Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг өнөөдөр / 2014.12.01 / хүлээн авч уулзав.

Жим Андерсон уулзалтын эхэнд УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар танилцууллаа.

23.5 сая ам.долларын санхүүжилттай Тогтвортой Амьжиргаа-III төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд төслийн 1, 2 дугаар үе шатуудад хэрэгжүүлж нэвтрүүлсэн арга механизмыг бүрэн хэвшүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт дэмжих, шаардлагатай чадавхи, мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, сайн гүйцэтгэлийг нэмэлт хөрөнгө хуваарилах замаар урамшуулах зорилготой юм байна. "Цахим эрүүл мэнд төсөл" нь 19,5 сая ам.доллараар хэрэгжих  бөгөөд цахим эрүүл мэндийн мэдээллийн суурь баазыг бий болгож, мэдээллийн хэрэглээ, нэгдмэл байдлыг сайжруулж, сонгосон байгууллага, орон нутагт өвчтөний мэдээллийн нэгдсэн систем бий болгох замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилготой төсөл юм. 19,4 сая ам.долларын санхүүжилттай "Ухаалаг засаг төсөл" нь Монгол Улсын Ухаалаг засаг санаачлагыг дэмжих, Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал болон үр ашгийг сайжруулах зорилготой юм. “ Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хувьд 30 сая ам.доллараар хэрэгжих бөгөөд сурагчдын эх хэлний болон математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх замаар Монгол Улсын бага боловсролын чанарыг сайжруулахад оршиж байгаа гэдгийг танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга Тогтвортой Амьжиргаа-III төслийг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж, зээл авах эрхийг нь нээж өгье, бусад гурван төслийн хувьд шинэ Засгийн газар байгуулагдсны дараа үр ашигтай байдлаар хэрэгжүүлье гэсэн саналыг хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж