“Гарсан шийдвэрээ МАН-ын гишүүд дагаад явдаг”

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

“Гарсан шийдвэрээ МАН-ын гишүүд дагаад явдаг”

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл, мөн тус ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцсэн ч тодорхой шийдлийг гаргаагүй байна. Зээлийн асуудлыг дахин судалж үзэх шаардлагатай гэж үзэн бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг ажиллахаар болжээ.

МАН нь өнгөрсөн бямба гаригт Бага хурлаа хийж, Засгийн газарт хамтрах шийдвэрийг гаргасан. Дээрх шийдвэрийг гаргахдаа нэгдүгээрт, намын эрх ашгаас илүү улс орны эрх ашиг чухал гэж үзсэн байна. Хоёрдугаарт, МАН Засгийн газарт хамтрахгүй бол эдийн засгийн уналт цааш улам гүнзгийрч болзошгүй гэж үзсэн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ.

Засгийн газарт хамтрах саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тавьсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй дөрвөн удаа зөвшилцсөн байна. Мөн МАН-ын бүлэг дөрвөн удаа эл асуудлыг хэлэлцсэн бол Удирдах зөвлөл нь гурван удаа хуралдаж, эцэст нь Бага хурлаа зарлан хуралдуулжээ. Түүнчлэн хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцөх уулзалтын хүрээнд Засгийн газрын бүтцийн тухай асуудал хөндөгдөөгүй. Өнөөдрөөс эл асуудлыг ажлын хэсгүүд ярилцаж эхэлнэ гэсэн мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ.

МАН-ын хувьд Засгийн газрыг байгуулахдаа цомхон, чадварлаг байх ёстой. Гол нь үлдэж байгаа хугацаа 1.5 жил тул ажлаа мэдэх мэргэжлийн хүнийг сайдаар томилох ёстой гэсэн чиг барьж ажиллахаа мэдэгдэж байна. Засгийн газрын сайд нарын 70 хувь нь парламентын гаднаас томилогдох ёстой гэж үзэж буйгаа тэрээр онцоллоо. Мөн Ардчилсан нам зөвшилцөлд тусгасан асуудлуудаасаа буцахгүй хэрэгжүүлсэн нөхцөлд МАН Засгийн газраас гарах асуудал байхгүй, тууштай явсаар цаана нь гарна гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар хэллээ.

Үүний дараа сэтгүүлчид УИХ-дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролоос дараах асуултад хариулт авсан юм.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж намаасаа гарах уу. Тэрээр МАН Засгийн газарт хамтрахыг эсэргүүцэж, намаасаа гарах тухай ярьсан гэх юм?

-МАН дотоод ардчилал сайтай, гишүүдийнхээ санал бодлыг маш сайн сонсож байж олонхиороо шийдвэрээ гаргадаг. Бага хурал дээр ч бүлгийн хурал дээр ч гишүүд өөр, өрөийн байр суурийг илэрхийлж байсан. Ц.Нямдорж гишүүний хувьд “Засагт хамтарсан нөхцөлд Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхий сайдаар томилно гэвэл би намаасаа ч гарч болзошгүй шүү, хамтрахгүй шүү гэдэг байр суурийг бол илэрхийлж байсан. Үүнийг буруугаар ойлгоод байна.

МАН бол өнөөдрийн улстөрийн намуудын өв тээгч. Нам болоод төлөвшчихсөн учраас асуудалд их бодитой ул суурьтай ханддаг. Олон хүнийхээ үгийг сонсдог, олонхийнхоо шийдвэрийг дагадаг. Гарсан шийдвэрээ МАН-ын гишүүд дагаад явдаг хатуу бичигдээгүй дүрэмтэй. Ц.Нямдорж гишүүн намаасаа гарахгүй.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж