Н.Батцэрэг: Гэрээний асуудлыг бүлэг дээрээ ярина

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг: Гэрээний асуудлыг бүлэг дээрээ ярина

“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурлаас өмнө “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс дараах тодруулгыг авлаа.

-АН, МАН-тай хамтарч засаг байгуулах нь тодорхой болчихлоо.  Тэгэхээр АН, “Шударга ёс” эвслийн хооронд хийсэн гэрээ хүчингүй болох уу?

-2012 оны гэрээ бол тухайн үеийн АН болон “Шударга ёс” эвслийн сонгуульд орохын өмнө байгуулсан нийгэм, эдийн засгийн гэрээ байсан шүү дээ. Мэдээж  Ардын нам засагт орж ирвэл  ийм хүрээний ажил хийх шаардлагатай гэдэг асуудлаа тавих байх. Мөн эдийн засгийн хямралтай холбогдуулж нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Бид АН-ын ажлын хэсэгтэй урьдчилж нэг уулзсан.  Хоёр янзын хөтөлбөр гаргая ъя гэж үзсэн.  Нэгдүгээрт, эдийн засгийн хямралыг даван тулах богино хугацаа буюу 1.5 жилд эдийн засгийг сэргээх,  хоёрдугаарт,  дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр гаргах гэсэн дээрх хоёр зүйл дээр Засгийн газарт хамтрах нам эвслийн бүлгүүд ярилцъя гэсэн. Үүнтэй холбоотойгоор 2012 оны сонгуулийн гэрээ дуусгавар болно гэж үзнэ. Гэхдээ үдээс хойш АН-ын ажлын хэсэгтэй манай бүлгийн ажлын хэсэг ярьж, зөвшилцөнө. Энэ талаар бүлгийн хурал дээр санал солилцоно. 

-“Оюутолгой”, “Тавантолгой”-н талаар танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Урагшлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

-Тавантолгойг хувьчилна гэж ярьж байна?

-Урагшлах ёстой гэдэг дээр олон хувилбар гарч ирнэ шүү дээ.  Яаж олон түмэнд үр өгөөжтэй байх вэ гэдгийг харна.

-Шинэчлэлийн Засгийн газарт ороод хоёр жил гаруй ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд эвслийн бүлгийн мөрийн хөтөлбөр хэр хэрэгжсэн гэж үзэж байна вэ. Зарим гишүүд хангалтгүй гэж шүүмжилдэг?

-Бидний оруулсан асуудлыг хойш тавьдаг нь үнэн. Манайх Засгийн газарт дөрвөн сайд томилуулж ажиллуулсан.  Тэгэхээр манай сайд нарын хариуцдаг салбарт өөрсдийн мөрийн хөтөлбөрүүдээ тодорхой хэмжээнд хэрэгжүүлсэн. Харин бүхэлдээ бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр 100 хувь хэрэгжээгүй гэдэг нь  үнэн. 

-Ардын нам засагт орвол танай сайд нарын тоонд өөрчлөлт орох уу?

-Энэ талаар одоо хэлж мэдэхгүй байна.  Зөвшилцөж, ярина.  Юуны түрүүнд Засгийн газрын бүтцэд байх манай гишүүдийн тооноос гадна юу хийх гэж байгаа нь чухал байна. 

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж