа хэрхэн мэдсэн бэ, гэр бүлийнхэндээ хэлэхэд маш хэцүү байсан байх даа?
-Би өөрийгөө халдвартай гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй зургаан жил явсан. Тэр үед энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-ийн эмч нар маань сэтгэлийн дэм өгдөг байсан даа. Гэр бүлийнхэн намайг сайн ойлгодог. Мэдээж анх хэлэхэд маш хэцүү байсан. Хүү минь харин намайг халдвартай гэдгийг мэдэхгүй. Хүүдээ хэзээ нэгэн өдөр үнэнийг хэлнэ гэхээр айдас хүрдэг. Тэр минь их шаналах байх даа. Одоо миний хүү 15 настай. Насанд хүрэхээр нь хэлнэ гэж боддог.
-Харин найзууд тань таныг хэр ойлгодог вэ?
-Ажилтай мөнгөтэй байхдаа их олон найзуудтай байлаа. Одоо бүгд байхгүй гэж хэлж болно. Ганц нэг хүн үлдсэн. Харин ХДХВ/ДОХ-ын халдвар тээж буй хүмүүстэйгээ ойр дотно байдаг юм. Бид бие биедээ сэтгэлээ нээж ярилцана даа. Уйлна, баяр гунигаа хуваалцана.
-ХДХВ/ДОХ-ын халдвар тээсэн гэдгээ мэдсэн хүмүүсийн бүх хүсэл мөрөөдөл сарнин алга болж ганцхан туйлын зорилго үлддэг юм шиг санагддаг. Эрүүл болох тухай?
-Мэдээж эрүүл удаан амьдрах хүсэл бүх л халдвартай хүмүүст бий шүү дээ. Халдвар тээсэн бол үхэл гэдэг ойлголт буруу юм. Бид нийгэмд сайн зүйлийг бүтээе гэсэн хүсэл байлгүй яах вэ.
-ХДХВ/ДОХ-ын халдвар эргэж буцалтгүй үхэлд хүргэдэгээрээ харгис шүү дээ?
-Тийм ээ, гэхдээ хүмүүст ингэж хэтэрхий хүнд ойлголт өгч болохгүй. Би халдвар авсанаас хойш өнөөдөр хүртэл найман жил амьдарч байна. Цаашдаа олон жил амьд явна гэдэгтээ итгэдэг. Гол нь хоол хүнсээ зөв зохицуулах, амрах эмчилгээгээ сайн хийлгэвэл удаан хугацаанд амьдрах боломжтой шүү дээ.
-Эмчилгээ гэснээс, та бүхний эмчилгээний зардал маш өндөр. Мэдээж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үнэ төлбөргүй олгодог байх л даа. Хэрэв халдвар улам бүр нэмэгдсээр байвал эм тан хүрэлцэхгүй болох вий гэсэн айдас байх шиг?
-Өнгөрсөн хоёр жилд эдийн засгийн хямралаар ч өндөр хөгжилтэй орнууд энэ өвчинтэй тэмцэхэд гаргадаг зардлаасаа нэг ч төгрөг татаагүй шүү дээ.
-Гэхдээ л ямар нэгэн шалтгааны улмаас эм тасрахад хүрвэл манайх шиг буурай хөгжилтэй оронд яах билээ. Зөвхөн нэг өвчтөний эмийн зардал 1000 гаруй ам.доллар байдаг гэж сонссон.
-ДЭМБ хэзээ ч эм тариагаа таслахгүй байх аа.
-Зарим улс орон тухайлбал Африк, Тайландад энэ өвчин хяналтаас гарсан тухай мэдээлэл байдаг юм билээ?
-Хяналтаас гарна гэж байхгүй байх, энэ өвчний халдвар асар хурдтай тархаж байгаа орны тоонд дээрх хоёр орон зүй ёсоор багтах байх.
-Заримдаа тохиолдлын бэлгийн харилцаанд орох тохиолдол гарах уу?
-Би тэр тухай огтхон ч боддоггүй. Хэрэв зайлшгүй тийм тохиолдол гарвал бэлгэвч хэрэглэнэ.
-Энэ халдвар цус, үрийн шингэн, эхээс урагт гэсэн гурван замаар дамждаг. Тухайлбал таныг орон нутагт явж байхад чинь зүү тариур хэрэглэх, эсвэл дүүргийн эмч нарт хандах үе байна биз?
-Бид ХӨСҮТ-ийн эмч нарын хяналтад байнга эмчлүүлдэг. Манай ТББ-д ихэвчлэн ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүс харилцаатай байдаг юм. Тэдний яриагаар дүүргийн эмч нар үзлэг хийх маш дургүй гэсэн. “ХӨСҮТ- рүүгээ яв” гээд хөөдөг тухай манай хүмүүс гомдол мэдүүлдэг. Тэгэхээр дүүргийн эмч нар халдвартай гэдгээ хэлээд орохоор үзэхээс татгалздаг юм шиг байгаа юм.
-Өнгөрсөн хугацаанд эрсдэлтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдол бий юу?
-Байхгүй.
-Залуус, өсвөр насныхан ХДХВ/ДОХ-ын халдварын талаар төдийлөн мэдээлэлгүй байдаг. Тэдэнд хандаж юу гэж зөвлөх вэ?
-Гэрлэсэн залуучууд гэр бүлдээ үнэнч байх нь энэ өвчний халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн арга юм шүү. Согтууруулах ундаа аль болох бага хэрэглээрэй. Хайртдаа, ханьдаа үнэнч бай. Тохиолдлын бэлгийн харилцаанд орохоос татгалзах хэрэгтэй, Зайлшгүй тохиолдолд бэлгэвч хэрэглээрэй гэж хэлмээр байна даа. Сайн дурын үзлэг шинжилгээнд хамрагдах нь маш чухал гэдгийг залуучууд маань ойлгоосой.
Н.Түвшин