МАН засгийг хамтран байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.11.29-нд нийтлэгдсэн

МАН засгийг хамтран байгуулна

20:14

МАН-ын хоёрдугаар Бага хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн хамтран засгийн газар байгуулах тухай асуудлаар эцсийн шийд гаргах санал хураалт явууллаа. Өнөөдрийн Бага хурлын ирц хангалттай хэмжээнд байгаа бөгөөд 200 гаруй гишүүд санал хураалтанд оролцсон бөгөөд олонх нь Ардчилсан намтай хамтран засгийн газрыг байгуулах нь зүйтэй хэмээсэн байна.

Ингэснээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН хамтрах нь тодорхой болж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос засгийн бүтцийн зураглал тодорч, парламентад суудал бүхий намууд ч эцсийн шийдлээ тодорхой болгох үлдэж байна.

Мөн МАН-ыг засгийг хамтран байгуулахтай холбоотойгоор хоёр намын хооронд улс төр, эдийн засгийн зөвшилцөл үргэлжлэх бөгөөд өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн хямралаас гарах, үлдэж буй 1,6 жилийн хугацаанд Ардчилсан намын дангын мөрийн хөтөлбөрөөр биш хамтарсан бодлогоор ажиллах, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж цахим машинаар тоолсон саналыг гараар тоолох зэрэг шаардлагууд нь биелүүлэх хэрэгтэй болж байна.

Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралдаж 90 гаруй хувийн саналаар хамтрах нь зүйтэй гэсэн, МАН-ынхан засагт хамтрах эсэх асуудлаар иргэдээс судалгаа авч үүний үр дүнд хамтрах нь зүйтэй гэх санал давамгайлсан, үүнтэй холбоотойгоор ард түмний эрх ашгийг бодох ёстой нөхцөл байдал бий боллоо гэсэн намын даргын илтгэл тавигдсан гээд хамтрах нь зүйтэй гэх шийдвэр рүү цаг өнгөрөх бүрт чиглэсээр байв. Намын бага хуралд гурван илгээлт ирсэн бөгөөд МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголын ажил олгогч эздийн холбоо болон Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос засагт хамтрах нь зүйтэй гэх агуулга бүхий илгээлтүүд ирсэн байна.

Хуралдаанд намын дарга илгэлээ танилцуулсны дараагаар хэвлэлийнхэнд 9 дүүрэг, 10 аймагт 2500 иргэдийг хамруулсан судалгааныхаа дүнг хүргэсэн юм.  Улсын хэмжээнд нийлбэр дүнгээр 52,6 хувь нь хамтарч засаг байгуулах нь зүйтэй хэмээсэн байна. Улаанбаатар хотод хамтрах нь зүйтэй гэх санал давамгайлсан бол орон нутагт эсрэг санал давамгайлж. Мөн боловсролын түвшнээр нь санал өгсөн байдлыг нь харвал бүрэн дунд, дээд боловсролтой иргэд хамтран засаг байгуулах нь зүйтэй, боловсролгүй, бага боловсролтой иргэдийн хувьд хамрах хэрэггүй хэмээх санал давамгайлсан аж.

Хуралдааны үеэр гэнэтийн асуудал, хэрүүл маргаан гараагүй бөгөөд Ц.Нямдорж нарын гишүүд Ардчилсан нам ядраад ирэхээрээ л ардын намыг түшдэг, задарч, тамиржаад ирэхээрээ манайхныг шоронд хийдэг нам” гэх зэрэг шүүмж хэлснийг эс тооцвол намдуухан болж өндөрлөлөө.


19:50

Санал хураалт эхэлжээ

Тусгаар тогтнолын ордонд болж буй МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан АН-тай хамтран засаг барих эсэх асуудлаар санал хурааж эхэллээ.


19:18

30 минутын дараа санал хураалт эхэлнэ

Тусгаар тогтнолын ордноо Бага хурал үргэлжилж байна. Засгийн газрыг хамтран байгуулах тухай асуудлаар намын гишүүд санал бодлоо хэлж буй бөгөөд яг одоогоор санал сэтгэгдэл хэлж байгаа нийт 24 гишүүдээс 5 гишүүн үг хэлэх үлдэж байна. Ийнхүү үг хэлсний дараагаар санал хураалт эхлэх бөгөөд ойролцоогоор 30 минутын дараа санал хураалт явах юм.


17:58

“Зөвшилцлөөс ухарвал Засгаас гарна”

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хурлын уур амьсгал тайван, ямарваа нэгэн “сюрприз”-гүйгээр аядуухан үргэлжилж буй бөгөөд дийлэнх гишүүд засагт хамтран ажиллах нь зүйтэй гэдэг дээр нэгдэж буй аж.  Үүнтэй холбоотойгоор зөвшилцлийн үр дүнг баталгаажуулах, АН нь зөвшилцөж тохирсноосоо ухрах юм бол хэрхэх тухай яриа өрнөсөн байна. Тухайлбал, Р.Буд нарын гишүүд зөвшилцлөөр тохирсон асуудлын баталгааг хэрхэн хангах тухай ярьж байв. Уг асуудлаар Бага хурлын гишүүн Р.Будаас тодруулга авсан бөгөөд тэрээр ”АН –ын зүгээс МАН-д хамтран засгаа байгуулах санал хүргүүлснийг нь дэмжихээс аргагүй. МАН ард түмний эрх ашгийг тэргүүнд тавих ёстой. Гэхдээ АН зөвшилцлөөсөө ухарвал эргээд Засгаас гарч болно гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.


17:56

МАН-ын хоёрдугаар бага хурлын гишүүд хуралдаанаа эхлүүллээ. Хурлын гишүүд санал шүүмжлэлээ үргэлжүүлж байгаа ажээ.


17:15

МАН-ын бага хурал түр завсарлалаа. Хуралдаан 18 цагаас үргэлжилнэ.

Завсарлагааны гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.


17:14

Намын мөрийн хөтөлбөр зогсоно

Хоёр намын зөвшилцөх ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сая мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын бага хурлын индрээс хэлсэн үгэндээ “Энэ парламентийн үлдэж буй 1,6 жилийн хугацаанд хамтарсан бодлого хэрэгжинэ. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр зогсч, эдийн засгийн хямралаас гаргах 1,6 жилийн хөтөлбөр хэрэгжинэ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хуулийн асуудлаар зохицсон. Тухайлбал, сонгуулийн санал тоолох машинаас гарсан дүнг давхар гараар тоолж байна гэдэгт зөвшилцсөн” хэмээн мэдэгдлээ.


17:13

Ерөнхий сайд илгээлт хүргүүлжээ

Дөнгөж сая МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Т.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын гишүүн С.Баяр, Ц. Нямдорж нарыг хуралдааныг орхиж гарсан гэх мэдээллийг үгүйсгээд одоогоор МАН-ын бага хурал ямар нэгэн маргаан, мэтгэлцээнгүй үргэлжилж байгааг тодотгожээ. Дээр нэр дурдсан хоёр УИХ-ын  гишүүн хуралдаа сууж байгаа ажээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын бага хурын гишүүдэд хандан илгээлт хүргүүлснийг хурал зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлжээ.  Илгээлтэд МАН-ын бага хурлын гишүүд хоёр нам Засгийн газарт хамтран ажиллахыг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.


16:55

Сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байна

МАН-ын бага хурлын дундуур зөвшилцөх ажлын хэсгийг ахалсан Су.Батболд мэдээлэл хийлээ. Ажлын хэсэгт МАН-ын зургаан гишүүн ажилласан бөгөөд өчигдөр оройн 23 цаг хүртэл ажиллаад, хоёр намын ажлын  хэсгийнхэн зөвшилцөлд хүрч, гарын үсэг зурсан байна. Ажлын хэсгийн зөвшилцсөн гол асуудал эдийн засаг байсан. Эдийн засгийн хямралаас гарах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран  хэрэгжүүлэхээр болжээ. Уул уурхайн ордуудын тухайд хоёр талын ажлын хэсгийнхэн нэг ойлголтод хүрчээ. Оюутолгойн хувьд одоогийн нөхцөлийг бууруулахгүйгээр хуулийн хүрээнд асуудлыг урагшлуулах боломжтой гэж үзсэн байна.  Монгол Улсын гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хүндрэлээс гарахаар тохирчээ. Мөн Үндсэн хуулийн болон  сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр нээлттэй хамтарч ажиллахаар болжээ.

МАН-ын бага хурал хаалттай байдлаар үргэжлилж байна. Хурлын таним руу сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байна.


16:18

МАН-ын бага хурал үргэлжилсээр байна. Хурлын дундуур хоёр намын зөвшилцлийн ажлын хэсгийг төлөөлөн гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Намуудын ажлын хэсгийн уулзалт өндөрлөж гарын үсэг зурцгаасан. Сайд нарын томилгоо тохиролцооны асуудал яригдаагүй. Өрийн таазыг нэмэхгүй гэх зэрэг МАН-ын тавьсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн" гэсэн юм. Бага хурлын өмнө хуралдсан удирдах зөвлөлийн хурал дээр санал хураалт явуулахад 94 хувь нь хамтарч засаг байгуулахыг дэмжсэн аж.


16:05

С.Баяр, Ц.Нямдорж нар Бага хурлыг орхин гарсан уу?

МАН шинэ Засгийн газарт хамтран ажиллах эсэх асуудал тус намын өнөөдөр болж буй Бага хурлаар тодорхой болно. Гэвч намын лидерүүд болох экс Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нар Бага хурлыг орхин гарсан зарим эх сурвалж мэдээлснийг УИХ-ын гишүүн  Ё.Отгонбаяр твиттерт жиргэв. Тэд хурлыг орхиогүйгээр үл барам хоёр нам Засгийн газарт хамтран ажиллахыг дэмжиж үг хэлсэн байна.

Ц.Нямдорж энэ долоо хоногийн эхээр мэдэгдэхдээ “Хэрэв МАН АН-тай хамтарч Засгийн газарт орох юм бол намаасаа гарна” хэмээсэн юм.


16:00

МАН-ын Шинэчлэлийн хорооныхон тодорхой найман шаардлагыг хангасан тохиолдолд МАН АН-тай хамтрарч Засгийн газар байгуулах боломжтой гэдгийг илэрхийлсэн байна. Тухайлбал Ерөнхийлөгчийн УИХ-аас, харин Засаг даргыг иргэдээс сонгодог болох, УИХ-ын гишүүдийг холимог бус 76 мажоритар тойргоос сонгодог тогтолцоог сэргээх, сонгуулийн саналыг автомат машинаар тоолсныг гар аргаар баталгаажуулан тоолж байх гэх мэт саналуудыг гаргасан байна.


15:38

52,6 хувь нь хамтрах нь зөв гэжээ

МАН-ынхан засагт хамтрах эсэх асуудлаар иргэдээс судалгаа авчээ. Энэ судалгааных нь дүн ч Бага хурлын шийд гаргахад нөлөөлнө хэмээн тооцож. Ингээд Стратегийн академид захиалга өгч, 9 дүүрэг, 10 аймагт 2500 иргэдийг хамруулсан судалгаа хийлгэжээ. Судалгааны дүнг тус академийн захирал Я.Төмөрбаатар танилцуулсан бөгөөд “Судалгаанд оролцогчдын санал улсын хэмжээнд нийлбэр дүнгээр 52,6 хувь нь хамтарч засаг байгуулах нь зүйтэй хэмээсэн байна” гэж танилцуулсан юм. Уг судалгааг арваннэгдүгээр сарын 25-27-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотод хамтрах нь зүйтэй гэх санал давамгайлсан бол орон нутагт эсрэг санал давамгайлж. Мөн боловсролын түвшнээр нь санал өгсөн байдлыг нь харвал бүрэн дунд, дээд боловсролтой иргэд хамтран засаг байгуулах нь зүйтэй, боловсролгүй, бага боловсролтой иргэдийн хувьд хамрах хэрэггүй хэмээх санал давамгайлсан аж.

Судалгааны дүнг ЭНД дарж үзнэ үү.


14:50

Хурал хаалттайгаар үргэлжилсээр байна. МАН-ын бага хурлын өмнө хуралдсан удирдах зөвлөлийн хурлаас засагт хамтрах нь зүйтэй гэх чиглэл гарсан тул энэ удаагийн хурлын ерөнхий чиг тодорч буй бололтой. Яг одоо МАН-ын дарга улс төрийн илтгэлээ танилцуулж байна.


14:08

Бага хурлыг С.Бямбацогт даргалж байна

Өчигдрөөс хойш тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор байсан МАН-ын бага хурал дөнгөж сая эхэллээ. МАН-ын Удирдах зөвлөлийнхөн өнөө өглөө шуурхай хуралдаж, 13 цагаас МАН-ын бага хурлыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Гэсэн ч бага хурал 13 цагт биш дөнгөж сая эхэлж байна. МАН-ын бага хурал 310 гишүүнтэй ч одоогийн байдлаар 250 орчим гишүүд цуглажээ. Тусгаар тогтнолын ордны их танхимд болж буй бага хурал хаалттай болох учраас сэтгүүлчдийг оруулахгүй байгаа ажээ.

МАН-ын Бага хурлыг С.Бямбацогт даргалж байна. Харин нарийн бичгийн даргаар Өвөрхангай аймгийн МАН-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүлэгч, Бага хурлын гишүүн н.Алтанзагас нарыг сонгожээ.


12:49

Шийдлээ нэгтгэх хурал

Удахгүй МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордноо эхэлнэ. Хамтран засаг байгуулах эцсийн шийдвэрийг Бага хурлаас гаргана хэмээсний дагуу ийн хуралдах гэж байна. Үндсэндээ шийдээ гаргачихсан, нэгтгэх гэж буй хэмээн ажиглагчид ам нэгтэй тодорхойлж байгаа.  Угтаа тус намын хичээн эрмэлзэх зүйлийн гуравдугаар бүлэгт “үндэсний зөвшилцлийг эрхэмлэнэ” гэж заасан байдаг бөгөөд үүнийг зарчмаа болгож шийдлээ гаргана гэдэгтэй санал зөрөх гишүүд цөөн гарах болно. Мэдээж цөөнх, эсэргүүцэгчид гарч ирэх нь тодорхой. Ц.Нямдорж нарын цөөн гишүүдийн хувьд намын нэр хүндэд нь нэгдэх нь тохиромжгүй гэж байгаа. Гэсэн хэдий ч хамтрахыг эсэргүүцэгчдийн ярилцлагуудаас үндэслэлийг нь харвал намын эрх ашиг хөндөгдөх зүйл л бий. Гэвч энэ удаагийн хамтран засаг байгуулах нь зүйтэй гэх шийдвэрийг “намын биш улс орны эрх ашиг” хэмээн тодорхойлж буй. Тэгээд ч МАН засагт хамтрах шийдвэрийг эсэргүүцэх ашигтай биш, эдийн засгийн хүндрэл, улс оронд асуудал ихтэй энэ үед тэднийг сандал суудлын төлөө очсон гэдгээс илүү ажил асуудлыг шийдэхээр очиж байна хэмээн харах болно.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн хамтран засгаа байгуулах саналыг хэрхэх талаар АН, МАН-ын хооронд зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр орой  22.00 цагийн үед өндөрлөсөн. Ажлын хэсгүүд Засгийн газарт хамтрах эсэх болон улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг эрсдэл багатайгаар даван туулах зэрэг асуудлуудаар тодорхой зөвшилцөлд хүрч зөвшилцлийн протоколоо эцэслэн баталж солилцсон бөгөөд гишүүн Ё.Отгонбаяр энэ талаар “Хоёр намын ажлын хэсгүүд хэлэлцээний протоколоо эцэслэлээ. Маргааш намын бага хурлын мэргэн оюун шийдэх болтугай” хэмээн мэдээлэл дуулгасан нь ч бүх зүйл “төлөвлөгөөний дагуу” явж буйг харуулсан хэрэг байлаа.

Ямартай ч энэ удаагийн хурлаар үр дүнд нөлөөлөхүйц “гэнэтийн бэлэг” гарахгүй биз. Шүүмжлэгчид үгээ хэлдгээрээ хэлж, шийд гардагаараа гарах л болно.


09:52

МАН-ын бага хурал 13 цагаас эхэлнэ

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, бага хурлаа 13 цагаас хуралдуулах шийдвэрт хүрчээ. МАН-ын бага хурлыг өчигдөр хуралдуулахаар товлосон ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсан юм. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, МАН-ынхан АН-тай ойлголцолд хүрч, хойшид хамтран ажиллахаар болсон бололтой.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж