Онцгой албан татварын хэмжээг тогтоов | News.MN

Онцгой албан татварын хэмжээг тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Онцгой албан татварын хэмжээг тогтоов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас онцгой албан татварын хэмжээг өөрчлөв.

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 120 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 220 000 болгож, АИ-92 автобензинд 170 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 220 000 болгож, дизелийн түлшинд 115 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 215 000 болгож 2010 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ногдуулахаар болов.

Бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Онцгой албан татварын хэмжээг өөрчилсөн нь дотоодод борлуулах бензин, шатахууны үнэд нөлөөлөхгүй юм байна.   

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГЛАЛЫГ ДЭМЖИВ

“Дээд боловсролын шинэчлэлийн 2010-2021 оны зураглалын төсөл”-ийг хэлэлцэн дэмжээд, зураглалд тусгасан асуудал, арга хэмжээг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгав.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээж авсныхаа дараахан боловсролын салбарынхантай уулзсан. Дээд боловсролын үнэлэмжийг дээшлүүлж, эргэлтийн шинжтэй суурь өөрчлөлт хийх, төрийн өмчийн сургуулиудын бүтцийг сайжруулж, их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, төрийн сангийн тогтолцоог сайжруулах зэрэг бодлогын арга хэмжээ авах нь чухал байгааг тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ онцолсон.

Энэ бодлогын хүрээнд ““Дээд боловсролд хийх шинэчлэлийн зураглал”-ыг Эрх зүйн зохицуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлж сайжруулах, Удирдлага, бүтцийн өөрчлөлт хийх, Чанарын баталгаажуулалт, стандарт, агуулгын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Элсэлтийн бодлогын шинэчлэл хийх, Хүний нөөц, багшийн хөгжлийг хангах, Сургалт, судалгааны орчныг олон улсын жишигт ойртуулах, Санхүүжилтийн шинэчлэл хийх гэж багцлан стратегийн зорилтуудыг тодорхойлжээ.

Эхний ээлжинд 2010 онд дээд боловсролын өнөөгийн байдалд судалгаа, үнэлгээ, дүгнэлт хийж, шинэчлэлийн зорилтыг тодорхойлон, Засгийн газрын бодлоготой нийцүүлэн тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж эхнээс нь хэрэгжүүлж байна.  
2011 онд Их сургуулийн тухай хууль боловсруулах, рейтинг тогтоох тогтолцоо бүрдүүлэх, мэргэжлийн давхардлыг арилгах, чанарын шаардлага хангасан төгсөгчдийг ажлын байртай болсныг харгалзан төрийн дэмжлэг үзүүлж байх, багш нарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг ажил хийх юм.

2012 онд дээд боловсролын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн байдалд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлно.

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ДЭМЖИНЭ
 
    “Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэл хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г баталлаа.
    Эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг зах зээлийн эрэлт, шаардлагатай нийцүүлэх, судалгааны үр дүн, боловсруулж туршсан технологи, үйлдвэрлэлд нэвтрэх механизм бий болгох, 1990 оноос хойшхи шилжилтийн үед уналтад орсон шинжлэх ухааны салбарын лабораторийн чадавхи, дэд бүтцийг сэргээн босгох, боловсон хүчний бодлого, менежментэд шинэчлэл хийх зэргийг шийдвэрлэх зорилгоор төлөвлөгөө боловсруулаад байна.

Засгийн газрын хуралдаанаар мөн “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг батлав. Тэргүүлэх чиглэлийг Хүний хөгжил, амьдралын чанар, Байгалийн нөөцийн хамгаалалт, ашиглалт, хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт, Өндөр технологи, мэдээллийн технологийн нэвтрүүлэлт гэж томъёолсон байна.

ДАЛАЙД ГАРАХ ГАРЦЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
Монгол Улс, БНХАУ-ын Тянжин хотын Ардын Засгийн газартай 2009 онд байгуулсан санамж бичигт заасны дагуу хамтын ажиллагааг өргөжүүлж, хэлэлцэн тохиролцсон төсөл, хөтөлбөрүүдийг 2010 онд багтаан хэрэгжүүлж эхлэх, тус хотын Бинхай шинэ дүүрэгт монголын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад зориулан 50 жилийн хугацаатайгаар газар эзэмшиж, ашиглахаар хятадын талтай тохиролцсон гэрээ, хэлэлцээрийг хоёр улсын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын Комиссын ээлжит хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав.

БНХАУ-ын Тянжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд баригдах үйлдвэрлэл, агуулахын зориулалт бүхий барилга, байгууламжийг монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулахад зориулан ашиглах, газар болон түүнтэй холбоотой үүсэх харилцааг газар дээр нь зохицуулж ажиллахыг “Улаанбаатарын төлөөлөгчийн газар” /Ж.Ганхуяг/-т зөвшөөрлөө.

Мал эмнэлэг, хорио цээрийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг хөрш орнууд болон бусад импортлогч орны чанар, стандартын дагуу бүтээгдэхүүн бэлтгэх түвшинд хүргэж, экспортлох чадамжийг нэмэгдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгав. 

Уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш орнуудаар дамжуулан тээвэрлэх, тээвэрлэлтийн болон тарифын нөхцөл тохирох, төмөр замын дотоодын хөдлөх бүрэлдэхүүнийг нутаг дэвсгэрээр нь нэвтрүүлэн аялуулах нөхцлийг тохирох талаар гэрээ хэлцэл хийх, экспорт, импортын үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, тээврийн оновчтой сүлжээ тогтоох үүрэг бүхий нэгжийг Төмөр замын газрын харъяанд байгуулан ажиллуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд  Х.Баттулгад зөвшөөрөв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж