Х.Баттулгыг Ерөнхий сайд болбол намаасаа гарна гэсэн

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Х.Баттулгыг Ерөнхий сайд болбол намаасаа гарна гэсэн

МАН-ын бага хурлаас Засгийн газарт хамтрах шийдвэрийг гаргаад байгаа энэ цаг үед  хамтрахыг хамгийн их эсэргүүцэж байсан УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн байр суурийг сонирхлоо.

-МАН засагт хамтрахаар боллоо. Одоо та намаасаа гарах уу?

-Би ингэж ярьсан. Хэрэв Н.Алтанхуягийг огцруулаад Х.Баттулгыг Ерөнхий сайд болговол намаасаа гарна гэж хэлсэн. Тэр бол Н.Алтанхуягийг огцруулах асуудал яригдаж байх үед хэлсэн  үг л дээ. Сүүлд нь тэрийг гуйвуулаад Засгийн газрыг хамтарч байгуулвал намаас гарна гэдэг яриа  яваад байгаа. Хэрэв Х.Баттулга Ерөнхий сайд болсон бол намаасаа гарах л байсан. Хамтрахын хувьд анхнаасаа эсрэг байсан. Одоо ч эсрэг байна. Үүнийгээ бага хурал дээр ч хэлсэн. Сөрөг хүчингүй болох аюул байна. Хоёрдугаарт, 2012 онд эвсэл болсон нам  бүлэглэлүүд дөрвөн жилийнхээ циклээр ажлаа хийгээд хариуцлагаа хүлээх ёстой. Гуравдугаарт, энэ засаг хэр удаан тогтоо билээ. АН-тай хамтарч ажиллах амаргүй. Дандаа хуурдаг, хариуцлагаа бусад руу чихдэг улстөрийн хүчин. Харин хэний толгойлох Засгийн газар вэ гэж  ярьвал миний хувьд яриа байсан. Р.Амаржаргал Ерөнхий сайд болвол хамтарч болох болов уу гэсэн  бодол  байсан. Яагаад гэхээр хоородоо дайсагналцдаг фракци бүлэглэл дотор гүнзгий яваад байдаггүй. Харьцангуй төв хүн  учраас гайгүй хувилбар гэж үзэж байсан үе бий. Гэтэл өөр хүн Ерөнхий сайд болсон гэх мэт шалтгаанаар эсрэг байр суурьтай байгаа. Харин манай намын бага хурал  шийдвэрээ гаргасан учраас миний ярьж байсан зүйлүүд төгсгөл болж байна  л даа.

-Таныг  Хууль зүйн сайд бол гэвэл хүлээж авах уу?

-Болохгүй ээ.

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байна гэж харж байна вэ?

-Гишүүнийхээ хувьд Н.Алтанхуягийн цөөрүүлж оруулсан ирсэн бүтцээр явах нь зөв зайлшгүй шаардлагатай гэж бодож байгаа. Яамдын, сайд нарын тоог нэмж болохгүй. Ороод ирсэн бүтэц дээр нь зарим нэгийг нь татан буулгаж, зайлшгүй шаардлагатайг нь нэмж болох  байх.  Ерөнхий тоонд нь бариулах хэрэгтэй. Угаасаа 2015 оны төсөв маш хүнд байгаа. Одооноос цалин тэтгэвэр тавьж чадахгүй талруу орж байна. Бүтэн хоёр жил данхайсан бүтэцтэй гэж шүүмжилчихээд өөрсдөө Засаг байгуулахаараа яамдынхаа тоог нэмээд муухай биз дээ. Наад зах нь ёс суртахууны хувьд таарахгүй. Нэгэнт хамтрах нь тодорхой болсон учраас миний эсэргүүцдэг өнгөрч байх шиг байна. Одоо хэд хэдэн зарчим барих хэрэгтэй. Яамдын тоо, орон тоог нэмэхгүй байх, сайд нараа гаднаас тавих, дөрөө даах салбараа мэддэг, улстөрчдийг дагаж хөөрцөглөөд байдаггүй, мэргэжлийн хүмүүсээр сайд нараа тавиасай гэдэг мөрөөдөл байна. Мөрөөдөл гэж хэлж байгаа нь учиртай. Дахиад л “Манай дотоод хэрэгт бүү оролц” гээд чагтлаад эхэлвэл чанартай юм яригдахгүй. Яам тамгын газарт  төрийн нарийнаас дэд сайд хүртлээ 10 жил ажилласан, мэргэжлийн хүнээр удирдуулвал ахиц гарна. Тэгэхгүйгээр азаар УИХ-д орсон нэг олигархыг тавьбал ямар ч ахиц гарахгүй.

-Танын санаа зовж байсан өрийн таазыг нэмэгдүүлэх эсэх, Тавантолгой, Оюутолгойтой холбоотой  асуудлаар яг ямар тохиролцоонд хүрсэн бэ?

-Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэдэг үг баримт бичигт нь орсон байна лээ. Гэхдээ одоо байгаа өрийн хэмжээ 49 хувьтай тэнцэхээр болчихсон байна. 49 дээрээ барих юм байлгүй. Оюутолгойн асуудлыг урьд байгуулсан гэрээний нөхцлийг дордуулахгүйгээр Монголд ашигтай байх хувилбараар зохицуулалт хийнэ гэсэн үг явж байна лээ. Тавантолгойн хувьд мөн дээрх зарчмыг баримтална гэсэн зүйл явж байна лээ. Тавантолгойн талаар УИХ-аас гарсан хоёр гурван тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана гэсэн битүү үг явж байсан. Амьдрал яаж өрнөхийг сайн мэдэхгүй байна.

-Засгийн газрын бүтцийг одоогийнхоос багасгах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзэж байсан. Энэ байр суурин дээрээ байгаа юу?

-Эд нарын ярьж байгаагаар цоохор засаг л бүрдэх нь л дээ. Ийм сонин Засаг байдаг ч юмуу үгүй ч юмуу. Ч.Сайханбилэг ганц хүүгээ гэрлүүлэхийн тулд дөрвөн айлаас бэр гуйлаа. Уг нь нэг нь дээр байсан юм. Миний хатуу бодож  байсан зүйл бол энэ. Нэг л бэрд хадаг тавьсан  бол ёс суртахууны талаасаа ч  тэр, төрийн ажлын талаасаа ч зөв харагдаж байсан. Юмыг яаж мэдэх вэ гээд манай намынхан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох хуралд суугаагүй. Би суучихаа  гээд ятгаад байсан хүн шүү дээ. Ер нь энэ засаг хөдөлнө гэдэг зургийг өнгөрөгч тавдугаар сард харсан  юм. С.Баярцогт гарч ирээп МАН-тай хамтарч засаг байгуулъя гэсэн дээ. Тэгэхэд ил гарч байсан нь тэр. Тэрнээс өмнө зарим нэг уулзалтууд болсныг би мэднэ.

-Энэ Засгийн газрыг удаан наслахгүй гэх яриа  байна. Таны бодол?

-Ямар яаманд байх вэ гээд яригдаад эхэлнэ. Эхнээсээ манай намынхан тоог нь нэмэхгүй байх хэрэгтэй гэцгээж байна. Нэг зүйл хэлэх хэрэгтэй. Засгий газрын бүтэц бүрэлдэхүүний саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулдаг Үндсэн хуулийн заалттай. Ч.Сайханбилэг ямар бодолтой байгааг би мэдэхгүй. Засгийн ажил цаашаа явах эсэх нь томилогдох хүмүүсээс шалтгаална.


С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж