Бид Монгол улсад хамгийн өргөн сүлжээг нэвтрүүлж чадсан

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Бид Монгол улсад хамгийн өргөн сүлжээг нэвтрүүлж чадсан

Юнител групп Монгол улсад анх удаа А зэрэглэлийн  авто замын дагуу 3G сүлжээг амжилттай нэвтрүүллээ. Энэ ажлынхаа тухай дэлгэрүүлж ярихгүй юу?

МТШХХ-ны газраас Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх босоо тэнхлэгийн А зэрэглэлийн авто зам дагуу үүрэн холбооны тасралтгүй сүлжээ оруулах тендер зарлаж, тендерт Юнител групп шалгарсан юм. Долдугаар сараас эхэлсэн ажлаа бид хугацаанд нь амжилттай дуусгаж стратегийн ач холбогдол бүхий 1007 км урт замаар тасралтгүй 3G сүлжээгээ нэвтрүүллээ. Энэ ажлын үр дүнд тус  зам дагуу хэрэглэгчдийг сүлжээгээр холбох 51 бааз станцтай болсны 15 бааз станц нь нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр байгуулагдаж үлдсэнийг нь Юнител групп өөрийн хөрөнгөөр байгууллаа. Тасралтгүй 3G интернэт сүлжээнд нэгдсэнээр энэ замаар зорчих Юнителийн хэрэглэгчид, бизнесменүүд, жуулчид  аяллын явцдаа гар утсаараа ярих, мессеж бичихээс гадна 3G интернэт ашиглан мэдээ мэдээллээс хором ч хоцрохгүй байх боломжоор хангагдаж чадлаа.

Юнител групп байгуулагдаад 8 жил болсон ч энэ хугацаанд мэдээлэл технологийн салбарт томоохон дэвшлүүдийг авчирсан. Энэ хугацаанд өөрсдийнхөө хийсэн ажлыг багцалж харвал…?

Анх Юнител групп 2006 оны 6 сарын 26- нд нээлтээ хийсэн. Тухайн үедээ Улаанбаатарт 40 орчим бааз станцтай үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Энэ тоо өнөөдөр 10 дахин өсч өдгөө 400 шахам станцтай болоод байна. 2011 онд Юнивишн буюу гурвалсан үйлчилгээгээ нэвтрүүлсэн. Мөн 2013 онд бид Монгол улсынхаа хүн амьдардаг бүх л  суурин газруудыг GSM сүлжээг холбосон. Монгол улс 315 сумтай. Харин Юнител групп нийт 490 орчим сум, суурин газрыг найдвартай сүлжээгээр холбосон нь Монгол орны  №1 хамгийн өргөн сүлжээг нэвтрүүлсэн дэвшил юм.Эдгээр суурин газруудын хоорондын зайд сүлжээ тасалдлыг арилгах эхний алхам нь дээрх босоо тэнхлэгийн дагууд 3G сүлжээ нэвтрүүлсэн ажил болж байна. Мөн төмөр замын бүх өртөө зөрлөгүүд 3G сүлжээгээр холбогдлоо. Тиймээс тасралтгүй сүлжээтэй байх хамгийн өргөн боломж манай хэрэглэгчдэд олдож байгаа юм. 2006 онд Монгол улсын гар утас  хэрэглэгчийн тоо хүн амын 30 хувийг л эзэлж байсан бол одоо энэ тоо 112 хувьд хүрээд байна.

Үүнээс харахад бид салбарынхаа хөгжилд болон хүмүүсийн амьдралын хэв маяг,  хэрэглээнд нөлөөлж чаджээ. Гурвалсан үйлчилгээг анх авч нэвтрүүлж байхад өрхийн хэрэглээний интернэтийн  хурд 0.3 мегабит байсан. Одоо манай хэрэглэгчид 3 мегабит буюу арав дахин өссөн хурдыг хэрэглэж байна. Энэ бүх дэвшлийн үр дүн хэрэглэгчдийн сэтгэл ханамж болж очиж байгаад баяртай байна. Гучин хувийн хэрэглээг нийтийн хэрэглээ болгож, үнэ тарифыг хамгийн боломжийн түвшинд хүргэж чадсан нь бидний ололт амжилтын жинхэнэ үнэлэмж юм. Мэдээлэл технологийн энэ хурдац бүх салбарын хөгжлийг хурдасгахад нөлөөлж байгаа нь зайлшгүй. Найман жилийн хугацаанд мэдээлэл технологийн салбарт найман том чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн том групп компанийг бид бүтээж чаджээ.

Дэлхийн хөгжлөөс биднийг хоцроохгүй байгаа танай салбарынханд баярлахаас аргагүй. Энэ их ажлын ард инженер техникийн ажилтнууд байдаг. Танай компанийн хувьд дан Монгол инженерүүд ажилладаг гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?

Монголчууд мэдээллийн технологийн хувьд дэлхийгээс хоцордоггүй. Хэрэглээний энэ төлөв байдал нь үүрэн холбооны салбараас шууд шалтгаалдаг. Дэлхийд шинэ утас нээлтээ хийж байхад Азид анх удаа Монгол нэвтрүүлж байх жишээний. Тиймээс Юнител групп энэ хандлагыг түүчээлж явдаг. Энэ огцом хурд болон өсөлтийг дагаж бид техник технологийн шинэчлэл хийж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тогтвортой байлгахад чиглэн ажилладаг бөгөөд энэ ажлын түрүүнд инженер техникийн баг явдаг юм. Энэ баг маань 100 хувь Монгол инженерүүдээс бүрдэж байна. Технологийн бүх шийдэл, ашиглалт үйлчилгээ, тохиргоо гээд бүгдийг Монгол инженерүүдийн ур чадвараар гүйцэтгэж байна.

Таныг Юнител группийг байгуулагдсан цагаас нь ажиллаж, өсөн дэвшсэн хүн гэдэг юм билээ. Компани өргөжин тэлж, ажилтан нь өсөн дэвших хөшүүрэг нь танай компанийн хувьд юу вэ?

Би анх 2006 онд инженерээр ажилд орж байсан. Энэ хугацаанд компаниасаа,  ажлаасаа их зүйлийг сурч мэдсэн. Юнител группийн бизнесийн ёс зүй,  байгууллагын соёл нь маш зөв зарчмаар явагддаг. Олон улсын стандартуудыг дагаж мөрддөг. Энэ нь ажилтнуудад өргөн боломжийг шударгаар нээж өгөх хөшүүрэг болдог болов уу. Юнител групп IT болон техникийн инженерүүд нийлээд 180 орчим инженер техникийн ажилчидтай.  

Инженер техникийн багийнхаа ийм амжилттай байгаагийн гол үнэт зүйлийг та юу гэж боддог вэ?

Мэдээж олон зүйлээс шалтгаална. Гэхдээ хамгийн чухал нь ажилдаа хандах хандлага гэж боддог. Ажлыг чин сэтгэлээсээ, зөв хийх хүсэл эрмэлзлэлтэй байх нь маш чухал. Мэдэхгүй, чадахгүй  зүйл байж болох ч түүнийг хурдан сурах хүсэл тэмүүлэл нь үр дүнд хүргэнэ.

Юнител групп нэлээд том ажлын ард гарлаа. Дараагийн зорилгыг сонирхож байна?

Сүлжээний өргөтгөлийг  найдвартай байлгах гэдэг бол бидний хамгийн том ажил. Гэхдээ дэлхий даяар үсрэнгүй хөгжиж байгаа технологийн чиг хандлагын эхэнд бид явах учиртай. Тиймээс дараагийн зорилт бол  LTE буюу 4G-г нэвтрүүлэх. Мэдээж шинэ технологийг нэвтрүүлэх нь чухал ч, одоо байгаа үйлчилгээгээ тасралтгүй, найдвартай, чанартай хүргэх нь хамгийн гол бөгөөд чухал ажил. Тиймээс энэ ажилдаа гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж