Афганистан Улсад үүрэг гүйцэтгээд ирсэн Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт боллоо. Уг ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Энэ удаад “Цэргийн гавьяаны одон”-оор цэргийн багийн захирагч хурандаа Д.Өлзийбаяр, “Цэргийн хүндэт медаль”-иар хошууч Л.Цэрэгбаяр, “Энхийн төлөө” медалиар дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баяржаргал, дэд ахлагч С.Отгонтөгс нарын 48 алба хаагч, “Афганистанд энхийн төлөө” хүндэт тэмдэгээр, дэслэгч Д.Олонхүү, ахлагч Э.Батсайхан, Я.Цогтсайхан, дэд ахлагч Ц.Ууганбаяр нарын 38 цэргийн алба хаагч тус тус шагнагдлаа.
Мөн “Афганистанд энхийн төлөө-2” хүндэт тэмдэгээр сургагч ахлагч Б.Осор, ахлах ахлагч Э.Төрмөнх, ахлагч О.Нямаа нарын 49 цэргийн алба хаагчийг шагнаж урамшуулсан юм.
Манай улсын энхийг сахиулагчид Афганистан улсын Херат муж дахь Эвслийн цэргийн хүчний баруун бүсийн Командлалын бүрэлдэхүүнд Агаарын цэргийн хүчний Шинданд баазын аюулгүй байдлыг хангаж, баазын үндсэн шалган нэвтрүүлэх цэг, дотоод шалган нэвтрүүлэх цэг, нисэх зурвасын хамгаалалт, баазын эргүүл, сургагч багш нарын хамгаалалт, баазын харуул зэрэг үүргийг гүйцэтгэсэн байна.
Мөн АНУ-ын Хуурай замын цэргийн хүчний “Bobcats” болон Үндэсний гвардын “Saber” томилгоот хүчний цэргийн алба хаагчидтай сургалт дадлага, буудлагыг 20 гаруй удаа зохион байгуулж, биет хамгаалалтын үүргийг анх удаа зохион байгуулан явуулжээ.
Т.ДАРХАН