Испаничууд “Германы машин”-ыг сөхрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Испаничууд “Германы машин”-ыг сөхрүүлэв

Испаничууд “Германы машин”-ыг сөхрүүлэв

Дэлхийн аваргын ногоон дэвжээнд гялалзаж, түүх шастир арвинтай дэлхийн хүчирхэг багуудад хөлбөмбөгийн хичээл зааж байсан Германы шигшээ “Ялагдашгүй Армада”-гийн өмнө сөхөрлөө. Харин испаничууд үнэхээр том гавьяа байгуулав.

Тоглолтын хоёрдугаар хагаст Пуойлийн мөргөсөн бөмбөг Германы хаалгыг мялаасан нь тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоол байсан бөгөөд Испани түүхэндээ анх удаа дэлхийн цомын тэмцээний финалд өрсөлдөх гэж байна. 1:0 харьцаатай ялалт хоёр жилийн өмнөх Европын аваргын финалын тоглолтыг санагдуулж байлаа. Тухайн үед амжилтаар цангасан “Ялагдашгүй Армада” 44 жилийн хар дурсамжаа арилгаж, Буурал тивийн аваргаар тодорч байв.

Хэдийгээр Европын аварга гэдэг эрхэм нэр хүндтэй цол гуншин боловч “дэлхийн аварга” гэдэг харьцуулшгүй агуу амжилт билээ.

Ирэх ням гаригийн үдэш Хар тивийн хөгжингүй гүрэн Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Соккер сити цэнгэлдэхэд Голланд болон Испанийн багийн хооронд финалын ширүүн тулаан өрнөнө. Аз хэнийг ч ивээж, ялалт аль ч багт заяасан гэсэн энэ жилийн аваргын цом дээр шинэ улсын нэрийг сийлж, цоо шинэ дэлхийн аварга мэндлэх гэж байна. Өмнө нь хоёр удаа финалдсан ч хоёуланд нь ялагдаж байсан “Улбар шарууд”-ын хувьд хошой аварга Уругвайн шигшээг хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ.

Тоглолтын эцсийн шүгэл дуугарахад Испанийн шигшээ багийн сэлгээний тоглогчид талбайд гарч ирэн, тэд хамтдаа агуу баяраа тэмдэглэсэн бол дэлхийн гурван удаагийн аварга “Германы машинууд” гурав дахиа дараалан хагас шигшээд шалгарсан ч дэлхийн аваргын алтан цомыг өргөх тавилан бас л дутлаа.
Хоёр багийн дасгалжуулагч хоёул гарааны бүрэлдэхүүндээ нэг нэг өөрчлөлт хийсэн байв. Висенте дел Боске форм муутай байгаа “Ливерпуль”-ийн од Фернандо Торресийг суулгаж, Педро Родригезийг талбайд гаргасан бол өмнөх тоглолтод улаан картны эзэн болсон Германы залуу тоглогч Томас Мюллерийг орлож, Йохим Лёв Пётр Трочовскиг сонгожээ.

Тоглолтын эхнээс л ширүүн довтолгоог эхлүүлж байсан испаничууд тоглолт өндөрлөхөөс 17 минутын хүссэн гоолоо оруулж чадсан. Шавигийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг Пуйоль мөргөснөөр багтаа түүхэн ялалт авчирсан гоолын эзэн болсон юм.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж