Энэ сарын 25-нд УИХ дахь АН-ын бүлгээс томилогдсон зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан. Тус намын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг ахалж байгаа бөгөөд ажлын хэсэг МАН-ын ажлын хэсэгтэй арваад удаа уулзалт хийжээ. МАН-ын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Су.Батболд ахалсан байна. Хоёр намын ажлын хэсгийнхэн шинээр байгуулагдах Засгийн газарт хамтрах эсэх, улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох зэрэг асуудлаар хэлэлцээ хийжээ.
Ажлын хэсгүүдийн хамгийн сүүлчийн хуралдаан өчигдөр орой 22:20 цаг хүртэл үргэлжилж, саналаа нэгтгэжээ. Ажлын хэсгийн хамтарсан протоколд хоёр талаас ажлын хэсгийг даргалсан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар гарын үсэг зурсан байна. Ажлын хэсгийн ахлагч нар өнөөдөр 17 цагаас Төрийн ордонд хэвлэлийн хурал хийхээр товложээ. Хэвлэлийн хурлаар хоёр намын ажлын хэсгийн зөвшилцлийн үр дүнг танилцуулах юм байна.
Д.ЦЭЭНЭ