Усан хангамжийг нэмэгдүүлэх байгууламжтай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Усан хангамжийг нэмэгдүүлэх байгууламжтай боллоо

Улаанбаатар хотноо Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн байгууламжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж Элчин сайд Такэнори Шимизү оролцлоо.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр усны хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Цэвэр усны дутагдал нь иргэдийн ахуй амьдрал болон нийслэлийн аливаа үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлөх хүчин зүйл тул усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байсан.

Уг төслийг 2011 оны зургадугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан Солилцох Ноот бичигт тусгагдсан төслийн нийт өртөг болох  3 тэрбум 305 сая иен буюу 57 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд өсөн нэмэгдэж буй Улаанбаатар хотын усны хэрэгцээг хангах зорилгоор тус хотын зүүн хэсэгт байрлах Гачуурт тосгонд гүний худгуудыг барьж, ус түгээх байгууламжаар хоттой холбосон болно.

Төслийн хүрээнд Японд үйлдвэрлэсэн шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолой бүхий 18.8 километр магистрал шугам, 7.1 километр дамжуулах болон цуглуулах шугам, өдөрт 25,200 м3 ус олборлох хүчин чадал бүхий 21 гүний худаг, хлоржуулалтын систем бүхий удирдлагын төв зэрэг инженерийн гол байгууламжууд баригдсан байна.

Эдгээр байгууламжийн тусламжтайгаар Улаанбаатар хотын гэр хорооллын амьдрах орчин болон усан хангамж ихээхэн сайжирна гэдэгт найдаж байгаагаа Элчин сайд Такэнори Шимизү хэллээ.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж