Сонсголын бэрхшээлээ үл тоон дэлхийн энтэй мөрөөдөж яваа нэгэн залуу бидний дунд амьдарч байна.
Түүнийг Ч.Мөнгөндалай гэдэг. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн. Монгол орныхоо баруун хязгаарын 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар туулж мөрөөдлөө биелүүлж чадсан нэгэн. Тавхан сарын өмнө энэ залуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд ердөө л мөрөөдөгч, хэний ч танихгүй нэгэн байлаа.
Түүний мөрөөдөл эрүүл саруул болохоос илүүтэй Монгол орныхоо байгалийн сайхнаар аялж, эх орныхоо ширхэг чулууг ч хайрлах үзэл байж. Түүний тухай " Ч.Мөнгөндалай аялалд гарлаа, замдаа явж байна, Сэлэнгэ аймгийн Хөтөл сумынхан, Баян-Өлгийчүүд угтаж авлаа” гэсэн мэдээллийг л авдаг байснаас Ч.Мөнгөндалай гэж хэн бэ, чухам яагаад дугуйн аялал хийхээр болов, түүнд залуусын байгууллага хэрхэн туслав, сонсголын бэрхшээлтэй хүн Монголыг бараг тойрч байхад… гэсэн олон асуулт байсаар байсан. Монголын олон мянган залууст үлгэр дууриал болсон түүнийг "Амьдралын тойрог” буландаа онцолсон шалтгаан энэ юм.
ОЛОН МЯНГАН ЛАЙК-ЫН ЭЗЭН
Ч.Мөнгөндалайтай уулзахаар түүний хэлмэрчээр дамжуулж АНУ-ын дугуйн үйлдвэрлэлийн Cannon-dale брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Cannondale Mongolia” дугуйн дэлгүүрт цаг товлов. Биднийг дугуйн дэлгүүрийн эзэн И.Ноож, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны тэргүүн Л.Соелмаа нар Ч.Мөнгөндалайгийн хамт угтлаа.
Ч.Мөнгөндалай хүнтэй мэндлэхдээ гар барин сүрхий ёсорхох юм. Л.Соёлмаа тэргүүн түүнд үнэ төлбөргүй хэлмэрчийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Харин “Cannondale Mongolia” компанийнхан Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубтэй хамтран ажилладаг байгууллага ажээ.
“Амьдралын тойрог”-ийн маань эзэн гэртээ биш дугуйн дэлгүүрт урьсан нь учиртай байж. Ч. Мөнгөндалайгийн хувьд бол дугуй байнгын хэрэглээ, дотны анд нь. Түүний 6300 км замын аяллын турш анд нөхөр болсон ОТ брэндийн дугуйг “Cannondale Mongolia” дэлгүүрийнхэн бэлэглэжээ. Аяллаас буцаж ирэхэд дугуйг нь Монголын Залуучуудын Холбоонд үзэсгэлэнд тавихаар болж, оронд нь яг ижил загварын шинэ дугуйг бас бэлэглэв. Тиймээс дугуйгаа өгч, авалцахаар уулзаад байсан нь энэ юмсанж. Ер нь бол Ч.Мөнгөндалай эднийх болон Монголын Залуучуудын Холбоо, уг холбооны дэргэдэх "Залуу дугуйчин" клубынхны байнгын “зочин”. Учир нь түүнд одоогоор өөрийн гэсэн гэр орон байхгүй.
Ч.Мөнгөндалай Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын уугуул юм байна. Бүтэн өнчин. Түүнийг бүүр багад нь эцэг, эх нь өөд болж, хүү хамаатнынхаа гэрт өсчээ. Түүний сонсголын бэрхшээл нь төрөлхийн биш. Багад нь эмийн харшлаас үүдсэн эмгэг гэнэ. Тэрээр 29 дүгээр тусгай сургуульд орсноор бичиг үсэг заалгаж, хүмүүстэй чөлөөтэй харилцдаг болжээ. Одоо бол пэйж хуудас ажиллуулна, крилл үсгээр хүмүүстэй энгийн харилцчихна. Түүний үйл хэрэг, аяллыг дэмжсэн олон мянган залуус пэйж хуудсаар нь дамжуулж амжилт хүсэн, лайк дардаг болжээ.
МӨРӨӨДӨЛ
Бид юу мөрөөддөг вэ. Байр, машин, мөнгө, компани байгуулах…. Дийлэнхдээ л эд зүйлс. Харин ярианы бэрхшээлтэй залуу юу мөрөөдөв. Энэ тухай Ч.Мөнгөндалайгаас асуухад “Хувь хүнийхээ хувьд эх орныхоо сайхан нутгаар аялъя гэж зорьсон юм. Эзэн Чингисийн өвлөн үлдээсэн энэ эх орноо бид онгон байгалиар нь хадгалж үлдэх ёстой. Ингэхийн тулд Монголчууд, ялангуяа залуус илүү их сэтгэлтэй байгаасай гэж хүсч явдаг. Эх орны маань нэг чулуу хүртэл амьтай шүү дээ.
Тийм болохоор явсан газар бүрийнхаа сайхан байгалийг гэрэл зургийн хальснаа буулгасан. Удахгүй эхнээс нь залуустаа сонирхуулна. Эх орноороо бахархах сэтгэл миний дотоод ертөнцөд хэрхэн үлдсэнийг зургаараа харуулна” гэв. Үнэхээр нутаг, орныхоо байгалийн сайхнаар аялвал эд юмсаас илүү сэтгэлийн таашаал тэр биз.
Дугуйчин залуу маань бүр багаасаа эх орноороо тойрон аялахыг хүсдэг байж. Нэг удаа Хөвсгөл далай руу явган аялал хийж байсан удаатай гэнэ. Харин том мөрөөдлөө биелүүлэх хамгийн анхны алхам нь Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубт элсч байснаа дурсав. Уг клуб нь тус холбооны дэргэд залуус сонирхлоороо нэгдсэн олон хороо, клубүүдын нэг юм.
Багаасаа дугуйнд сонирхолтой хүү тус клубт орохыг их хүсдэг ч өөрийн бэрхшээлээс болж цэрвэдэг байжээ. Нэг л өдөр зориг гарган элсэх хүсэлт гаргасанд клубынхан найрсгаар угтан авчээ. Үүнээс хойш Залуу дугуйчин клубынхны жил бүрийн хавар зохион байгуулдаг Туул гол цэвэрлэх, “Хоггүй Улаанбаатар” аянд идэвхтэй оролцдог болсон гэнэ. Клубынхандаа Ч.Мөнгөндалайд ихэд сэтгэл хангалуун явдаг. Учир нь түүнийг гэр оронгүй гээд орхичихсонгүй нэгэн зорилготой залуус бие биенийхээ байранд амьдруулдаг болжээ. Уг нь Хөтөл тосгонд хамаатнууд нь байдаг ч холбоогоо бараг тасалжээ. Тэгээд ч хөдөө байхаар зав чөлөө ихтэй учир уйддаг гэнэ. Харин хотод бол өөрийнх нь ижил сонирхолтой залуустай танил учир хот бараадах сонирхолтой. Нэг үгээр Ч.Мөнгөндалай идэвхтэй амьдралыг эрхэмлэдэг нэгэн аж.
Клубт элссэнээсээ хойш тэрээр Монгол орныг тойрон аялах мөрөөдлөө мартаагүй л явж. Бас анх клубт элсэх хүсэлт гаргаж байсан шигээ зориг гарган тойрон аялал хийх хүсэлтээ Монголын Залуучуудын Холбоонд уламжилжээ. Тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын хэлснээр “Ч.Мөнгөндалайгийн саналд анх итгэхгүй байсан ч нэгэнт залуу хүн шийдсэн бол заавал хэлсэндээ хүрнэ шүү" хэмээн зөвшөөрчээ. Ингээд өнгөрсөн зургаадугаар сарын 7-ны өдөр "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн үеэр уртын аяллаа эхлүүлжээ.
Тэрээр 167 хоногийн турш Монгол орны 15 аймгийн 210 сумаар аялжээ. Аяллынхаа явцад бусдад дэрэмдүүлж, машины осолд орж амь тулсан эрсдэлтэй нүүр тулгарсан гэнэ лээ. УИХ-ын дарга З.Энхболдтой хөдөө явж байхад нь уулзаж амжсан адал явдалтай хоног удаа эргэн дурсав. Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ярилцаж буйдаа сурвалжлагч миний бие олзуурхан адал явдалтай аяллынх нь тухай ярилцлага хийснээ толилууъя. Учир нь дохионы хэл гэдэг ч гайхамшиг юм. Түүний учирлан байж ойлгуулсан үг бүр үнэ цэнэтэй санагдсан бйлээ.
З.ЭНХБОЛД ДАРГА АЯЛЛАА АМЖИЛТТАЙ ДУУСГААД УЛААНБААТАРТ ОЧООД УУЛЗААРАЙ ГЭСЭН
-Сонсголын бэрхшээлтэй болохоор аялахад хүндрэлтэй байв уу?
-Миний байгаа байдал хүсэл мөрөөдөлд минь саад болох ёсгүй. МЗХ-ны дэргэдэх "Залуу дугуйчин" клубынхан аяллыг дэмжиж, аймаг орон нутгийн салбар холбооны залуустай холбож өгснөөр очсон газар бүрт угтан авч байсан.
– Дээрэмдүүлж, машины осолд хүртэл орсон байна шүү дээ?
-Бэрхшээл, саад их байсан. Тиймхэн ослоос болж миний аяллын зорилго хэмжигдэхгүй. Тэр золгүй тохиолдлын үед олон сайхан сэтгэлт хүмүүс тусалсан. Ялангуяа Монголын Залуучуудын Холбооны О.Сансархүү аяллын гол менежментийг хийж, бүх хүмүүстэй утсаар харилцаж холбож өгч байсан. Баян-Өлгийн үлгэрийн юм шиг том сахалтай сайхан өвгөд намайг гэртээ уриад зочилсон. Сайхан сэтгэлт, зочломтгой казах ард түмэнд баярласнаа илэрхийлье. Монгол түмний зочломтгойг аялж яваад бүр ч ухаарлаа.
-15 аймгийн 210 сумаар аялжээ. 6300 км гэдэг бол бараг Монгол Улсын хилийн нийт уртын бараг дөрөвний гурвыг туулжээ. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн байгалтай нутаг аль нь байв?
-Алтай Таван Богд аяллын оргил цэг сэтгэл хөдөлгөсөн үе байсан. Тэнд маш хүйтэн. Алтай Таван Богд ууланд төрийнхөө алтай соёмбот далбааг мандуулаад хиймороо сэргээгээд буусан. Үүнээс гадна Увс аймаг сайхан байгальтай юм билээ. Хөвсгөл аймгийн Галт сумын халуун рашаан ч гоё байсан. Мөн Сэлэнгэ мөрөн үнэхээр сайхан сүрлэг. Аяллынхаа явцыг гэрэл зургийн хальсанд буулгасан. Аяныхаа богцыг удахгүй фэйсбүүкээр задална. Миний үзсэн, надад төрсөн мэдрэмжийг бусад хүмүүс хүртээсэй гэж хүсч байна.
-Баян-Өлгий аймагт юу болсон гэж?
-Тэр үед УИХ-ын дарга З.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллаж байсан юм билээ. Намайг аялалд гарсныг фэйсбүүкээс мэдсэн гэсэн. Алтай Таван Богдоос буугаад аймагт иртэл олон цагдаа хүрээлээд авсан. Би айсан. Юу болчихов, ямар хэрэг тарьчихсан юм бол гээд айлаа. Гэтэл тэд УИХ-ын даргатай уулзуулъя гээд хамгаалагч нар нь орж ирээд мөрөн дээр алгадахад нь тайвширсан. З.Энхболд дарга “Би чиний тухай сонссон. Аяллаа амжилттай дуусгаад Улаанбаатарт очоод уулзаарай” гэсэн.
-Хоол, ундаа яаж зохицуулж байв. Хүн, амьтангүй газраар олон хоног явсан гэж дуулсан?
-Айл байхгүй газар майхнаа бариад хоночихдог байсан. Харин зарим газарт айлд хоноглосон, хүч тэнхээ авч аяллаа үргэлжлүүлдэг байсан.
-Тэгвэл гурван сарын турш дугуйтайгаа л найзалсаар ирсэн байх нь ээ?
-Тийм ээ. Дугуй маань нэг ч удаа эвдэрч зогсохгүйгээр 6300 км эамыг туулсан. /Түүний унаж явсан нь дугуй нь “Cannondale Mongolia ” компанийн захирал И.Ноожийн тайлбарласнаар дэлхийд тэргүүлэгч брэнд "Cannondale”-ийн дагуул GT брэндийнх гэнэ. Өндөр зэрэглэлийн дугуй болохоор 6300 км замыг саадгүй туулжээ/
-Дугуйгаар хэдэн жил хичээллэж байна?
-2003 оноос дугуй унаж эхэлсэн. Сүүлийн гурван жилд идэвхтэй хичээллэсэн. Ялангуяа МЗХ-ны дэргэдэх Залуу дyгyйчдын клубынхантай танилцаж эхлээд дугуйн спорт, аяллыг сонирхдог болсон. Манай клубынхан үнэхээр сэтгэл сайтай залуус.
Энэ хамт олныхоо хүчээр мөрөөдлөө биелүүлэх боломж олдсондоо туйлын баяртай байна. Тэдний дэмжлэг байхгүй байсан бол үхэж ч болох байсан.
-Автын ослыг хэлээд байна уу. Яг юу болсон юм бэ?
-Эрдэнэтээс хот руу гардаг зам дээр явж байтал машинд мөргүүлчихсэн. Дугуй маань чирэгдчихсэн байлаа. Жолооч нь согтуу. Би ухаан ороод МЗХ-ны гишүүн, сонсголгүй гэсэн бичгээ үзүүлтэл “Чшшш. Чимээгүй. Энэ талаар яриад хэрэггүй. Мөнгө өгье ” гэсэн. Би хүлээн зөвшөөрөөгүй. Шударга ёсоор нь шийдүүлье гээд замын цагдааг дуудсан. Мөр аймаар өвдсөн ч Сэлэнгэ аймаг руу явах, маршруттай байсан болохоор аяллаа үргэлжлүүлсэн. Олон сайхан хүмүүсийн сэтгэлээр аз түшиж одоо би эрүүл саруул байна гэв.
Ч.Мөнгөндалайн яриа, узэл бодол яг л бидний мэддэг хэрнээ мэдэхийг хүсдэггүй, бидний тусламж хэрэгтэй байдаг ч туслахыг хүсддэггүй өнгөрсөөр л байдаг тэр ертөнцийг амьдруулж, тэжээж тэтгэдэг юм шиг хүний ой тойнд орсон зүйл байлаа. Тиймээс яриагаа үргэлжлүүлэхээс арга байсангүй.
-Өөрөө идэвхтэй амьдралыг эрхэмлэдэг бололтой. Залуу дугуйчин клубт элсэхээс өмнө юу хийдэг байв?
-Амьдралын бэрхшээлийг даван туулна гэдэг миний зорилго юм даа. Өөрийгөө л болгох ёстой, ямар ч бэрхшээлийг даван туулах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Одоо би 29 настай. 1997 онд 29 дүгээр сургуульд ороод дотуур байранд нь амьдардаг болсон. Сургуулиа төгсөөд Барилгын политехникийн коллежийг цахилгаанчнаар төгсч тэндээ ажиллаж эхэлсэн.
Харин аяллынхаа хугацааг хэтрүүлснээс болоод ажлаасаа халагдчихсан. Уг нь ажиллаад яг гурван жил болох гэж байсан юм. Одоо сургуулийнхаа багш нарыг их санаж байна. Ялангуяа Н.Энхбаяр багшийг. Тэр бол миний хамгийн дотны анд. Одоо бол клубынхаа найзуудаараа дамжаад амьдардаг. Хотод байх нь клубтэйгээ ойрхон. Хөдөө хэт их завтай болчихдог “Миний мөрөөдөл дэлхийг тойрох. Гадаад руу дугуйн аялал хийхийг хүсдэг. Гэртээ ирээд суурин байхад таалагдахгүй байна. Ажлаасаа халагдчихсан болохоор хийх зүйлгүй болчихлоо. Юу ч хийхгүй байх муухай.
-Ном уншдаг уу?
-Өмнө нь би байр түрээслээд амьдардаг байсан. Гэртээ тайван байх үед ном уншина. Одоо суурин биш болохоор номоо хадгалах боломжгүй юм. Ойрд номоос холдсон. Номыг тайван газар уншвал сайхан байдаг юм.
-Одоо тэгвэл гэр оронтой болох нь чухал юм байна даа?
-Ажилтай бөгөөд идэвхтэй амьдрахыг хүсч байна. Эхнэртэй болбол байшинд амьдарна. Би байхгүй хойгуур эхнэрт маань амар. Одоо ганц бие байгаа болохоор нэг өрөө байртай болчихвол болоод л явчихна.
-Дугуйнд сонирхолтой эхнэртэй болохыг хүсдэг гэл үү?
-Тэр хүний сэтгэл мэдэх хэрэг. Заавал дугуй сонирх гэхгүй. Дугуйндаа биш, бид хоёрын сэтгэл таарах нь чухал. Магадгүй дугуй унах дуртай болж мэднэ. Үүнийг амьдрал харуулна шүү дээ. Хүчээр дугуй уна гэхгүй./иччихлээ гээд инээв/
-Фэйж хуудсаар чинь дамжуулж олон залуус амжилт хүсдэг юм билээ. Тэдэнд хандаж юу гэж зөвлөмөөр байна?
-Эзэн Чингис хааны үлдээсэн эх орноо бид онгон байгалиар нь хадгалж үлдэх ёстой. Сүүлийн үед байгалиа хэт их эвдсэн уул уурхайн асуудалд таатай ханддаггүй.
Дугуй унаснаар хүний бие бялдар хөгжинө. Жин хасна, эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой.
Залуус уул, ус, ургамал ногоог тэр хэвээр нь хадгалах сэтгэлтэй байгаасай. Эх орны маань нэг чулуу хүртэл амьтай шүү дээ.
Мөн залуустаа дугуй унахыг зөвлөе. Дугуй унаснаар хүний бие бялдар хөгжинө. Жин хасна, эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой. Ажлаа тараад зүгээр л идэж уугаад бүдүүрээд байж болохгүй. Идэвхтэй амьдрах хэрэгтэй. Дугуй унаад гадуур сайхан аялаарай. Удахгүй нийслэл хот маань дугуйн замтай болно гэсэн сайхан мэдээг Залуучуудын холбооныхон дуулгасан.
-Чи нэлээд үндэсний үзэлтэй юм байна?
-Үндэсний бахархлын өдрөөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Одоо Төрийн Есөн хөлт цагаан туганд мөргөх хүсэлтэй. З.Энхболд даргатай уулзахдаа болбол далимаар нь Төрийн Есөн хөлт цагаан тугандаа мөргөчихье гэж бодож байгаа. /инээв/
Ер нь эх орныхоо байгалийг хараад сэтгэл маань өөдрөг болсон шүү.
Бас Монголчуудын зочломтгой зан одоо ч хэвээр байгаа нь сайхан. Миний аялалд чин сэтгэлээсээ тусалж байсан олон хүн бий. Залуучуудын Холбооныхон, Сансархүү ах, аймгуудын удирдлагууд, залуусын байгууллагын салбар хорооны залуус надад сэтгэлийн дэм өгч, замын хоол ундны зардлыг хандивлаж байсан. Мөн Хөтөл хотын Засаг дарга С.Энхтайван ах маань бий. Намайг мартдаггүй, үргэлж холбоотой байдаг. Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
МД СТАЙЛ
Ч. Мөнгөндалайг клубынхан МД гэж товчилж дууддаг юм байна. Монголын Залуучуудын Холбооныхны дунд бүр дохионы хэлний МД стайл гэж дэлгэрчээ. Харин тэрээр ярих бүрдээ О.Сансархүү, ТЖ нарыг онцлох. О.Сансархүү бол “Унадаг дугуйтай УБ” төслийн зохицуулагч. Харин ТЖ гэдэг нь "Залуу дугуйчин" клубын тэргүүн Ч.Түвшинжаргал нар юм байна.
Тэд Ч.Мөнгөндалайгийн дотны найз, хүндэлдэг хүмүүс нь. Бидний дунд амьдралын бэрхшээлд сөхөрч яваа олон залуус бий. Тэдэнд Ч. Мөнгөндалайгаас суралц гэж захия. Бэрхшээлээ ялан дийлж чадвал амьдрал чиний өмнө бүх сайхнаа дэлгэнэ. Ч.Мөнгөндалайгийн амьдрал, үйл хэрэг, үзэл бодол бүгд эерэг юм. Бас тэр мөрөөдөлдөө хүрэхийг тэмүүлдэг, биелүүлж чаддаг. Ч.Мөнгөндалай бол Монгол залуус хүн эх орноороо бахархах сэтгэлээр бусдыгаа дуудаж байгаагийн бодитой илэрхийлэл.
Бидэнд эх орноо хайрлах, баялаг эх оронтой гэдгээрээ бахархах боломж байна гэдгийг харуулсан” гэж “Cannondale Mongolia” компанийн захирал И.Ноож ярьсан юм. Хэдийгээр зорьсон зорилготой аяллын үр дүнд ажлаасаа халагдсан ч Монголын Залуучуудын Холбоо, “Cannondale Mongolia"-ынxaн түүнийг өөр ажилд оруулахаар хөөцөлдөж байгаа сайхан мэдээг дуулгасан юм.
“Амьдралын тойрог”- ийн маань гол баатар энэ залуу гуних, гутрахыг мэддэггүй нэгэн юм. Хорвоо гэдэг алив хүнд бүхнийг тэгшхэн бэлэглэдэггүй нь жам. Хэрэв Ч.Мөнгөндалайг эв эрүүл өдий наслуулчихсан бол магадгүй сансрын нисгэгч ч болсон байж мэдэх юм даа.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин