Спортоор хичээллэнэ гэдэг хөдөлгөөний хомсдлоос сэргийлж, эрүүл зөв бие бялдартай болон төлөвшихөд чухал үүрэгтэй. Гэсэн хэдий ч хүүхэд залуус, гэр бүл, найз нөхдөөрөө спорт зааланд хичээллэхэд заалны олдоц, хүрэлцээ муу байдаг тухай өнгөрөгч долоо хоногт аймгийн соёл спорт аялал жуулчлалын газрын дарга Ж.Лхагвасүрэнг иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах төвд ажиллах үеэр иргэн илэрхийлсэн байна.
Манай аймгийн хэмжээнд спортын чиглэлээр уралдаан тэмцээн, нийтэд үйлчилдэг 2 заал байдаг. Тодруулбал Маргад сургууль, Спорт хорооны заал . Энэ нь 90 мянга гаруй хүн амтай аймгийн хувьд хүрэлцээгүй гэсэн үг юм. ЕБС-ийн спортын заал танхимын хувьд сургалтын чиглэлээр ашигладаг боловч зарим тохиолдолд аль нэг байгууллага аж ахуй нэгжид гэрээгээр олгож үйлчилж ирсэн билээ.
Харин манай аймаг заал танхимын судалгаа бүртгэлээр 18-20 орчим заал танхимтай гэж бүртгэгддэг байна. Энэ тоо боломжийн сонсогдож болох ч нийтэд үйлчлэх байдлыг нь хамаарч үзвэл огтхон ч хүрэлцээгүй юм гэдгийг онцлон хэллээ. Засгийн газрын болоод засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар 2500 хүний суудалтай, усан бассейны талбайтай спортын ордон байгуулна гэсэн хөтөлбөр тусгагдсан байдаг байна.
Одоогийн байдлаар энэхүү ажлын зураг төсөв 2015 онд хийгдэхээр төлөвлөгджээ. Манай аймагт спортын заал танхим барьж байгуулах боломжтой 3-4 газар байдаг гэнэ. Гэхдээ улс орны хэмжээнд нийгэм эдийн засгийн байдал хүндхэн байгаа учраас ойрын хугацаанд хийгдэх боломжгүй юм гэдгийг хэлж байна.
Эх сурвалж: erdenetinfo.mn