
Поп Бенедикт 16 сүмийн албан тушаалтнууд, мяндагтнуудтай холбоотой сексийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай зохицуулалтын баримт бичгийг ойрын үед хэвлэн нийтлэх гэж байгаа бөгөөд энэ нь хууль ёсны хүчин төгөлдөр баримт бичиг болох болно гэж Ватиканы албан тушаалтнууд мэдэгдлээ. Христ итгэлт сүмүүдийн олон албан тушаалтнууд, мяндагтнууд секс скандалуудад холбогдож, хүүхэд хүчиндсэн зэрэг хэрэг олноороо илэрч, олны анхааралд өртөөд байгаа бөгөөд энэ асуудлуудыг хэрхэн шийдэх талаар Ватиканы албан тушаалтнууд өдий болтол албан ёсны шийд гаргалгүй, ийм асуудлуудын талаар ямар арга хэмжээ авах тухай хангалттай ил тод зохицуулалттгүй байсан юм. Энэ оны эхээр Ватикан сүмүүдийн мяндагтнуудын тухай гомдлыг хэрхэн хүлээж авах тухай болон цагдаагийн газар хэрхэн мэдэгдэх тухай албан бус зааварчилгаа гаргасан юм. Одоо Ватиканы мөрдөж байгаа дэгийг 2001 онд Поп Жон Пол 2 тодруулан гаргасан бөгөөд тэнд хүүхэд хүчирхийлсэн сүмийн албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авах тухай заасан байдаг ажээ.
Т.Бадрах