Тавантолгойн галт тэрэг хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Тавантолгойн галт тэрэг хөдөллөө

Монгол Улсын Засгийн газраас хоёр сар гаруйн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр баталлаа. Хуралдаанд 62 гишүүн оролцсоноос 53 нь буюу 85.5 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм.

Тогтоол батлагдсанаар төрийн өм­­­чит “Эрдэнэс МГЛ” компанийн ха­рьяа “Эрдэнэс Тавантолгой” охин ком­­панийг байгуулж, түүгээр олбор­лолт, борлуулалтын үйл ажиллагааг хийл­гэх болж байна. Ингэснээр “Эр­дэнэс Тавантолгой” охин компани нь Монголын ард түмний компани болж, ард иргэддээ ижил тэгш нөхцлөөр 10 хувийн хувьцаа эзэмшүүлнэ, үндэс­ний аж ахуйн нэгжүүддээ мөн 10 хувийн хувьцааг ижил тэгш нөх­цөлөөр дотоодын хөрөнгийн бир­жээр дамжуулан арилжаалах үүргийг хүлээх болж байгаа юм. Түүнчлэн хувьцааныхаа 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид хөрөнгө бос­гох зорилгоор үйл ажиллагаа явуу­лах эрхийг УИХ олгов.

Мөн  дамжин өнгөрөх тээвэр, уг­туу­лан тавих нөхцөл, урьдчилгаа төл­бөр, боомт ашиглалт, борлуулалт хөрөнгө оруулалтын нөхцлийн та­лаар хэлэлцээр хийж, гадаад, до­тоо­дын хөрөнгө оруулагчийн оролцоотой нэгд­сэн компани консерциумыг нээлт­тэй хэлбэрээр сон­гон шалга­руулж, хө­рөн­гө оруу­лалтын гэрээний төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэл­цүүлж, бусад бичиг баримтын төслийг танилцуулахыг Засгийн га­зарт даалгасан юм.

Хэдийгээр чуулганы нэгдсэн хурал­­­даанаар Тавантолгой төслийг олонх гишүүн гар өргөн дэмжсэн ч гэлээ цөөн тооны гишүүн яаравчлан батла­хыг буруушааж, энэ чиглэлээр Эдийн засгийн байнгын хорооны дар­га Ц.Баярсайхан, Эрдэс баялаг, эр­­чим хүчний сайд Д.Зоригт, Сан­гийн сайд С.Баярцогт нараас ха­риулт хүсэв. Тодруулбал, УИХ-ын ги­шүүн Л.Гүндалай  “Тавантолгой бол чухал асуудал. Түргэн шуурхай шийдвэр гаргах нь учир дутагдалтай, Монголчууд бид дангаараа хөрөнгө босгож яагаад болдоггүй юм бэ. Монголчууд ажиллуулж чадахгүй тоног төхөөрөмж байдаг юм уу, дэлхийд.  Тавантолгойн нүүрсний ор­дыг ашиглахад нарийн мэргэжлийн ин­­женер хэрэгтэй. Монголд ажиллах га­даа­дын мэргэжилтэн олдохгүй бай­на гэж үү. Ордыг ашиглахад хэдэн төг­рөг хэрэг болох юм, хэдийг нь Засгийн газар босгож чадахгүй байгаа юм. Юунаас болж  шантраад, ямар эрх зүйн орчин дутаад байна вэ. Яагаад заавал гадны нөхдүүдийг гуйх гэж. Яагаад Монголын төр 100 хувь хөрөнгөө гаргаад ашиглаж чаддаггүй юм. Тавантолгой нийт дүнгээрээ хэдэн тэрбум төгрөгийн үнэ хүрэх юм гэсэн хамгийн урт асуултыг тавив.

Сайд Д.Зоригт: Компанийг бос­го­ход шаардлагатай хөрөнгийн хэмжээг ойрын хоёр гурван жилээр тооцоход нэг тэрбум 500 ам.доллар шаардана гэж тооцож байгаа. Энэ мөнгийг зээлээр босгоно. 

УИХ-ын гишүүн Л.Гүндалай: -Хэ­­тэрч байна, нэг тэрбум 500 сая доллар олчих юм бол монголчууд өөрсдөө ашиглачих боломжтой юм гэж хэллээ. Энэ мөнгө чинь юу юм бэ, бүхэл бүтэн тусгаар тогтносон орны хувьд. Байгалийн асар их баялагтай орны хувьд. Ухаан муутай хариултыг бид хүлээн зөвшөөрөөд тогтоолыг батлах юм уу? 

Сайд С.Баярцогт: -Тавантолгойн орд бол бүс нутаг дэлхийн хэмжээний орд. Монгол Улс үүнийг дангараа ашиглаж болно. Гэхдээ дангаараа ашиглаад гадагш нь гаргахгүйгээр хүсэн хүлээсэн орлого олохгүй. Тийм учраас бид дамжин өнгөрөх тээврийн асуудал, угтуулан тавих нөхцөл, боомт, урьдчилгаа төлбөр, борлуулалт гээд олон хүчин зүйлийг гео-эдийн засгийн хувьд авч үзэх ёстой болсон. Манай улс далайд гарцгүй учраас уул уурхайн бүтээгдэхүүнээ Орос, Хятад хоёроор дамжуулж тээвэрлэхээс ар­га­­гүй. Дээр нь дэлхийд нэр хүнд­тэй 11 компани ордыг ашиглах та­лаарх саналаа ирүүлчихсэн. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, гадны хөрөнгө оруулагч бүрдүүлэх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалтыг хийж болно гэсэн томъёоллыг оруулж өгсөн.

Сайд Д.Зоригт: Монгол Улсын төс­­вийн нэг жилийн хөрөнгө оруу­лалт  400 сая ам.доллар байгаа. Тэгэ­хээр нэг тэрбум 500 сая ам доллар бол Монгол Улсын зургаан жилийн төс­вийн хөрөнгө оруулалттай тэнцэнэ.

Юутай ч наадмаар гуядуулан 6.4 тэрбум нүүрсний нөөцтэй Таван­тол­гойн ордоо цаг алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал гэж үзэн УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Гэхдээ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой олон чухал шийдвэрийг Засгийн газар гаргаж, зарим судалгааг ч хийх учиртай. Бас Тавантолгой ор­дыг хамтран ашиглах хөрөнгө оруу­лагчаа нээлттэй тендэрээр шалга­руулах, шалгаруулсан нөхцөлд хөрөн­гө оруулалтын гэрээ байгуулах эр­хээ УИХ-аас авах гээд бас л цаг хуга­цаа нэлээдгүй шаардах их ажлыг эхлүүлэх аянд Засгийн газар өнөөдрөөс мордож байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж