2010 оны хаврын тариалалтын дүнтэй Засгийн газрын гишүүд танилцав. Үүнтэй холбогдуулан тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй нэвтрүүлэх, уринш боловсруулалтыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах, тариалсан үр тариа, хүнсний ногоог хэт халуун нарнаас хамгаалах технологийн зөвлөгөөг тариаланчдад өгөх, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгав.
Урьдчилсан байдлаар 260.8 мянган га-д үр тариа, 13.1 мянган га-д төмс, 6.1 мянган га-д хүнсний ногоо, 23.9 мянган га-д тосны ургамал, 7.6 мянган га-д тэжээлийн ургамал, 517.4 га-д жимс, жимсгэнэ тариалаад байна. Нийт тариалсан талбайн 72.4 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарч арвай, овъёос, хөх тариа болон тосны ургамлын тариалалт өмнөх жилээс нэмэгджээ.
“Атрын гурав дахь аян”-ы хүрээнд атаршсан болон өнжсөн талбайгаас нийт 230.0 мянга га талбайг эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 255.3 мянган га талбайг ашиглалтад оруулснаар эргэлтийн талбайн хэмжээ 584.0 мянга га-д хүрээд байна.
Энэ жил 274.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд 6 дугаар сарын 25-ны байдлаар 120.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийжээ.
ӨВӨЛЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний тухай хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
Энэ дагуу :
· Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд цаг агаарын хүндрэл, гамшгийн үед зарцуулах өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг ОХУ-аас тусламжаар олгосон тэжээлийн арвай буудайг боловсруулан бүрдүүлэх
· Зудын улмаас малгүй болсон иргэдийг малжуулах, бусад салбарт ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх, гамшгийн эрсдлийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжиж байгаа дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр, жижиг, дунд үйлдвэрлэл, газар тариалан, уул уурхайг хөгжүүлэх бодлого, чиглэлтэй уялдуулан хэрэгжүүлэх
· Хөрс, агаарт их хэмжээний халалт үүсч гандах төлөвтэй байгаа учир гангийн зэрэглэл тогтоон шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх
· Тусгай хамгаалалттай газар болон аймаг, сум дундын нөөц бэлчээрт өвөлжүүлэх өрх, малын тоо, нүүдэл дамжин өнгөрөх замын чиглэлийг 9 дүгээр сард багтаан тогтоож, отор нүүдлийг нэгдсэн зохицуулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн хуралдаанаас :
· “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг малчид, иргэдэд сурталчлан таниулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах
· Салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох яам, газар, аймаг, нийслэлийн төр, захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэж хангалтгүй ажилласан орон нутгийн удирдлага, албан тушаалтантай хариуцлага тооцох
· Хээлтүүлэгч малын хүрэлцээ муу байгааг харгалзан дутагдах хээлтүүлэгчийг нөхөн тавих, худалдан борлуулах ажлыг нэгдсэн журмаар зохицуулах, аймаг, сум, малчид, иргэдийн захиалгаар зохиомол хээлтүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах
· Хадлан, тэжээл бэлтгэлийн эрэлт, хэрэгцээ их байгаа техник, тоног төхөөрөмжийн хангамжийг хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан нэмэгдүүлэх, тэргүүний үйлдвэрлэгч, хадланчдыг урамшуулах болзол зарлан, тэдний туршлага, үр дүнг сурталчлах
· Үтрэмийн талбай, агуулахаас гарч байгаа тэжээлийн будаа, үр тарианы сүрэл, хүнсний ногооны иш, навч зэргийг малын тэжээл бэлтгэхэд ашиглах талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнүүдээр сурталчилгаа хийлгэх ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгав.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт :
· Аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө гарган ажиллах, өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг ОХУ-ын тусламжаар олгосон тэжээлийн арвай буудай болон орон нутгийн нөөц боломжоо ашиглан бүрдүүлэх
· Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх угаалга, тарилга, боловсруулалтын арга хэмжээг цаг хугацаанд нь гүйцэтгүүлэх, өвөлжөө, бууц, хашаа, хорооны ариутгал, халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд чанартай гүйцэтгэхэд хяналт тавьж үр дүнг тооцох
· Хадлан, тэжээл бэлтгэх техникийн засвар үйлчилгээг 7 дугаар сарын 20-ны дотор дуусгах, техникээр үйлчлэх дундын үйлчилгээний нэгжийг зохион байгуулж малчид, иргэд, аж ахуйн нэгж хоорондын уялдаа холбоог хангах
· Аймаг, нийслэл, төвлөрсөн хот, суурин газрын хүн амын 2011 оны хаврын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн зохион байгуулалтаар мал, мах бэлтгэж үйлдвэрийн аргаар боловсруулан нөөцлөх, дотоод, гадаад зах зээлд нийлүүлэх арга хэмжээ авах
· Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малчдад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, зохион байгуулахын тулд шатахуун, бусад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг даалгалаа.
Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг нэгтгэн гаргаж 2010 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд үүрэг болгов.
БЭЛТГЭЛ 30 ХУВЬТАЙ БАЙНА
Эрчим хүчний салбарын хэмжээнд тоноглолын их, дунд засвар, шинэчлэлийн ажлын явц 2010 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар 30 хувьтай байна.
Дулааны цахилгаан станцуудын хувьд үндсэн тоноглолын их засварын ажлаас 5-ынх нь засвар бүрэн дуусч 5 тоноглолын засвар 50-иас дээш хувьтай, бусад ажил 20-50 хүртэл хувийн биелэлттэй байна. Харин Эрдэнэтийн цахилгаан станцын 4 дүгээр зуухны их засварын ажил хөрөнгөөс шалтгаалж хугацаандаа хийгдээгүй, “ДЦС-3” ХК-ийн нэг зуухны засварт тендерээр нийлүүлэгдсэн труба чанарын шаардлага хангаагүйгээс хойшлогджээ.
Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын “Нүүрсний аюулгүй нөөц”-ийг бүрдүүлэх 4,9 тэрбум төгрөгийн төсвийн зээлийн эх үүсвэрийг Засгийн газар шийдвэрлэсний дагуу станцууд нүүрсээ нөөцлөж байна.
Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээ компаниудын засварын ажил 26,7 хувьтай байна.
Төвлөрсөн дулаан хангамжтай 5 аймгийн Увс, Ховд, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Дулааны станц цахилгааны өртэйн улмаас эрчим хүчээ таслуулж, засварын хөрөнгөгүй учир ажлаа эхлүүлэх боломжгүй, “Дулаан шарын гол” ХК мөн хөрөнгийн эх үүсвэргүй учир ажлаа эхлээгүй байна.
Үүнд анхаарч тодорхой арга хэмжээ авах, өвөлжилтийн бэлтгэлийг цаг хугацаанд нь хийж дуусгах үүрэг, даалгаврыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад өглөө.
64 АЖИЛ ХИЙНЭ
Зам, тээвэр, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 52116.6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 64 ажил хийхээр төлөвлөсөн байна.
Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцэн:
· Цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, замын байгууламжид эвдрэл гарч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учрахаас сэргийлэх, авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор замын засвар, арчлалтын чанарыг сайжруулж тогтмолжуулах, ургац тээвэрлэх зам, гүүрийн шинэчлэл, засварыг яаралтай эхлүүлж чанартай хийх, гэнэтийн эвдрэлийг шуурхай засварлаж байх зохион байгуулалтын арга хэмжээ авах
· Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн граашийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийх, сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нөөцлөж, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх
· Дулааны станц, салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг нисэх онгоцны буудлууд, харъяа албадуудад бүрэн хангуулж, нислэгийн аюулгүй байдлыг хангах
· Төв, суурин газрын барилга байгууламж, орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам, сүлжээний ээлжит засвар, үйлчилгээ, угаалга, туршилтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгуулах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгав.
2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой үүрэг, даалгавар өгч хяналт тавин, биелэлтийг нь шалгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
ТОВЧХОН
· Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааны үеэр монголын талын төлөөлөгчдийг баримтлах удирдамжийг зөвшөөрч, хуралдаанд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Комиссын монголын хэсгийн дарга Н.Алтанхуягт зөвшөөрөв.
· БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбаруудад нэг дор ахиц авчирсан, хүмүүнлэгийн харилцааг улам гүнзгийрүүлсэн, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ шатны суурийг тавьсан, шинжлэх ухааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өглөө гэж Засгийн газар үзэж байна.
· БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал хэлэлцэн тохиролцсоны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Хөх нуур мужийн 60 хүүхдийг Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амраахаар болов. Хүүхдүүд манай хүүхдийн байгууллагуудын ажилтай танилцан, монгол хүүхдүүдтэй нөхөрсөг уулзалт, ярилцлага хийж, МҮОНРТ болон бусад хэвлэл, мэдээллийн байгууллагын хүүхдийн нэвтрүүлэг, хөтөлбөрт оролцох юм.
· 2010 онд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэл болон гал түймрийн улмаас Дундговь, Төв, Ховд аймгийн зарим суманд учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардлагатай 52.637.000.0 /тавин хоёр сая зургаан зуун гучин долоон мянган/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
· Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулав. 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь манай улсын түүхийн онцгой, түүхт үйл явдал. Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс нь болсон юм.
· Дорнод аймгийн баяр наадмыг 2010 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавт зөвшөөрөв. Тус аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 2010 оны 7 дугаар сарын 18 хүртэл сунгаж, аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан баяр наадам, төвлөрсөн сургалт, зөвлөгөөн зохион байгуулахыг хориглоод байгаа юм.
· Увс нуурын ай савын дархан цаазат газар /Монгол/ – Увс нуурын хотгорын тусгай хамгаалалттай газар /ОХУ/ болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газар /Монгол/ – Сохондын тусгай хамгаалалттай газар /ОХУ/ хил дамнасан Шим мандлын дархан газар байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зүйтэй гэж үзэн Оросын талтай хэлэлцээрийг эцэслэн тохирох болов.
· “Барилгын зураг төсөл боловсруулж, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийг батлав.