Хорих ангийнхан 47,6 сая төгрөг завшжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Хорих ангийнхан 47,6 сая төгрөг завшжээ

Сүүлийн үед хорих ангиудтай холбоо
бүхий дуулиан нэлээдгүй гарч байгаа. Тухайлбал хүний амь нас онц
хэрцгийгээр хөнөөсөн ялтан  хорих ангиас гадуур ажил хийж байсан. Мөн
Амгалан дахь хорих 421 дүгээр ангийн удирдлага ялтны хөдөлмөрийн хөлс
болох 6,1 сая төгрөгийг хувьдаа завшсан гэх  мэдээлэл чих дэлсээд
байгаа. Энэ талаар  нийслэлийн Прокурорын газрын  Ял эдлүүлэх
ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга  Ц.Мөнхбатаас асууж тодрууллаа.

-Хүний амь нас санаатай бүрэлгэсэн хэрэгт ял сонссон этгээд хорих
аниас гадуур хөдөлмөр эрхэлж байсан тухай мэдээллийг тодруулаач?

-Манай байгууллагаас хийсэн хяналт шалгалтын явцад ШШБЕГ-тай холбоотой
ноцтой  олон зөрчил илэрсэн. Тухайлбал, бусдын амь насыг санаатай
хохироосон хэрэгт 409-р ангид ял эдлэж байсан ялтан А-г тус ангийн
удирдлага өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Сонгинохайрхан дүүргийн
нутаг дэвсгэрт байрлах жаран нэгийн гармын өвөлжөөнд сахиураар ажиллуулж
байсан ноцтой зөрчил илэрсэн. Хуульд зааснаар ялтан нэг удаа хүндэвтэр
гэмт хэрэг үйлдсэн, хувь хүний хүмүүжиж байгаа байдал, ял эдлэх
хугацаанынхаа 30 хувийг эдэлсэн тохиолдолд хорих ангийн дарга болон
прокурорын харилцан зөвшөөрлийн дагуу харуул хамгаалалтай гадуур ажил
хийлгэх тухай заасан байдаг. Гэтэл тус анги ямар ч  харуул хамгаалалтгүй
гээд онц хүнд гэмт хэрэгтнийг гадуур сул ажиллуулж байсан нь маш ноцтой
хууль зөрчсөн үйлдэл.

-Тэгэхээр дээрх хорих ангийн удирдлага танай прокурорын газраас
ямар ч зөвшөөрөл аваагүй гэсэн үг үү?

-Уг нь манайхаас зөвшөөрөл авахдаа дээрх хоригдлыг харуул хамгаалалтан
дор ажиллуулна гэсэн байдаг юм. Гэтэл  байдлыг газар дээр нь шалгахад 
ялтны  харуул нь Булган аймгийн нэгэн сумд ажил хийгээд явж байсан нь
шалгалтын явцад тогтоогдсон.

-Ер нь хоригдолуудыг ямар зөвшөөрлөөр гадуур ажил хийлгэдэг юм бэ?

-Хуульд тодорхой заасан байдаг шүү дээ.

-Танай прокурорын газраас хийсэн хяналт шалгалтын үед өөр ямар ямар
ноцтой зөрчил илэрсэн бэ?

-Үндсэн хуульд зааснаар Ял шийтгүүлсэн этгээдийн ял эдлэж ажиллагаа
хууль журмын дагуу явагдаж буй эсэх, баривчлах ял эдлүүлэх ажиллагаа
хуулиар тогтоосон  нөхцөл дэглэмд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг. 
Нийслэл дүүргийн прокурорын газраас он гарсаар эхний хагас жилийн
байдлаар нийт 60 удаа хяналт шалгалт хийж 589 зөрчил илрүүүлэн 224
ялтны  хууль ёсны эрхийг сэргээсэн. Энэхүү шалгалтын явцад ШШБЕГ болон
хорих ангиудад бодитой олон зөрчил илэрсэн. Мөн эрх бүхий хорих ангийн
албан тушаалтнууд хууль санаатай зөрчсөн үйлдэл олныг нэрлэж болно. Энэ
газар хууль бус журам гаргаж найман жилийн турш мөнгө олсон ч хорих
ангид зарцуулдаг байсан жишээний.

-Хорих ангийн удирлагатай холбоотой зөрчлөөс дурдаач, тухайлбал
ялтны хөдөлмөрийн хөлсийг хувьдаа завшсан тухай мэдээлэл байна л даа?

-Амгалан дахь 421 дүгээр ангийн удирдлага нийт 115 ялтанг аж ахуйн нэгж
байгууллагад хөдөлмөр хийлгэсэн хөлсөнд 7,1 сая төгрөг ялтны нэрийн
дансанд хуримталсан байсныг удирдлага нь завшсан зөрчил илэрсэн байгаа.
Дээрх 115  хүмүүжигчээс 109 нь өршөөлийн хуулиар суллагдсан байдаг
юм.Тус хорих анги хуулийн дагуу эдгээр суллагдсан иргэдэд нэрийн дансанд
байршуулсан мөнгийг нь өгөх ёстой байсан юм.

-Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт танай байгууллагаас ямар
хугацаатай шалгалт хийдэг вэ?

-Улсын хэмжээнд ял эдлэж байгаа нийт ялтны 50 орчим хувь нь манай
хяналтад байдаг. Ялтны хөдөлмөрийн хөлсийг тогтоох тухай хуулийн заалтыг
ШШБЕГ , Тухайлбал 2008 онд ШШБЕГ-ын даргын А 8 тоот тушаалаар баталсан
ялтны хөдөлмөрийн хөлсийг тогтоох тухай түр журам нь бүх талаараа хууль
зөрчсөн араасаа олон сөрөг үр дагавар дагуулсан заалт батлагдсан байдаг.
Ер нь ялтны хөдөлмөрийн хөлс нэгдүгээрт тухайн ялтан хохирогчид
учируулсан хохирлыг барагдуулах хоёрдугаарт хоригдож байх хугацаандаа
гаргасан хохирол, гуравдугаарт хоригдлын эм, хоол хувцсанд тодорхой хувь
нь зарцуулагдах ёстой. Гэтэл ШШБЕГ-аас өөрсдийн  баталсан  журмын дагуу
хоригдлын ажлын хөлсийг хорих ангийн цахилгаан, дулаан гэх мэт урсгал
зардалд зарцуулж байгаа нь мөн  хууль зөрчсөн үйлдэл. Манай прокурорын
газраас өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалтаар нийслэлийн зургаан хорих
анги ялтнуудыг гэрээгээр аж ахуйн нэгж байгууллагад ажиллуулж олсон 89,7
сая төгрөгийн 47,6 сая төгрөгийг өөрийн нэрийн дансандаа оруулж
зарцуулсан байгаа юм. Үүнээс 20 сая төгрөгийг ШШБЕГ-ын дансанд 19,1
хувийг нь ялтны нэрийн дансанд байршуулсан байдаг.

-Хорих 409-р ангид хйисэн шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?

-Өнгөрсөн онд Тоосгоны үйлдвэрлэл явуулдаг хорих 409-р анги ялтны
хөдөлмөрийн хөлсөнд 38,9 сая төгрөгийн орлого олсноос ШШБЕГ-ын дансанд
6,1 сая төгрөг, өөрийн нэрийн дансанд 32,8 сая төгрөгийг хорих ангийн
дэргэдэх үйлдвэрийн газрын албан хаагчийн цалинд олгож, дулаан, бохир
ус, цахилгаан хоол, сэлбэг шатахуун зэрэгт зарцуулсан зөрчил илэрсэн.

-Хорих анги төрөөс санхүүждэг биз дээ?

– Тийм ээ, гэтэл дээрх хорих ангиуд ялтны хөдөлмөрийн хөлсийг дуртай
зүйлдээ зарцуулж байна. Энэхүү зөрчлийг арилгах хэрэгтэй байгаа талаар
ШШБЕГ болон хорих ангиудад үүрэг өгсөн байгаа.

-Хорих ангийн ажилтнууд хүмүүжигчдээ дарамт үзүүлэх, ар гэрээс нь
мөнгө нэхэмжлэдэг, хүнсний бүтээгдэхүүн худалддаг гэсэн мэдээлэл олон
нийтийн дунд байдаг юм билээ?

-Энэ тухай асуудал  оргүй үг биш юм.  Ер нь тийм мэдээлэл байдаг. Бид
энэ зөрчлийг   олж тогтоох, хариуцлага тооцох талаар ажиллах болно.

-Хорих ял эдлэж буй ялтнууд гар утас хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг
юм уу?

– Мэдээж хориглосон байгаа.

-Гэхдээ гар утас хэрэглэх нь хоригдлуудад хэвийн үзэгдэл болсон юм
биш үү?

– Тус хорих ангид хяналт тавьж байгаа ажилтнуудтай шууд холбоотой.

– Эдийн засгийн боломжтой бол хорих ангид амралтад амарч байгаа юм
шиг амьдарч болдог гэсэн?

-Яах вэ, өөрөө мөнгө санхүүтэй бол заавал хорих ангийн хоол хүнсийг
хэрэглэх албагүй шүү дээ. Миний сонсч байснаар Цагаан шонхорын Энхтайван
шоронгийн хоол хүнс нэг ч удаа хэрэглэж байгаагүй гэж сонссон юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж