Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэв

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулсаны 20 жилийн ойг тус тус тохиолдуулан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа.

Хүлээн авалтанд манай талаас Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Б.Бямбадорж болон ЕКГ-ын хамт олон, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайхан, хятадын талаас ӨМӨЗО-ны Намын хорооны Байнгын хорооны гишүүн, ӨЗО-ы Дэд тэргүүлэгч Юн Гуанжун, ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Лян Течөн, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын орлогч нарийн бичгийн дарга, Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Жан Шоусяо болон тус ӨЗО-ы тэнхим, агентлаг, газрын дарга, аймаг, хотуудын удирдлага, ажил хэргийн уялдаа холбоотой хамтран ажилладаг бусад байгууллага, албан тушаалтан нар оролцлоо.

ӨМӨЗО-ны Намын хорооны Байнгын хорооны гишүүн, ӨЗО-ы Дэд тэргүүлэгч Юн Гуанжун эл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “…БНХАУ болон Монгол Улс нь уул усаараа залгагдсан найрамдалт сайн хөрш юм. 65 жилийн өмнө Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоож, хоёр орны ард түмний найрсаг харилцааны шинэ эринийг эхлүүлсэн билээ. 2014 оны 8-р сард БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад төрийн албан ёсны айлчлал хийх үеэр, хоёр тал Хятад, Монголын харилцааг бүх талын стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлснээр Хятад, Монголын харилцаа нэгэн шинэ түүхэн хөгжлийн шатанд орсон юм.

ӨМӨЗО бол Хятад, Монголын найрсаг харилцаанд чухал нөлөө бүхий гол муж – ӨЗО-ны нэг төдийгүй Монгол Улстай худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, аялал жуулчлал, олон салбарын харилцан хамтын ажиллагаа ч тасралтгүй эрчимжиж байна. Энэ жилийн 7 дугаар сард ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Ван Зюнь Монгол Улсад айлчилж хоёр талын эдийн засаг, худалдаа, боомтын хамтын ажиллагаа, соёлын солилцоог гүнзгийрүүлэх талаар санал солилцож, олон талаар санал нэгдэж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг ахиулан, найрсаг харилцаагаа ч зузаатгасан билээ. Бид хамтран идэвх, зүтгэлтэйгээр хамтын ажиллагаагаа улам илүү хөгжүүлэн амжилтанд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэж дурдлаа.

Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ы “Одон” телевиз, Өдрийн сонин, Солонго мэдээллийн сүлжээ зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилсан бөгөөд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Хөххот дахь ЕКГ-ын Ерөнхий консул Б.Бямбадорж нараас баярын мэндчилгээ хүргэхийн ялдамд манай 2 орны харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл – ярилцлага өгсөн.

Хүлээн авалтанд оролцсон ӨЗО-ны төрийн болон хамтран ажилладаг байгууллагын удирдлагуудын зүгээс хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон ойн жилийг тэмдэглэх хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцсондоо сэтгэл хангалуун байгааг мэдэгдэж цаашид ӨМӨЗО, Монгол Улсын харилцан хамтын ажиллагаа, монгол иргэдийн эрх ашгийг хангах, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарын хөгжлийг нэмэгдүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж