Шилдэг оюутнууд удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

Шилдэг оюутнууд удахгүй тодорно

Шилдэг оюутнуудад жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу 2014 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртэх шилдэг оюутнууд тун удахгүй тодрох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг шилдэг тэргүүний оюутнуудад 2009 оноос олгож эхэлжээ. Түүнээс хойш жил бүр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох  1.200.000 төгрөгийн тэтгэлэг хүртдэг болсон байна.  

Уг тэтгэлгийг олгохдоо дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувиар  хангасан суралцагчид олгохоор Засгийн газрын 2014 оны 111 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралтад заажээ. Үүнд, тухайн хичээлийн жилийн дөрвөн улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх, нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх,суралцаж  байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх, Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх гэсэн болзлуудыг шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журамд тусгажээ.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч оюутанд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох, дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцахаар тэнцсэн оюутанд төрөөс дэмжлэг үзүүлэх зэрэг оюутан залуусыг дэмжсэн олон санаачилга дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж