Улс оронд үүссэн эдийн засгийн хямрал, засаглалын хямралыг даван туулахын тулд УИХ-д суудалтай бүх намууд хамтран ажиллаж, богино хугацаанд хүндрэлтэй байдлаас гарах шаардлага тулгарч байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрэлдсэн парламент нь өнөөг хүртэлх хугацаанд нийт ажлын цагийнхаа 61 хувийг албан тушаал, сандал суудалтай холбоотойгоор сайд огцруулах, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд зарцуулсан дүн мэдээ гарчээ. Энэ бол УИХ ажилдаа хариуцлагатай хандах цаг болсныг харуулсан нэг дохио юм. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдож УИХ нэн тэргүүнд эдийн засгийг сэргээх хуулиудыг батлах шаардлага тулгарч буй юм байна.
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн тодотгосноор Ерөнхий сайдын илгээсэн Засгийн газрыг хамтран байгуулах саналд УИХ-д суудалтай бүх намууд хариу өгч, зураглал тодорхой болжээ. Ингэснээр Шийдлийн Засгийн газарт Ардчилсан нам, МАН, ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хамтарч ажиллана. Үдээс хойш ажлын хэсгүүд зөвшилцөх уулзалтыг үргэлжлүүлэн хийнэ. Тэр үед Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн тодорхой болох аж. Илүү тодруулбал, хэдэн яам, агентлагтай байх нь тодрох юм байна.
Мөн Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх чиг барьж буйг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Гэхдээ энэ нь ажлын хэсгүүдийн зөвшилцлөөс бас хамаарах юм байна. Хэрвээ өнөөдөр амжаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлчихвэл хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ намын бүлгүүд энэ долоо хоногт багтаж шийдэх боломжтой. Чадахгүй бол ирэх долоо хоног болж хойшлогдож мэдэх ажээ.
Засгийн газрыг байгуулахтай холбоотойгоор намын бүлгүүдтэй хийж байгаа зөвшилцлийн үйл явцтай холбогдуулж сэтгүүлчид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн М.Батчимэг нараас дараах асуултад хариулт авлаа.
-ИЗНН, УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг Засгийн газарт хамтрахгүй ч юм шиг мэдээллүүд цацагдаад байна. 2012 онд байгуулсан гэрээ цуцлагдах ч юм шиг зүйлийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэлж байсан. Зөвшилцөх шатанд хэрхэх нь тодорхой болсон уу?
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Зөвшилцөл үргэлжилж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг ИЗНН, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй уулзалт хийсэн. Нам, эвслийн бүлгээс “Засгийн газрын бүрэлдэхүүнд орно” гэдгээ бичгээр баталгаажуулж гарын үсэг зурсан. Ардчилсан нам нь дээрх намуудтай өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд хамтарч ажиллаж байсны хувьд олон асуудал дээр байр суурь нэг байдаг. Ойлголцол үргэлжлээд явж байгаа.
-УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй нэлээд хэдэн удаагийн уулзалт хийлээ. Ямар асуудлууд дээр зөвшилцөлд хүрээд байна вэ?
-УИХ-ын гишүүн М.Батчимэг:-УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй 4-5 удаагийн уулзалт хийсэн. Бодлогын асуудлууд дээр нухацтай ярьсан. Засгийн газарт хамтарснаар юу шийдэж чадах юм бэ гэдэг дээр ажлын хэсгүүд зөвшилцсөн. Үндсэн хоёр асуудал дээр төвлөрсөн. Эхнийх нь эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд богино, дунд, урт хугацаанд юу хийх вэ.
Ерөнхий сайдын зүгээс олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтраад энэ сардаа багтаагаад Монгол Улсын макро эдийн засгийн үнэлгээг хийлгэнэ. Түүний дараа эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг дундаасаа боловсруулна. Энэ нь олон намууд хамтарч баталсан хөтөлбөр байх юм.
Дээр нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өмч хувьчлалын тухай хууль, Өрийн удирдлагын тухай зэрэг хувийн хэвшлээ дэмжих тухай хуулийг баталж гаргах шаардлагатай. Өрийн удирдлагын хууль бол өрийн эрсдлийн менежмэнтийн тухай хууль. Өрийн эрсдэлээс хамгаалах тогтолцоо сул байна гэдэг дээр МАН-ын бүлэгтэй ойлголцсон. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуур үзүүлэлтийг өөрчлөхгүй, Засгийн газрын өрийг нэмэхгүй. Хувийн хэвшлээ дэмжих, санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллана. Оюутолгой, Тавантолгой төслийн хувьд ил тод харилцан хяналттай, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлсэн байдлаар төслийг урагшлуулах ёстой гэж үзсэн.
-Өрийн удирдлагын тухай хуулийг батална гэж байна. Үүнийг тодруулахгүй юу, МАН-ын зүгээс өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх ойлголцолд хүрсэн гэж мэдэгдээд байгаа. Энэ үнэн үү?
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Өрийн удирдлагын тухай хуулиар юуг өр гэж үзэх, юуг зээл гэж үзэх, юуг барьцаа гэж үзэх, юуг баталгаа гэж үзэх вэ гэдгийг маш нарийн заагласан төсөл орж ирнэ.
Ардын намтай, улс өөрөө зээл авдаг хэмжээг нэмэгдүүлэх нь зохисгүй юм байна гэдэг дээр ойлголцъё. Засгийн газар баталгаа гаргасныг өр гэж үзэх үү, зээл гэж үзэх үү гэдэг ангиллаа тодорхой болгоё. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Засгийн газар баталгаа гаргасныг шууд зээл мөн биш гэдгээ ойлголцоод явъя гэсэн.
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-УИХ-аас Засгийн газарт 5 тэрбум ам.долларын бонд гаргах тогтоол баталсан. Үүнээс 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх бондыг гаргаж, 3.5 тэрбумыг яах вэ гэдэг нээлттэй явж байсан. Зөвшилцлийн дүнд Засгийн газрын шууд өрийг нэмэгдүүлэхгүй, нэмж бонд гаргахгүй гэдэг дээр ойлголцсон.
Гэхдээ хувийн хэвшлийг дэмжих зорилгоор зарим баталгааг Засгийн газар гаргаж болох ч УИХ эцсийн шийдлийг гаргана. Чингис бонд, Хөгжлийн банкнаас хийж байгаа санхүүжилтийг улсын төсөвтэй нэгтгээгүйгээс шүүмжлэл гарч байсан. Түүнийгээ төсөвтөө нэгтгээд явъя гэж шийдсэн.
-Засгийн газарт МАН багтчихвал МАНАН байгуулагдаад өмнө хийсэн зүйлээсээ ухрах юм руу орчих вий гэсэн болгоомжлол байна. Тухайлбал, сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолохоос татгалзахыг МАН-ын ажлын хэсгээс хүссэн гэж байгаа?
-УИХ-ын гишүүн М.Батчимэг:-Хар машинаар сонгууль явуулсан нь маш том дэвшилсэн болсон гэж Ардчилсан намын гишүүд үздэг. Итгэлийг нэмэхийн тулд уг машиныг зөвхөн сонгуулийн үеэр биш, статистикийн байгууллага зэрэг төрийн байгууллага дээр хэрэглэж байх нь зөв юм. Хэрэглэхийн хэрээр итгэл нэмэгдэнэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Дэвшлээсээ ухрахгүй. МАН-ын зүгээс тавьсан, хар машин хэрэглэхгүй, гар тооллого явуулна гэсэн саналыг нь ойлголцох үүднээс нэр дэвшигч саналын дүнд эргэлзэж байгаа бол хүсэлт гаргаад тооллого гаргах эрх нь нээлттэй гэж үзсэн
-Тэргүүн шадар сайдын албан тушаалыг нэмнэ гэх. Энэ үнэн үү. Ерөнхий сайд ямар чиглэл өгч байгаа вэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар?
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Ажлын хэсгүүд өнөөдөр яамдын тоог зөвшилцөнө. Үдээс хойш ажлын хэсгүүд хуралдаад тоог тохирно Ерөнхий сайд чиглэлээ өгсөн. Улстөрийн намуудын ойлголцлыг хангасан, мэргэжлийн төвшинд сайн ажиллах. Хамгийн гол нь үр дүн чухал гэж хэлсэн байгаа.
Г.ДАРЬ