М.Батчимэг: Намууд суудлынхаа тоогоор ЗГ-т орно

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

М.Батчимэг: Намууд суудлынхаа тоогоор ЗГ-т орно

УИХ дахь АН-ын бүлгээс байгуулсан УИХ-д суудалтай намуудтай Засгийн газарт хамтрах асуудлыг зөвшилцөх Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллаж байгаа. Түүнээс цаг үеийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа.

-Ажлын хэсгүүд Засгийн газар хамтрах байгуулах асуудлаар  ямар  тохиролцоонд хүрэв?

-УИХ дахь АН-ын бүлгээс байгуулсан УИХ-д суудалтай намуудтай Засгийн газарт хамтрах асуудлыг зөвшилцөх  Ажлын хэсгийн зөвшилцөл үргэлжилж байна. Бид ИЗНН, Шударга ёс эвслийн бүлэгтэй уулзалтууд хийсэн. Мөн МАН-ын бүлэгтэй тодорхой асуудлаар  ойлголцох, зөвшилцөх ажил хийгдсэн. Өнгөрсөн бямба гаригт хуралдсан МАН-ын Бага хурлаас Засгийн газарт хамтрах шийдвэр гаргалаа. Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдаж, намуудтай хамтарч Засгийн газар байгуулах  тухай эцсийн тогтоол гарна. Энэ хурлын өмнө намуудын Ажлын хэсгүүд дахин уулзаж, Засгийн газарт хамтрах асуудлаа бичгээр баталгаажуулна.

-Бүтцийн хувьд ямар байхаар төсөөлж байгаа вэ?

-Ажлын хэсгүүд өнөөдөр бүтцийг эцэслэн тохирно. Өнгөрсөн долоо хоногт  улс орны эдийн засгийн нөхцөл байдал, засаглалын тогтвортой байдлын хүрээнд асуудлаа ярьсан. Бүтцийн асуудал яригдаагүй.

-Тохироо хийсэн гэж яригдаж байна. Жишээ нь  МАН-д  зургаан яамыг өгнө гэх зэргээр?

-Эхний байдлаар хийсэн ойлголцол бол Засгийн газрын бүтэц дээр тохиролцсоны дараа УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт ажиллана гэсэн ойлголцол  байгаа.

-Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх МАН-ын саналыг хүлээж авсан юмуу?

-Өртэй холбоотой асуудлаар МАН-ын бүлэгтэй ойлголцсон. Нэгдүгээрт, Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй гэж тохирсон. Өөрөөр хэлбэл, нэмж бонд гаргахгүй. Харин цаашдаа хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа сэргээхээр ярьсан. Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд шаардлагатай баталгаа гаргаж өгөхийг үгүйсгээгүй. Хоёр тал ойлголцсон. Мөн төсвөөс гадуурх бондын зарцуулалт, Хөгжлийн банкнаас төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хийж байгаа санхүүжилтыг төсөвт нэгтгэе гэсэн. Өнөөдөр Монгол Улс хоёр төсөвтэй явж байна гэж шүүмжилж байгаа. Үүн дээр  тохирсон.


С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж