Жил гаруйн өмнө МАН XXVII Их хурлаа хуралдуулан Улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагуудтай үндэсний зөвшилцөлд хүрч, хамтран ажиллах уриалга гаргасан юм. Өдгөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамтран ажиллах саналд хариу өгөөгүй байгаа бөгөөд Бага хурлаараа тодорхой шийдвэр гаргаж Засагт хамтрах эсэхээ шийднэ гэсэн байр суурьтай байгаа аж. Гэхдээ МАН Их хурлынхаа шийдвэрийг Бага хурлаараа үгүйсгэж, шийдвэр гаргахгүй нь тодорхой. МАН жилийн өмнө ийм уриалга гаргаж байжээ.
УРИАЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгч,
Монгол Улсын Их Хурал,
Монгол Улсын Засгийн газар,
Улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллага,
Ард иргэдээ!
Монгол Ардын Намынээлжит XXVII Их Хурал хуралдаж, Монгол Улсын нийслэл, дүүрэг, хороо, бүх аймаг сум, багийн төлөөлөл болсон намын гишүүн 1121 төлөөлөгч хуран чуулж, улс орныхоо нийгэм, улс төр эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид улс орныг эрчимтэй хөгжүүлэх дунд хугацааны зорилтуудыг дэвшүүлж хэлэлцэн дэмжлээ.
Манай нам улс орныхоо язгуур эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө олонхи болсон үедээ цөөнхтэйгээ эрх мэдлээ хуваалцаж, үндэсний эв нэгдэл, улс төрийн соёл, тогтвортой байдлыг ямагт эрхэмлэн дээдэлж, намын эрх ашгаас төр түмнийхээ эрх ашгийг дээгүүрт авч үзэж ирсэн улс төрийн туршлагатай ууган хүчин билээ…
Улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд эрх баригч хүчний явуулж буй бодлого үйл ажиллагаа хэт улс төржиж, төрийн бодлогын залгамж чанар алдагдах өрөөсгөл хандлага газар авлаа. Энэ нь улс орны эдийн засаг, ард түмний амьдрал хүндрэхэд шууд нөлөөлж байгаа нь бодит үнэн.
Тиймээс Монгол Ардын Намын 27-р Их хурал улс орны өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж дараахь Уриалгыг гаргаж байна.
Нэг. Улс орныг тогтвортой хөгжүүлэх хөгжлийн загвар, хөтөлбөрийг хамтран боловсруулж, төрийн баримт бичиг болгон баталж, түүнийгээ аль ч нам Засгийн эрх барих үедээ хэлбэрэлтгүй мөрддөг болох санаачлага гаргаж байна.
Хоёр. Улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагуудтай үндэсний зөвшилцөлд хүрч, хамтран ажиллахыг Та бүхэнд уриалж байна.
Туурга тусгаар Монгол Улсын төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.
Монгол Ардын Намын XXVIIИх хурлын төлөөлөгчид
2013 оны 10 дугаар сарын 28