Хөдөө аж ахуйн их сургууль/ХААИС/-ийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа нарын албан тушаалаа урвуулан ашиглаж, сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэхүү хэргийг шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд болж тэднийг цагаатгасан юм.
Ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг прокуророос эсэргүүцэн хэргийг дахин шүүн хянах эсэргүүцлийг шүүхэд илгээсэн байна. Энэхүү эсэргүүцлийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хүлээн авч хэргийг дахин шүүхээр болжээ.
Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн байцаалтаар Б.Бямбааг Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд 800 орчим сая төгрөгийн хохирол учруулсан. Ингэхдээ тус сургуулийн дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулж, гэрээ материал бүрдүүлэн, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэсэн гэж үзэн энэхүү хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм.
Д.ЖАРГАЛ