Еврозоныхон төсвөө зарцааж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Еврозоныхон төсвөө зарцааж байна

Европт цаг агаар бөгчим халуун байгаа ч санхүүгийн нөхцөл байдлаа царцааж байна. Грек, Итали, Испани төсвийн ажилтнуудынхаа цалинг царцааж  (ямар нэг нэмэгдүүлэх, бууруулах өөрчлөлт оруулалгүй хэвэнд нь барих арга хэмжээ) байна. Унгар төсвийн зарцуулалтаа царцааж, бусад олон зардлаа танаж байна. Үүнд нийгмийн халамжийн, Засгийн газрын, орон  нутгийн төсвүүд багтаж байгаа. Өнгөрсөн сард Грек төсвөө танах бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш Европын улс орнууд төсвийн хатуу бодлого хэрэгжүүлэх арга хэмжээ авч эхлээд байна. Улс орон бүрийн нөхцөл байдал өөр. Гэсэн ч төсвөө чангалах арга хэмжээнүүд нь хоорондоо нэлээд төстэй байна. Еврозоны улсууд төсвийн ажилтнуудынхаа цалингийн нэмэгдлийг зогсоож, нийгмийн даатгал, мөн бусад татварын бодлогодоо өөрчлөлт оруулаад байна.

Эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь тийм ч амар биш. Олон улс оронд эсэргүүцлийн жагсаалууд болж байна. Түүнчлэн зарим эдийн засагчид төсвийн зарцуулалтыг чангалах арга хэмжээ авах нь эдийн засгийн сэргэлтийг улам удаашруулах буюу алга болгоно гэж болгоомжилж байна. Хэнийх нь зөв болохыг цаг хугацаа харуулах болно. Олон Улсын Валютын Сан (ОУВС) еврозоны улс орнуудын авч байгаа арга хэмжээний талаар дараах судалгааг хийсэн байна гэж “BBC” агентлаг дамжуулж байна.

Грек: Грек одоо ДНБ-ийхээ 13.6 хувь байгаа төсвийн алдагдлыг 2014 он гэхэд 2.6 хувь болгох зорилт тавиад байна. Европын холбооны хамгийн өрсөлдөх чадвар багатай улс болох Грек хамгийн өгөөмөр цалин, тэтгэврийн системтэй. Цалин, тэтгэвэр урамшуулал Грекийн засгийн газрын төсвийн зарцуулалтын 75 хувийг эзэлдэг бөгөөд тус улсын бүтээмжнээс илүү хурдан өсч байна. Засгийн газрын зардлаа багасгахын хамтаар Грек төсвийн байгууллагын ажилтнуудынхаа тоог цомхотгож, цалинг нь царцааж, төсвийн ажилтнуудад жилд хоёр сарын цалин нэмж өгдөг байсан уламжлалыг болиулах шийд гаргаад байна.  
Грек мөн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа бөгөөд тухайн ажилтан нийтдээ хэдэн жил ажилласан бэ гэдгээс хамаарч тэтгэвэрт гаргах болно. Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг 60 болгож нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь одоо байгаа хязгаараас 5-10 жилээр нэмэгдэж байгаа юм. Грек мөн тэтгэврийн хэмжээгээ бууруулж байгаа бөгөөд өндөр орлоготой тэтгэвэр авагчид 10 хувийн татвар төлөх болно. Мөн нэмэгдсэн өртгийн татвар болон түлш, тамхи, янжуурт ноогдуулах татвараа нэмэгдүүлж байна.

Унгар: Санхүүгийн хувьд илүү сахилга баттай бодлого баримтлах болно гэж ОУВС-тай 2008 онд тохиролцож байсан. Гэвч тус улсын санхүүгийн нөхцөл байдал Грекийнх руу дөхөж байна гэж олон эдийн засагч үзэж байгаа бөгөөд Унгарын шинэ ерөнхий сайд тус улсад богино хугацаанд олон өөрчлөлт хийх шаардлагатай тулгараад байна. ОУВС-тай тохиролцсон тохиролцооноос гадна Унгарын Засгийн газар төсвийн ажилтнуудынхаа цалинг 15 хувиар танах шийд гаргасан ба банкнуудын орлогод гурван жилийн хугацаатайгаар шинэ ашгийн татвар ноогдуулж байгаа бөгөөд Засгийн газрынхаа зарцуулалтыг царцаах шийд гаргаад байгаа.

Ирланд: Ирланд ДНБ-тэй харьцуулсан төсвийн алдагдлаа одоо 12 хувь байгааг 2015 он гэхэд таван хувь орчимд барина гэсэн зорилт дэвшүүлээд байна. Ирланд төсвийн зарцуулалтаа танах бодлого баримтлаад жил гаруй болж байгаа юм. Үүний хүрээнд татвараа нэмэгдүүлж, төсвийн ажилтнуудын цалинг 5-15 хувь танаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн салбарт зарцуулах зардлаа бууруулаад байна.

Итали:
Тус улс 2011-2012 оны төсвийн зарлагаа 24 тэрбум еврогоор бууруулах зорилт тавиад байна. Үүнийг ОУВС “тийм ч хангалттай том зорилт биш байна” гэж дүгнэсэн. Итали төсвийн байгууллагын ажилтнуудынхаа цалинг гурван жилийн хугацаатай царцаах шийд гаргасан ба төсвийн байгууллагаас гарсан ажилтнуудын орон тооны 20 хувьд л шинээр хүн ажилд авах ба хот, бүсүүд зардлаа танаж, татвараас зайлсхийх явдалтай тэмцэнэ гэж мэдэгдсэн. Түүнчлэн тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмэгдүүлж байгаа бөгөөд тэтгэвэрт гарах дундаж нас 61 болж байна.

Португаль: Португалийн засгийн газар төсвийн алдагдлаа одоо байгаа 7 хувиас бууруулж 2011 онд ДНБ-ний 4.6 хувьд барина гэсэн зорилт тавиад байна. НӨТ болон орлогын татвар, ашгийн татваруудаа тус бүрд нь 1-2.5 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн төсвийн байгууллагуудын дээгүүр албан тушаалтнууд болон улстөрчдийн цалинг 5 хувиар танах шийд гаргасан байна. Үүний хамт төсвийн байгууллагын ажилчдын цалинг царцаах шийд гаргасан.

Испани: Испанийн Засгийн газар энэ жил төсвийн алдагдал нь 9.3 хувь байгааг ирэх жил гэхэд ДНБ-ний 6 хувь болгож бууруулахыг зорьж байна. Ойрын үед төсвийн зардлаасаа 15 тэрбум еврогийн хэмнэлт гаргахыг зорьж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн байгууллагын ажилчдын цалинг 2010 онд 5 хувиар танаж, харин ирэх жил царцаах арга хэмжээ авах гэж байна. Эрүүл мэнд, боловсрол, өндөр настны халамжаас бусад төсвийн байгууллагуудаас ажлаас гарсан хүмүүсийн орон тооны зөвхөн 10 хувьд нь л шинээр хүн ажилд авах болно.
Франц: Францын ерөнхий сайд Франсуа Филлон тус улс төсвийн алдагдал нь одоо 8 хувь байгааг 2013 он гэхэд 3 хувь болгож бууруулах болно гэж мэдэгдсэн. Мөнгөөр илэрхийлбэл Франц төсвийн алдагдлаа 100 тэрбум еврогоор багасгах зорилт тавиад байна. Түүний 85 тэрбум еврог Засгийн газрын зардлаа танаж, татварын цоорхойг хааж, эдийн засгийн өсөлтөөс орлого нэмж олох замаар танах болно гэж үзэж байгаа бол үлдэх 15 тэрбум еврог эдийн засаг сэргээхэд зарцуулж байгаа төсвөө зогсоосноор хэмнэх болно гэж үзэж байна. Үүнээс гадна Францын засгийн газар үйл ажиллагааныхаа зардлыг 10 хувиар бууруулах болно гэж Францын ерөнхийлөгч Николас Саркози мэдэгдсэн.
Энэ долоо хоногийн сүүлээр Франц тэтгэврийн системээ шинэчлэх тухай төлөвлөгөө танилцуулах бөгөөд Францын тэтгэврийн систем ирж буй арван жилүүдэд алдагдалтай байх болно гэж эдийн засагчид тооцоолж байна. Тэтгэврийн системийн нэг өөрчлөлт нь тэтгэвэрт гарах нас бөгөөд энэ саналыг Францын үйлдвэрчний эвлэлүүд эрс эсэргүүцэх төлөвтэй байна. Одоо мөрдөж байгаа хуулиар 40 жил ажил хийсэн Францын иргэн 60 настайдаа тэтгэвэрт гарч байгаа.

Герман:
Хэдийгээр Герман еврозоны бусад орнуудаа бодвол эдийн засгийн хувьд хамгийн хүчтэй байгаа ч Канцлер Ангела Меркель урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Меркель төсөв танах хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа зарласан бөгөөд 2013 он гэхэд Германы төсвийн алдагдал одоо ДНБ-ныхээ 5 хувь байгааг 3 хувь болгож бууруулах ба 2014 оноос өмнө 80 тэрбум еврогийн зардал хэмнэх болно гэж мэдэгдсэн.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Германы засгийн газар эцэг эхчүүдэд олгож байгаа нийгмийн халамжийн тэтгэлгийг танаж, ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Төсвийн салбарт 10,000 ажлын байрны цомхотгол дөрвөн жилийн дотор хийх бөгөөд Германы зэвсэгт хүчний тоог цөөрүүлэхээ мэдэгдсэн байна. Татварын хувьд гэвэл Герман татвараа бууруулах ба харин цөмийн түлш үйлдвэрлэгчдэд болон санхүүгийн гүйлгээ хийдэг үйлчилгээнд шинээр татвар оноох болно.

Нэгдсэн Вант Улс: Зургадугаар сарын 22-нд шинэ Засгийн газар яаралтай нөхцөл байдлын төсвөө зарлах болно. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Их Британийн төсвийн алдагдал багасгах арга хэмжээ нь бүх иргэнд олон жил, магадгүй олон арван жил нөлөөлөх үр дагавар авчирж болзошгүй гэж мэдэгдсэн. Их Британийн засгийн газар ойролцоогоор нэг триллион ам.долларын өртэй бөгөөд энэ хэмжээ ойрын таван жилийн дотор хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна. Тэр үед Их Британийн Засгийн газар зөвхөн өрнийхөө хүүнд жилд 100 тэрбум ам.доллар төлөх хэрэгтэй болно. Энэ нь одоо төлж байгаа хүүгийн төлбөрөөс 67 хувиар илүү гэсэн үг юм.

Түүнчлэн Их Британи төсвийн салбарт цомхотгол хийх болно. Өнгөрсөн жилүүдэд Их Британийн хувийн салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн тоо 3.7 хувиар буурсан байхад төсвийн салбарт ажиллаж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн. “Бид төсвийн салбарыг буцааж шугаман дотор нь оруулах болно. Хэрвээ бид эхнээсээ баланстай байсан бол ийм хүнд хэцүү алхам хийхгүй байх байсан”. Гэхдээ нийгмийн эмзэг хэсгийнхнийг хамгаалах болно гэж Их Британийн ерөнхий сайд Камерон ярьсан. Төсвийн зарцуулалт танах үйл ажиллагаанд төрийн санхүүжилттэй эрүүл мэндийн үйлчилгээ, гадаад зээл тусламжийн сектор илүү өртөх бололтой гэж “CNN” агентлаг мэдээлж байгаа.

Төсөв танах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг энэ оны 11 дүгээр сард зарлах бөгөөд түүний дараа урт хугацаандаа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зүйтэй талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохиох болно гэж Их Британийн ерөнхий сайд ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж