УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаан зарлаад байна. Одоогоор бүлгийн гишүүд Төрийн ордны “А” танхимд цуглаж байгаа юм.
Хэлэлцэх асуудал нь, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал байх бололтой. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр хуралдаад Засгийн газарт МАН хамтрахыг хүлээн авч, бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг яаралтай шийдэхийг үүрэг болгосон юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр мөн УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, ИЗНН-уудтай тус бүр зөвшилцөж, Засгийн газар хэдэн яам, агентлагтай байх тухай асуудлыг зөвшилцөнө. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдах болсон байж мэдэхээр байна.
Г.ДАРЬ