Оны шилдэг уран бүтээлчээр тодорч “Virtuoso-2014” гала концертод уран бүтээлээ толилуулахаар уригдсан залуу морин хуурч Э.Мөнхбаяр хойд хөршийн Эрхүү хотод төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын морин хуур, найрал хөгжмийн концертыг бүтнээр нь буюу гурван ангиар нь тоглоод ирлээ. Залуу хуурч Э.Мөнхбаяр өнгөрсөн хавар тус хотод болсон олон улсын хөгжмийн “Байкальские струны” наадамд амжилттай оролцсоноор төслийн хүрээн дэх “Симфония дружбы” концертод тоглох урилга авсан юм. Тэрбээр уг концертыг найман сарын турш давтаж сургуулилан Эрхүү мужийн Филармонийн залуучуудын симфони найрал хөгжимтэй тоглож үзэгч сонсогчдод хүргэв. Удирдаач нь БНХАУ-ын маэстро, Бээжингийн Урлагийн их сургуулийн доктор Чанг Цзиньси. ӨМӨЗО-ны Хөх хотод олон жил ажилласны хувьд монголчуудыг илүү мэддэг, урлаг соёлыг нь мэдэрдэг удирдаач юм гэж уг тоглолтыг зорьж очсон “Тод арт” агентлагийн гадаад харилцаа хариуцсан менежер болон ХБК-ийн захирал Г.Эрдэнэбат нар ярьж байлаа.
Залуучуудын симфони найрал хөгжимд Орос, Монголын хөгжимчдийг тоглуулж, БНХАУ-ын хөгжимчин залуус гоцолж тоглох байдлаар төлөвлөсөн уг концертыг тус хот дахь Ф.Шопений нэрэмжит Хөгжмийн коллеж санаачлан мужийнхаа Филармонитой хамтарч зохион байгуулсан нь энэ. Манай Э.Мөнхбаяр морин хуурын концерт гоцолж тоглосон бол Хятадаас удирдаачтай хамт очсон залуу хийлч бүсгүй алдарт “Хос эрвээхэй” бүтээлийг сонордуулсан юм. Хөрш гурван улсын соёлын амьдралд нэгэн сонирхолтой түүх үлдээсэн “Найрамдлын симфони” хэмээх уг төслийг улс улсыг төлөөлсөн продюссерийн байгууллагууд нэгдэж хэрэгжүүлсэн. Монголын талаас “Тод арт” агентлаг ажиллалаа.
Морин хуурч Э.Мөнхбаяртай товч ярилцсан юм.
-Баяр хүргэе. Их том даваа давжээ?
-Тэглээ. Баярлалаа.
-Санаандаа хүртэл тоглож чадав уу, удирдаач чамайг хэр тоглосон гэж байх юм?
-Гайгүй ээ. Хао л гээд байна лээ. Тэр нь сайн гэсэн үг гэсэн (инээв). Чанг удирдаач монгол зохиолыг маш сайн мэдэрч байна лээ. Бас Б.Мөнхболд багшийн хөгжмийг өвөрмөц, зохиомж сайтай мундаг зохиол байна гэж удаа дараа хэлсэн. Тоглож ирээд багштай уулзаж амжилттай болсон тухай хэлэхэд “Хоёулаа чиний тоглолтын бичлэгийг харж байгаад дахин сууж ярилцана аа. Дараа дараагийн удаа анхаарвал зохих юм гарах ч юм билүү” гэж байсан.
-Манайхаас ХБК-ийн хийлийн багш Дугармаа, Цэргийн чуулгын альт хөгжичин Энхмаа нар явсан. Найрал хөгжимд тоглосон гэсэн үү?
-Тэгсэн. Тэр үдэш оркестр нийт таван зохиол эгшиглүүлсэн, бүгдэд нь Дугармаа багш, Энхмаа эгч хоёр тоглосон.
-Хятадаас очсон хийлч алдарт “Хос эрвээхэй” бүтээлийг тогложээ. Таалагдав уу?
-Таалагдсан. Зохиол нь гоё болохоор ч тэр үү гоё санагдсан. Тэгээд ч маш сайн хийлч байна лээ.
-Залуу хийлч гэж байна. Хэдэн настай юм бол?
-20.
-Сайн мэдэж байна шүү. Чи хэдтэй вэ?
-19 (инээв).
-Морин хуурыг арф буюу босоо ятгатай хослуулж тоглосон байдлаар анх удаа сонслоо гэж оросууд баярлаж бас, ямар гоё зохицдог юм бэ гэж гайхаж, дуу алдаж байна гэсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тэгж дүгнэж байсан гэсэн. Би дараа нь сонссон л доо. Б.Мөнхболд багшийн энэ концертын II анги нь морин хуурыг арфтай хослуулж дуугаргасан адажио буюу удаан хэсэг байдаг. Ихэвчлэн морин хуур, арф хоёр тоглодог, хааяа оркестр орж ирж барьдаг юм. Тоглож байхад ч гэсэн гоё нь мэдрэгдээд байдаг. Энэ хэсгийг үзэгчид хамгийн их таалсан байна лээ.
-Энэ концертыг өмнө нь сонсч байсан. Гэхдээ одоо чиний ярьж байгаа илүү амттай санагдаад байна. Манай Монголын оюуны бүтээгдэхүүн гадаадад очихоороо гоё нь улам мэдрэгдээд ирдэг гэж зарим хүн ярьдаг юм. Түүн шиг юм болох нь уу даа?
-Харин. Оросууд морин хуур ямар гоё хөгжим юм бэ, ингэж дуугарч байх гэж, бид хоорондоо ийм ойрхон байж бие биеийнхээ урлаг, соёл, хөгжмийг мэддэггүй юм байна шүү дээ. Хажууханд маань ийм сайхан зүйл байж байдаг гээд л яриад байна гэсэн.
-Яг л тэгж ярьж байсан болов уу. Манай хөгжимчид, тэр дундаа гоцолж тоглосон чиний хувьд үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Дахин баяр хүргэе.
-Баярлалаа. Надад итгэж ийм чухал тоглолтод ийм сайхан зохиол тоглуулах боломж олгосон бүх хүнд баярлалаа. Бүх талаар дэмжиж явуулсан ХБК-ийн захиргаанд, ялангуяа энэ төсөлд Монголын талын бүх ажлыг зохион байгуулсан “Тод арт” агентлаг, захирал Б.Сэргэлэн эгчид баярлалаа. Ф.Шопений нэрэмжит Хөгжийн коллежийн захирал Дурбажёва гуай Б.Сэргэлэн эгчийн тухай дахин дахин асууж, дараагийн 2016 онд болох “Симфония дружбы” концертод Монголоос улам олон хөгжимчин залуусыг авчирч оролцуулахыг хүсч байгааг минь дамжуулж өгнө үү гэж байсан. Бразилд амьдарч байгааг нь мэдэж байна лээ. Тэгээд “Сэргэлэн захирал арай хол явчихжээ” гээд инээж байсан.
-Тэгэхэд нь та нар юу гэв дээ?
-Тэгэх байх аа л гэсэн. Хүний өмнөөс дураараа хариулж яаж болох вэ.
-Амьдрал үргэлжилсээр. Одоо шилдэг уран бүтээлчдийн “Virtuoso-2014” гала тоглолтод ямар бүтээл тоглох гэж байгаа вэ?
-Италийн нэрт хөгжмийн зохиолч Н.Паганинийн ганц утсан дээр бичигдсэн сонирхолтой зохиол тоглоно. Би их дуртай.
-Морин хуурынха нэг утсыг авч байгаад тоглох юм уу?
-Арай үгүй ээ. Ёс заншил, бэлгэдлийн үүднээс авч үзэхэд болохгүй байх гэж айж байна. Түүнээс нэг л утсан дээр нь тоглох юм.
-Баярлалаа, амжилт хүсье.
Санаачлагч, зохион байгуулагчдад нь амжилт хүсье
Мөн төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдтой холбоо барьж баяр хүргэсэн юм.
-Танд баяр хүргэе. Таны морин хуурын концертыг Эрхүү хотод симфони найрал хөгжимтэй тоглолоо. Сэтгэгдэл ямар байна?
-Тоглох юм гэсэн сураг байсан. Гэхдээ ямар хүүхэд хэзээ тоглох тухай мэдээгүй. Гэтэл аль хэдийнэ яваад ирсэн юм байна шүү дээ. Мөнхбаяр гэж хүү ирээд уулзсан л даа. Бид хоёр зохиол дээр дахин ярилцъя гэдгээ тохирсон. Энэ концертыг өмнө нь морин хуурч Д.Шинэцог төгөлдөр хуурчтай тоглосон юм. Харин энэ удаа симфони найрал хөгжимтэй, тэгээд бас өмнөд хөршийн удирдаач удирдаж тоглуулсан нь онцлог болж байна.
-Бүтээл тоглогдоно гэдэг мэдээж сайхан байх. Аль болох олон хөгжимчин тоглож, аль болох олон хүний, улс үндэстний хүртээл болж байвал хөгжим зохиосны хэрэг илүү гарах байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Бидний бүтээлүүд тоглогдож эхэлж байгаа юм байна гэж ойлгож байна. Баяртай байна. Сонсохнээ нэлээд том хэмжээний төсөл яваад байгаа юм шиг байна. Санаачлагч, зохион байгуулагчдад нь амжилт хүсье.
Дашрамд дуулгахад “Virtuoso-2014” гала концерт энэ сарын 4-ний үдэш Улсын филармонид болох юм.
Р.ОЮУНЖАРГАЛ