Өглөө бүр Цагаанбайраас Бөмбөгөрийг зорьж 2 халуун сав цай нуруундаа үүрсээр гадна худалдаа хийдэг хүмүүст аягаар цай зарж бор өдрийг өнгөрөөж яваа Хорлоо эмээ өдгөө 90 насыг зооглож байгаа билээ. Ард Түмний Хүү Ням-Эрдэнэ бид хоёр өчигдөр энэ эмээтэй уулзаж ганц удаа ч гэсэн халуун хоол авч өгөе гэж ярилцаад бөмбөгөр ороод эмээг эрж эс олоод Мийгаа өвөөтэй таарсан тухайгаа бичсэн юм аа. Харин өнөөдөр өглөө Мийгаа өвөөг хайж яваад Хорлоо эмээтэй автобусны буудал дээр таарлаа. Эмээ гэрлүүгаа явж байна гэхээр нь хамт автобусанд суугаад гэрт нь очиж жаахан хууч хөөрсөн юм. Гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд ганц хүүтэй тэр нь сэтгэцийн өөрчлөлттэй тусдаа амьдардаг гэсэн. Ах эгч дүү нар нь энэ хорвоогоос бүгд хальсан ганцаар үлджээ. Амьдардаг гэр нь гэхээр бидний нүүрс агуулдаг амбаар шиг л энд тэндээ ноорхой цоорхой. Хэдэн цаасан хайрцаг дотроос нь хадаад арай л гайгүй болгочихсон. Ганц ор тавиад л дүүрчихсэн энэ умгар амбаартаа амьдраад л явж байгаа. Хүйтрээд түлээ нүүрс муутай болхоор жаахан даараад байгаа гэж байсан. Өдөрт цай зарж 2000-3000 төгрөг олдог. Түүгээрээ амь зогоож яваа энэ настан буурайд минь элбэрэл хайр халамж дутаж явнаа. Энэ хүнийг тодотгохын тулд хэд хэдэн асуулт тавьсан юм аа. Би сэтгүүлч хүн биш учраас алдаа оноо гаргаж байвал намайг түмэнтээ өршөөгөөрэй.
– Энэ хүйтэнд гадуур цай зарж явах хэцүү биш байна уу эмээ
– Хэцүү байлаа гээд яхав дээ. Үүгээр чинь л амьдарч байгаа болхоор яах ч аргагүй юм аа. Ядаж байхад хоёр хөл таг болохнээ хүү минь
– Тэгээд цайгаа бүгдийг нь зарж чадаж байгаа юу
– Заримдаа бүүр зарагдахгүй юм. Зарагдсан үедээ 2000-3000 төгрөг олдог.
– Та ингэж байхаар асрамжийн газар очвол яадаг юм бэ
– Хүмүүс намайг асрамжийн газар аваачна л гэдэг юм. Муу өвчтэй хүүгээсээ холдоно гэхээр санаанд багтахгүй юм аа. Би хүүгээ сард ядаж нэг эргээд байна шүү дээ. Үхтэл үр харам гэж барааг нь харж байгаад өнхөрөе дөө эмээ нь.
– Таньд хүн туслана гэх юм уу. Хүмүүс хир хандаж байна вэ.
– Одоогоор туслана гэсэн юм байхгүй ээ хүү минь. Ноднин нэг ТББ надад туслана гээд 500 төгрөгний үнэтэй сувилалд хэвтүүлж байсан.
– Таньд туламж хэрэгтэй юу эмээ. Хэрвээ хэрэгтэй гэвэл би интернет гэдэг юмаар бичээд өгеөө. Сайн санаат хүмүүс их байдаг
– Туслая гэхэд үгүй гэдэг хэн байхав дээ. Эмээ нь хүнд 300 мянган төгрөгний өртэй. Цас уначихвал цайгаа зарж чадахгүй болчихно. Тэгээд яадаг юм билээ гээд л сэтгэл өмрөөд л сууж байна. Тэр интернет гэдэг газар нь хаана байдаг юм болоо.
– Хэхэ үгүй ээ эмээ интернет гэдэг нь хүн бүр утсаараа ороод уншаад үзээд явдаг юм байдаг юмаа.
– Аан эмээн сайн мэдэхгүй ээ. Орчин үеийн юмыг эмээн яаж мэдхэв дээ хэхэ
– Та юу хийж байсан хүн бэ
– Эмээ нь юм юм л хийж явлаа. Даргаас эхлээд цэвэрлэгч хүртэл хийж явсан. Дархан мужаан тогооч гээд л шог шог юм хийнэ шүү дээ. (инээв)
– Хөөх та ч мундаг хүн байж дээ.
– Амьд явхад их л юм үзхийн байна шүү дээ.
Бид ярилцсаар гудамруу нь ороход энд тэндгүй хог новш дүүрэн байхыг хараад эмээ нэг таягаараа хэсэг хогийг хамж бөөгнүүлснээ. " Хотын хүмүүсийн ухамсар байхгүй болжээ. Хог новшоо энд тэндгүй цацаад. Аав минь амьд сэрүүн байхдаа цэвүүн цаг ирнэ дээ гэж хэлдэг байсан ортой л юм хэлж байсын билээ" гэсээр дотогшоогоо орлоо
Гэрт хүн ирсийм байна даа гээд эмээ халуун тогоо залгаж 2 аяга цай буцалгаад намайг цайгаар дайлсан юм. Сайхан аагтай халуун цай ууж эмээтэй хэсэг ярьж суугаад юу ч гэсэн онлайн байгаа хүмүүстээ үүнийг дуулгахаар гэрээс нь гарсан юмаа. Сайхан сэтгэлт монголын маань зөн олон та бүхэн энэхүү эмээд сэтгэлийн дэм болоё гэвэл гэрийг нт зааж өгч болно шүү. Миний хувьд тэр хөөрхөн умгар амбаарыг нь дулаалаад тохь тухтай болгож өгнөө.
Урт наслаж яваа Хорлоо эмээгийн буян заяа нь дэлгэрэх болтугай