
Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг энэ жилийн төрийн ёслол хүндэтгэлийн концертод Төрийн соёрхолт З.Хангалын зохиосон “Салхит шувуу”-г найруулж тайзнаа цоо шинээр амилуулах гэнэ. Сэтгүүлчид түүнд цөөн асуулт тавьж, дараах хариултыг авав.
-Эх орондоо ирэхэд өөрчлөгдсөн зүйл ажиглагдав уу?
-Ирэх болгонд сэтгэлд дотно байдаг. Хэдий бусад орнууд барилга ,байшин, дэд бүтэц гээд бүх зүйлээрээ хүний сэтгэлийг татахаар ч, миний эх орны салхи шиг задгай салхи хаа ч байдаггүй. Тухайлбал, Япон маш цэвэрхэн ч цаанаа л сонин үнэртэй. Тэгэхэд манайд хог харагдаж байгаа ч үнэргүй. Сая ирэхэд зам их сайхан засч эхэлжээ. Өчигдөр дөнгөж ирсэн болохоор бусад нарийн ширийнийг мэдсэнгүй.
-Та дэлхийн хүн боллоо. Таны цалинг нууц биш бол сонирхож болох уу?
-Урлагийн хүн хэзээ ч цалингийн хойноос явдаггүй. Модон тайз байсан ч би бүтээлээ хамгийн шилдэг толилуулах л болно. Тийм аймаар баян хүн би биш ээ.
-Та энэ жил өөрөө ирж монголчууддаа бэлэг барилаа. Өөр төлөвлөж байгаа сюрприз байна уу?
-Мэдээж эх орныхоо тайзнаа тоглох сайхан. Монголчууддаа зориулж бие даасан уран бүтээлээ хүргэх зорилго бий гэв.
Харин гавьяат маань хотын даргатай уулзах үедээ “Дараа жил Их Монгол Улс байгуулагдсаны 805, Хүннү улс байгуулагдсаны 2200, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр гээд тэгш ойнууд тохиож байна. Энэ үеэр дэлхийн сонгодог урлагийн, тэр дундаа топ бүжигчдийг Монголын тайзнаа урих бодол бий. Энэ тухайгаа театрынхаа удирдлагад хэлсэн. Тэд ч дэмжсэн” гэв. Хотын мээр “Хотын зүгээс тусалж дэмжих бүх зүйлд хамтран ажиллахад бэлэн байна. Маш сайхан бэлэг байх болно” хэмээлээ.