Су.Батболд: Бүтцийн талаар яриагүй

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Су.Батболд: Бүтцийн талаар яриагүй

Засгийн газар хамтран байгуулах МАН-ын зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчаар Су.Батболд ажиллаж байна. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-МАН-ынхан АН-ын Засгийн газарт орж ажиллахын тулд зургаан яам авахаар тохирсон гэдэг үнэн үү?

-Одоогоор энэ талаар яриагүй. Өнөөдрөөс хоёр намын зөвшилцлийн ажлын хэсгийн уулзалтууд үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт ямар хэлбэрээр хамтран ажиллах вэ гэдгээ ярилцана. Зөвшилцлийн ажлын хэсгүүд зөвшилцлийн санамж бичиг гэдэгт гарын үсэг зурсан. Тэр баримт бичгээ үндэслээд хоёр намын хооронд Засгийн газар байгуулах гэрээ байгуулна. Гэхдээ энэ гэрээний асуудлыг яриагүй байна.

-Танай намын хувьд сайд нарынхаа нэрсийг яаж гаргах юм. Дахин Бага хурлаараа шийдэх үү?

-УИХ дахь намын бүлгээс шийдвэр гарна. Бага хурал хуралдахгүй.

-Ер нь МАН-ынхан Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг дэмжээгүй байж яагаад хамтрах шийдвэр гаргав?

-МАН-ын Бага хурлаас шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчин зүйл бол улс орны өмнө тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн хямрал юм. Энэ хямралыг даван туулахад МАН ажиллах шаардлага байна. Том улс төрийн хүчний хувьд, сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан  улс төрийн хүчний хувьд энэ асуудлыг хамтран шийдэх нь зүйтэй гэж үзлээ. Зөвхөн сөрөг хүчин байгаад байх шаардлагагүй гэж үзсэн. Магадгүй улс төрийн энэ шийдвэр нь МАН-д хохиролтой шийдвэр байж болох ч улс орны эдийн засгийн нөхцөл байдлы харгалзаж ийм шийдвэр гаргасан. МАН хариуцлагатай хүчний хувьд ийм шийдвэр гаргасан.

-МАН-ыг хариуцлагатай гэж хэн дүгнэв?

-Бид өөрсдийгөө тэгж үзэж байна.

-Хариуцлагатай гэдгээ тайлбарлахгүй юу?

-МАН бол 90 жилийн түүхтэй улс төрийн хүчин. 2012 онд бид улс орныг ямар төвшинд аваачсан, хүмүүсийн амьдралд ямар гэрэл гэгээ гарсан байсан гэдгийг түмэн мэднэ.

-Тэгвэл МАН-ынхан засагт хамтрахын тулд ямар шаардлага тавьсан юм бэ?

-Бид өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхаар хатуу тохирсон. Нэмж өр зээл тавихгүй. Хоёрдугаарт, гаднаас орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хөрөнгө оруулалтаар дамжиж хувийн хэвшлийг авч явна гэж ярилцлаа. Гуравдугаарт, өрийн менежментийн асуудлаар бодлогын баримт бичиг буюу хууль гаргана. Үүнийг шийдсэн нь маш чухал.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж