Иракийн довтолгооны бичлэг задалсан цэргийг яллав

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Иракийн довтолгооны бичлэг задалсан цэргийг яллав


Иракт зэвсэггүй хүмүүс рүү довтолж байгаа цэргийн үйл ажиллагааны бичлэгийг задруулсан Америк цэргийг нууц мэдээлэлтэй буруу ажилласан, нууц задруулсан, үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан гэсэн олон зүйлээр ялласан талаар АНУ-ын армийн удирдлага өчигдөр мэдэгдэл хийсэн байна. Армийн өгөгдөлтэй харьцах албаны цэрэг Брэдлей Маннингийг /Bradley Manning/ нууц мэдээлэл задруулсан гэж үзэж байгаа бөгөөд түүний задруулсан бичлэгт Америкийн армийн Апаче нисдэг тэрэг гудамжинд явж байгаа хүмүүсийг буудаж алж байгаа бичлэг байдаг. Бичлэгт Америкийн буучид инээлдэн, буудаж байгаа хүмүүсээ “үхсэн новшнууд” гэж ярьж байгаа сонсогддог. Хэрвээ түүнийг яллаж байгаа бүх зүйл ангиар буруутай нь тогтоогдох юм бол Маннинг дээд тал нь 52 хүртэл жил шоронд суух ял эдэлж магадгүй аж.
Уг нууц бичлэгийг 2007 оны зургадугаар сарын 12-нд Багдад хотод болсон явдлын үеэр нисдэг тэрэгнээс авсан байсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард “Wikileaks.org” байгууллага нийтэд ил болгосон юм. Энэ бичлэг байлдааны тухай элдэв хачир, магтаалгүй шууд харуулсан бөгөөд АНУ-ын цэргийн довтолгооны тухай болон энгийн иргэдийг дайны золиос болгохгүйн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар олон асуудал дэвшин гарч ирэхэд нөлөөлсөн. Нас барсан хүмүүс дунд Америкийн “Reuters” агентлагийн 22 настай фотозурагчин Namir Noor-Eldeen, түүний жолооч 40 настай Saeed Chmagh нар байсан. Мөн хоёр хүүхэд шархадсан.
АНУ-ын Арми Маннингийг яллаж байгааг зарласны дараа “Wikileaks” түүнийг яллаж байгааг буруушааж, “Гох дарах дуртай Апачегийн багийнхан ямар ч ял зэмгүй үлдэж байна” гэж мэдэгджээ. Маннингийг цэргийн үйл ажиллагааны нууц бичлэгийг хувийн компьютер дээрээ хадгалсан, түүнчлэн АНУ-ын Төрийн департаментын нууц сүлжээнд нэвтэрсэн гэж буруутгаж байгаа юм. Мэриланд мужийн Потомок хотоос цэрэгт явсан 22 настай Маннингийг зургаадугаар сарын эхээр Багдадад байхад нь баривчилсан бөгөөд одоо Кувейтэд саатуулагдаж байгаа гэнэ.
Цэргийн шүүхийн урьдчилсан сонсголоор Маннингийг цэргийн шүүхээр оруулах эсэхийг шийдэх болно гэж Армийн мэдэгдэлд өгүүлжээ. Харин Багдад хотод болох шүүхийн сонсгол хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна гэж АНУ-ын Армийн дэслэгч Эрик Брүүм “Associated Press” агентлагт ярьжээ.
Калифорн мужийн Сакраменто хотод амьдардаг компьютерын хакер Adrian Lamo Маннинг өөрт нь нууц мэдээлэл задруулсан тухайгаа ярьсны дараа Адриан түүний талаар эрх баригчдад мэдээлжээ. Ингсэндээ одоо сэтгэл зовж байна гэж тэр өнгөрсөн сард “AP”-д ярьж байсан юм. “Би хэн нэг хүний амь насанд халтай мэдээлэл байхвий гэж бодоод түүнийг барьж өгсөн” гэж Ламо ярьж байсан. 2004 онд Ламо “New York Times”-ын компьютерийн сүлжээнд эвдэж орсон бөгөөд үүний торгуульд 62,800 ам.доллар төлөх ёстой байгаа. Маннингийн талаар мэдээлэл өгснийхөө төлөө ямар нэг мөнгөн шагнал аваагүй, түүнчлэн түүний торгуулын талаар ямар нэг асуудал яригдаагүй гэж Ламо ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж